Архангай аймгийн Ихтамир суманд шүлхий гарчээ
- 2018-04-01
- Орон нутаг
- 0
Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгойн багийн Нарийн Өлөнт хэмээх газар иргэн П.А, С.Д нарын хотонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул 3-р сарын 29-ний өдрөөс эхлэн Ихтамир суманд хорио цээрийн дэглэмийг тогтоолоо.
Сумын Онцгой комиссын хуралд аймгийн Засаг дарга оролцож тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна. Өвчний голомтын 15 км-ийн сэжигтэй тойрогт нийт 20 өрхийн 8877 толгой мал байгаа бөгөөд эхний ээлжинд 5 км-ийн тойргийн голомтын бүсд байгаа 2 өрхийн 1315 малын 225 үхэрт аймгийн мал эмнэлгийн нөөцөд байгаа 500 тун вакцинаар вакцинжуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Улсын мал эмнэлгээс 1000 тун вакцин ирэх юм байна. Аймгийн Засаг дарга шүлхий өвчин гарах болсон шалтгааныг яаралтай тогтоохыг аймгийн Тагнуулын газар болон Цагдаагийн газарт үүрэг болголоо.
Ихтамир сумын Онцгой комиссын хурлаар “Голомтын бүсийг тойруулж суурин 2 пост, хөдөлгөөнт 2 эргүүлийг ажиллуулах, өвчилсөн малыг өнөөдрөөс эхлэн устгах, Ихтамир сумын ШТС-уудын үйл ажиллагааг хязгаарлах, зам дагуух бүх цайны газрын үйл ажиллагааг зогсоох, багийн дарга нарыг малчдад мэдээллийг маш хурдан хүргэх, зөв мэдээлэл өгөх, голомтод ажиллах хүмүүст шүлхий өвчний талаарх мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааврыг өгч ажиллах, жирэмсэн эх, хүүхэд, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа эсэхийг даруй судалж гаргах, өвчний голомтын бүсд машины хөдөлгөөнийг хорих, сумын төвд ариутгал, хяналтын цэгийг байгуулах” зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллах шийдвэр гарлажээ.
Мөн Ихтамир сумын ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 21 хоногоор карентилж, сумын төвд ямар нэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглов.
Сэтгэгдэл (0)