Ким Жон Ун өмнөдөд хөл тавьсан БНАСАУ-ын анхны удирдагч болно

Хоёр Солонгосын сайд нарын төвшний уулзалтаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалтыг энэ сарын 27-нд хийхээр товлолоо. Энэ нь Солонгосын хойгийн түүхэн дэх удирдагчдын дээд хэмжээний гурав дахь уулзалт юм. Тодруулбал, 2000 оны зургаадугаар сард тухайн үеийн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, 2007 оны аравдугаар сард Хөх ордны тэргүүн О Му Хён нар БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Иртэй Пхеньян хотноо уулзаж байжээ. Харин энэ удаад хоёр улсын удирдагчийн уулзалт цэрэггүй бүсийн Пханмунжом тосгонд, БНСУ-ын талд харьяалагддаг Энхтайвны ордонд болох юм байна. Улмаар Ким Жон Уны хувьд 1953 оны Солонгосын дайнаас хойш БНСУ-ын газар нутагт хөл тавьсан Умардын анхны удирдагч болно гэдгийг ажиглагчид онцолж байна. Уулзалтын үеэр талууд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон хоёр Солонгосын харилцааны талаар голчлон хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээллээ. "Хэрвээ АНУ болон БНСУ Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад эхний алхмыг хийвэл цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзахад бэлэн" гэж Ким Жон Ун мэдэгдээд байна. Түүний мэдэгдлийг “Умардын тал буулт хийж эхэллээ” хэмээн ажиглагчид дүгнэсэн юм. Үүнээс гадна хоёр Солонгосын төлөөлөгчид ирэх лхагва гарагт дээд төвшний уулзалтын протокол, аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн асуудлаар ажлын хэсгийн уулзалт зохион байгуулахаар болжээ. Харин АНУ-ын Төрийн департамент "Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ахиц дэвшил гарч байгаад баяртай байна" гэж байр сууриа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Япон улсын Засгийн газар БНАСАУ-тай дээд төвшний уулзалт хийхийг зорьж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Хэдий тийм боловч одоогоор БНАСАУ-ын талаас ямар нэг хариу аваагүй гэж Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшихидэ Суга мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр Солонгосын удирдагчийн уулзалтыг анхааралтай ажиглаж байгаа аж. Тэрбээр "БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдэх хүртэл БНСУ-тай тохиролцоонд хүрсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг түр хойш тавина" гэж мэдэгдсэн. Цагаан ордны засаг захиргаа БНСУ-тай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээ эргэн харж, шинэчлэхээр харилцан тохиролцсон билээ.

АНУ-ын Төрийн тэргүүн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай ирэх сард уулзахаар урьдчилан товлосон. Тэрбээр энэ хэлэлцээрээр дамжуулан БНАСАУ-ыг цөмийн зэвсгээсээ татгалзахад нь Сөүлээс дэмжлэг авахыг зорьж байгаа гэж ажиглагчид онцолж байна. Дональд Трамп "Бид БНСУ-тай гайхалтай хэлэлцээрт хүрсэн. Өмнөх хэлэлцээр тааруухан нөхцөлтэй байв. Тиймээс бид Өмнөд Солонгос улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг эргэн харсан юм. Үр дүнд нь Сөүлээс ган, суудлын болон ачааны автомашиныг АНУ импортлох боломж бүрдлээ. Гэхдээ би энэ хэлэлцээрийг батлах үйл явцыг БНАСАУ-тай тохиролцох хүртэл хойшлуулна. Энэ хэлэлцээр бол гол хөзөр юм. Миний хувьд хэлэлцээр талуудад ижил тэгш байдлаар үйлчлэхийг шаардаж байгаа. Үүний зэрэгцээ бид БНАСАУ-тай харилцах харилцаанд анхаарал хандуулж байгаа. Цаашид юу болохыг анхааралтай ажиглах болно" хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, мөн Вашингтон дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас Дональд Трампын мэдэгдэлтэй холбоотойгоор ямар нэг тайлбар өгөөгүй байна. Үүнээс гадна Дональд Трамп гангийн импортод 25 хувь, хөнгөн цагааны импортод 10 хувийн татвар ногдуулахаар болсон юм. Мөн БНХАУ-ын 60 тэрбум ам.долларын импортод гаалийн татвар ногдуулахаа мэдэгдээд байна. Харин БНХАУ-ын худалдааны яам импортын татварыг нэмэгдүүлэх Дональд Трампын шийдвэрийг шүүмжилж, хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Хэдий тийм боловч энэ мэдэгдэлдээ хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна. Гэхдээ БНХАУ-ын Засгийн газар аль нэг сонголтыг орхигдуулахгүй гэдгийг онцолжээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)