Трамп Путинг урьсаны учир
- 2018-04-04
- Дэлхий
- 0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын төрийн тэргүүн Владимир Путинийг Вашингтонд уулзахыг урьжээ. Энэ талаар В.Путиний туслах Юрий Ушаков “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг Цагаан ордонд зохион байгуулахыг санал болгосон юм. Энэ бол сонирхолтой, нааштай санаа ч уулзах товыг хараахан хэлэлцээгүй байна. Харилцаа хэвийн үргэлжилбэл Цагаан ордны саналыг дэмжих болно. Д.Трамп Владимир Путинд хоёр талын уулзалт хийхийг өмнө нь санал болгож байсан. Уулзалтыг энэ жилийн хоёрдугаар хагаст л зохион байгуулах боломжтой” гэж онцолсон байна. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс “Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын төрийн тэргүүнтэй утсаар ярьсныхаа дараа ойрын хугацаанд уулзахаар болсноо мэдэгдсэн. Тэрбээр В.Путинтэй Цагаан ордонд уулзаж болох юм гэдгийг онцолсон юм. Бид хоёр талын уулзалт зохион байгуулахад тохиромжтой хэд хэдэн газар санал болгосон” хэмээснийг “The Guardian” сонинд уламжилжээ. Цагаан ордны тэргүүний санаачилгаар хоёр улсын Ерөнхийлөгч нар өнгөрсөн сарын 20-нд утсаар ярьсан юм.
Тэд Сирийн асуудал, Украины хямралыг хэлэлцэж, түүнчлэн АНУ-ын төрийн департаментын удирдлагад өөрчлөлт гарсныг харгалзан, хоёр тал цаашид холбоо барих талаар тохиролцжээ. Ерөнхийлөгч нар дээд хэмжээнд уулзалт хийж болох асуудлыг судлахад онцгой анхаарал тавьсан байна. Тэдний яриаг АНУ болон хилийн чинадад ихэд сонирхсон юм. Цагаан ордны Засаг захиргаа “Бүү баяр хүргэ” хэмээн томоос том бичсэн цаасыг түүний ширээн дээр тавьсан ч Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялсантай нь холбогдуулан В.Путинд баяр хүргэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдэж байгаагаар Америкийн төрийн тэргүүн В.Путинд баяр хүргэж, хоёр орны төрийн тэргүүнүүд үүсээд буй олон асуудлын талаар биечлэн уулзаж ярилцах нь зөв гэдэг дээр санал нийлсэн аж. Уулзалтыг зохион байгуулах товын талаар тодорхой зүйл яриагүйг Д.Песков онцолсон байна. ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүд өмнө нь биечлэн хоёр удаа уулзаж байсан юм. Тэд өнгөрсөн оны долдугаар сард Германы Хамбург хотноо болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр хоёр талын харилцаа, Сири болон Украины асуудлаар ярилцсан. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Вьетнамын Дананг хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд уулзаж, Сирийн асуудлаар гаргасан хамтын мэдэгдлээ зөвшилцсөн билээ. Үүнээс хойш хоёр улсын Ерөнхийлөгч нар хэд хэдэн удаа утсаар ярилцаж байсан юм. АНУ-ын Төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Вашингтонд урьсан талаар Кремль олон нийтэд мэдээлж байсан билээ. Энэ үеэр хоёр улсын удирдагч дипломат төлөөлөгчдийг албадан гаргах шийдвэрийн талаар санал солилцсон гэдгийг Кремлийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков онцолсон байна.
Хэрвээ Владимир Путин Вашингтонд айлчилбал, АНУ-ын хоёр намын хооронд үүсээд байгаа санал зөрөлдөөнийг улам нэмэгдүүлж болзошгүй гэж ажиглагчид харж байна. Учир нь, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийн улмаас АНУ, ОХУ-ын харилцаанд таагүй уур амьсгал зонхилох болсон юм. Дашрамд өгүүлэхэд, Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 3-4-нд Турк улсад айлчилж байгаа талаар “РИА Новости” агентлаг уламжиллаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албаны мэдээлснээр “Орос, Туркийн дээд хэмжээний хамтын ажиллагааны VII хуралдаан Анкара хотод болно. Хуралдаанаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв байдал, хамтарсан стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх явцыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн терроризмтай хамтран тэмцэх, Сири дэх нөхцөл байдал зэрэг бүс нутгийн болон олон улсад тулгамдсан асуудлыг хөндөх төлөвтэй байна” хэмээжээ. Айлчлалын хүрээнд В.Путин эрчим хүчний салбар болон бусад стратегийн төслүүд, олон улсын асуудлаар Ерөнхийлөгч Эрдогантай яриа хэлэлцээр хийх юм байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)