ОХУ пуужингаас хамгаалах систем туршлаа
- 2018-04-04
- Дэлхий
- 1
ОХУ пуужингаас хамгаалах шинэчилсэн системийг Казахстан дахь “Сары Шаган” сургуулилтын талбайд амжилттай туршлаа. Энэ тухай ОХУ- ын Батлан хамгаалах яамны “Красная звезда” сонин мэдээлсэн байна. Уг зэвсэглэлийг ОХУ-ын Астрахань тойрог дахь “Капустин Яр” зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс зөөвөрлөн авчирчээ. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах шинэ систем үүргээ амжилттай биелүүлж, байг хугацаанд нь устгаж чаджээ. Шинэ систем нь Оросын агаар, сансрын хүчний зэвсэглэлд байдаг бөгөөд Москваг агаарын болзошгүй цохилтоос хамгаалах зориулалттай аж. Мөн пуужингийн халдлагаас сэрэмжлүүлэх, сансрын орон зайд хяналт тавих үүрэг гүйцэтгэдэг байна. Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн хоёрдугаар сард пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн “ПРС-1М” пуужингуудыг амжилттай туршсанаа мэдээлж байсан юм. ОХУ- ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин шинээр бүтээж буй тив хоорондын тусгалтай баллистик пуужингийнхаа талаар “ОХУ цөмийн пуужингийнхаа төрөл, загварыг олшруулж байгаа. Барууныхны одоо ч эмээдэг ЗХУ-ын үеийн классик пуужин болох “Воевода”-аас авахуулаад олон шинэ загварыг өнгөрсөн хугацаанд Оросын эрдэмтэд зохион бүтээжээ. Эдгээр пуужингууд нь АНУ- ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг даван гарч хөнөөл учруулах чадвартай” хэмээсэн байна. Олон улсын зэвсгийн шинжээчдийн үзэж байгаагаар ОХУ- ын зэвсэглэлийн хүчин чадал Пентагоныг давжээ. Өөрөөр хэлбэл, АНУ суртал ухуулгаас бусдаар ОХУ-д ноцтой хохирол учруулж чадахааргүй хэмжээнд хүрсэн байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (1)
(103.9.90.50)
ОРОС ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ ГЭСНЭЭ ЁСООР БОЛГОЖЭЭ.