Д.Трамп технологийн салбарт дайн зарлав

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Манай улсын шуудан хүргэлтийн үйлчилгээ “Amazon” компанитай хамтарснаар алдагдал хүлээлээ. Тиймээс тус компанид ногдуулах татварын хэмжээг нэмнэ” хэмээв. Цагаан ордны тэргүүний мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш 5.2 хувиар унажээ. “Amazon” тэргүүтэй технологийн салбарын компаниуд Дональд Трампын шүүмжлэлд хэд хэдэн удаа өртсөн удаатай. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 50 тэрбум ам.долларын импортод 25 хувийн гаалийн татвар ногдуулахаар төлөвлөсөн. Энэ шийдвэрт БНХАУ-ын 1300 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг багтсан талаар АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мэдээлсэн билээ. Жагсаалтыг энэ долоо хоногт эцэслэн танилцуулах товтой байна. БНХАУ технологийн салбарт тэргүүлэх зорилгоор “БНХАУ-д үйлдвэрлэв 2025” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж Дональд Трампын засаг захиргаа үзжээ. Дональд Трамп “Бид БНХАУ-тай асуудалтай байгаа. Учир нь, тус улстай хийж буй худалдаанаас хүлээх алдагдал жилд 500 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс бид БНХАУ-тай хамтран ажиллаж, асуудлыг хэлэлцэх болно. Манай хоёр улсын харилцаа ч маш сайн байгаа. Бид цаашид энэ харилцаагаа хадгалахыг зорьж байна. Гэхдээ бид худалдааны алдагдлыг бууруулах чиглэлд арга хэмжээ авах ёстой. Үүнээс гадна оюуны өмчийн хулгай жилд 200- 300 тэрбум ам.долларт хүрлээ” гэж мэдэгдсэн байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)