БНХАУ АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авчээ
- 2018-04-06
- Дэлхий
- 0
АНУ 301 тоот шалгалтаар Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмсэнтэй холбогдуулан үүссэн маргаанаа шийдвэрлэхийг Дэлхийн худалдааны байгууллагаас анхаарууллаа. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн албаны сайтад татвар нэмэхээр санал болгосон барааны жагсаалтыг нийтэлсэн байна. Үүнд Хятадаас импортлох нийт 50 тэрбум ам.долларын өртөг бүхий 1300 төрлийн бараанаас 25 хувийн гаалийн татвар нэмж хурааж магадгүй байгаа юм. Энэхүү жагсаалтыг компьютерын тусламжтайгаар тооцоолон бодож гаргасан бөгөөд Хятадын экспортыг боомилж, Америкийн бизнесменүүдийн ашиг сонирхлыг хамгаалах болно гэдгээ Вашингтоны эрх баригчид мэдэгдсэн. Жагсаалтыг нягталбал, шингэрүүлсэн ураны хольцтой төмөрлөг, өндөр халуунд даацтай ваар шаазан, мөнгөн ус болон цацраг идэвхт бодисын нийлмэл бүтээгдэхүүнд хориг тавьжээ. Эдгээр барааны хэрэгцээг үл харгалзан үйлдвэрлэх явцад ихээхэн бохирдол бий болгодог тул экспортлохыг хориглох нь зүйтэй гэж үзсэн байна. Гэхдээ Хятадын хөгжилтэй уялдан дээрх бараа бүтээгдэхүүний дотоодын эрэлт хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, АНУ- ын Засгийн газар эдгээр бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар ногдуулсан ч Хятадын экспортлогчдод ноцтой хохирол учруулахгүй юм байна. Түүнчлэн Хятад улс ган, хөнгөн цагааны экспортоор АНУ-д тэргүүлэгч орнуудын тоонд багтдаггүй. Дональд Трампын Засгийн газар улс төрийн ашиг сонирхлоо харгалзан, дотоодын төмөрлөгийн үйлдвэрлэлээ хамгаалахын тулд Хятадын худалдааннд хязгаарлалт тавиад ч зорилгодоо хүрэхгүйг ажиглагчид онцоллоо. Дональд Трамп Хятад улсад худалдааны дайн зарлаж байгаа нь Америкийн төмөрлөгийн салбарт өөрчлөлт авчрахгүй. Мөн татвар нэмэх жагсаалтад өдөрт тутмын хэрэглээний механик, цахилгаан барааг оруулжээ. Газар нутаг, хүн амын тархалт, нийгмийн уламжлал, ажилчдын цалингийн төвшин өндөр зэргээс шалтгаалж бага оврын генератор, цахилгаан хэрэгсэл, зарим жижиг оврын боловсруулах машин АНУ-д эрэлттэй байдаг. Худалдааны маргааны үр дүнд жирийн иргэд, ялангуяа нийгмийн дунд, доод давхаргын хэрэглэгчдийн ачаалал нэмэгдэх болно. АНУ-ын эрх баригчид урт хугацааны стратегийн өрсөлдөөнийг тооцоолсон бол Хятадын тоон хяналтын систем, аж үйлдвэрийн робот, зай, бусад шинэ эрчим хүчний авто машины сэлбэгийн гаалийн татварыг нэмэхээс зайлсхийх байв. Татвар нэмснээр АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийн өртгийг даруй нэмэгдүүлэх болно. Учир нь Америкийн нутаг дувсгэр энэ төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн өртөг өндөр аж. Америкчуудад хямд үнэтэй сонголт үгүй болбол АНУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурах юм байна. Татвар нэмсэн бараануудын ихэнх нь химийн бүтээгдэхүүн, биохимийн бэлдмэл маш сайн ашиг орлоготой. Хэрэв АНУ-ын үйлдвэрлэгчид энэ салбарт худалдааг ивээхэд хүрвэл, маш сайн үр ашиг олох болно. Гэхдээ, ийм бараа бүтээгдэхүүний зах зээл АНУ-д төдийгүй дэлхийн бусад оронд ч байдаг. Хятадын тал нэгэнт хуулийн дагуу АНУ-ын бараа бүтээгдэхүүнээс ижил хэмжээний, адилхан арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Хятадын Худалдааны болон Сангийн яамны хамтарсан мэдэгдэлд “Америкийн тал олон улсын худалдааны дүрэм журмыг зөрчиж, Дэлхийн худалдааны байгууллагад өгсөн амлалтаасаа няцлаа. Хятадын хууль ёсны эрх ашигт халдаад зогсохгүй олон талт худалдааны системийг зөрчсөн Вашингтоны үйлдлийг эсэргүүцэж байна. Манай Засгийн газар хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж, БНХАУ-ын Гадаад худалдааны хуулийн үндсэн зарчмыг үндэслэн АНУ-ын шош зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, химийн бүтээгдэхүүн, нисэх онгоц зэрэг бүтээгдэхүүний гаалийн татварыг 25 хувиар нэмсэн” гэжээ. АНУ-ын эсрэг авч буй хариу арга хэмжээ нь тус улсын эдийн засгийг эрсдэлд оруулж магадгүйг шинжээчид таамаглаж байна. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газрын улс төрийн нөхцөл байдалд хүнд цохилт өгч болзошгүй юм.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)