Э.Макроны анхны сорилт “Хар мягмар гараг”
- 2018-04-07
- Дэлхий
- 1
Францын төмөр замчид Ерөнхийлөгч Э.Макроны хийж буй хөдөлмөрийн хуваарийг шинэчлэх бодлогыг эсэргүүцэн ажил хаялт зарлажээ. Төмөр замчдын эсэргүүцлээс улбаалан энэ сарын 3-нд эхэлсэн ажил хаялтад Францын эрчим хүч, хот тохижилтын ажилчид нэгдсэн юм. Улс орныг бүхэлд нь хамарч буй энэ үйл явдлыг олон улсын хэвлэлүүд “Хар мягмар гараг” хэмээн тодорхойллоо. Францын төрийн өмчит төмөр замын “SNCF” компанийн Үйлдвэрчний эвлэлээс долоо хоногийн ажлын таван өдрийн хоёрт нь ажил хаях бөгөөд энэ маягаар гурван сар үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.
Энэ удаагийн ажилчдын ажил хаялт бол Ерөнхийлөгч Э.Макронд тулгарч буй анхны том бэрхшээл гэдгийг эх сурвалжууд онцоллоо. Төмөр замчдын дөрвөн том үйлдвэрчний эвлэл ажил хаялтад нэгдсэн нь хямралыг улам хурцатгаж байгаа юм. Ингэснээр Парис болон хот хоорондын чиглэлийг цуцалж, эдийн засагт хохирол учруулаад байна. “Франс ньюс” агентлагийн мэдээлснээр, Парис хот орчмын галт тэрэгний зогсоолууд үүдээ барьж, “SNCF” компанийн машинистуудын 77 хувь нь ажил хаялтад нэгджээ. Үүнээс үүдээд хот хоорондын автобусны ачаалал эрс нэмэгдэж, Парисын хурдны замд түгжрэл үүсчээ. Ажил хаялт зөвхөн дотоодын тээврийг хамраад зогсохгүй олон улсын тээвэрт ч нөлөөлсөн юм.
Тухайлбал, Лондон-Парис чиглэлийн “Eurostar” галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Европын улсад аялал хийдэг “Thalys” өндөр хурдны галт тэрэгний компани Бельги, Голланд, Германы аяллаа хэвээр хадгалж Испани, Швейцарь, Италид хийх аяллаа цуцалжээ. Францын төмөр замын ажилчид Засгийн газраас төмөр замын салбарт хийх өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа ТАСС агентлаг “Үйлдвэрчний эвлэлээс үзэж байгаагаар төмөр замд өөрчлөлт хийх нь ажлын нөхцөлийг дордуулах гэнэ.
Түүнээс гадна төмөр замчид цалин хөлсөө нэмэхийг шаардан ажил хаясан” гэдгийг онцолсон юм. Францын хэвлэлд бичиж байгаагаар, ажил хаялт зөвхөн төмөр замын салбараар хязгаарлагдвал Э.Макронд айгаад байх шалтгаан үгүй гэнэ. Учир нь, олон нийтийг хамарсан сүүлчийн том ажил хаялт 1995 онд болсон ч эрх баригчид санасандаа хүрч, шинэчлэлээ хийж байсан удаатай. Нөгөөтэйгүүр, “Төмөр замын үйлчилгээний чанар сүүлийн жилүүдэд огцом муудсан учир автобусаар зорчих нь ихэсч, галт тэрэг явахгүй байсан ч амьдралд нь нөлөө үзүүлэхээ больсон” гэж зарим иргэн үзэж байна. Дээрээс нь Францын үйлдвэрчний эвлэлүүдэд нийт ажилчдын 11 хувь гишүүнчлэлтэй байдаг нь Европын холбооны бусад улстай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Францын Засгийн газрын хэвлэлийн албанаас “Төрийн өмчит “SNCF” компанийн ажилчдын нөхцөл сайн. Ажлын цаг бага бөгөөд жилд 28 хоногийн 13 дахь сарын цалин бодуулж авдаг. Бусад салбараас эрт тэтгэвэрт гарч, халагдах эрсдлээс хамгаалагдсан. Компанийн зүгээс ажилчдынхаа ар гэрийнхэнд үнэгүй зорчих тасалбар олгодог. Ерөнхийдөө тэдэнд ажил хаях шалтгаан байхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Харин тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ асуултад “Бид өөрсдийнхөө төлөө биш Францын нийт хөдөлмөрчдийн өмнөөс ажил хаяж байна” гэсэн тайлбар өгч байгаа ажээ. “SNCF” компани 46.6 сая еврогийн өртэй аж. Төрийн зүгээс компанид шинэчлэл хийж, 2023 он гэхэд өрсөлдөх чадвартай болгох зорилт тавин ажлаа эхэлсэн нь ажил хаялтын жинхэнэ шалтгаан байж болох талтай аж.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (1)
(139.5.216.151)
ERH TEGSH NIIGEMD ELITUUD TERGUULJ CHADAHGUI ORSOLDOONGUI BOLNO