М.Цукерберг Конгресст сонсгол хийхээр болжээ
- 2018-04-07
- Дэлхий
- 0
“Фэйсбүүк” компанийн удирдлага 87 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг “Cambridge Analytica” компанид дамжуулсан талаар эх сурвалжууд онцолж байна. Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хулгайлсантай холбоотойгоор тус компанийн эсрэг хатуу арга хэмжээ авна гэж Еврокомиссын хуулийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Вера Юрова мэдэгдлээ. Цуглуулсан мэдээллийнхээ үндсэн дээр хэрэглэгчдийн улс төрийн хандлагыг тодорхойлж, тэдний сонирхлын дагуу реклам явуулж байжээ. Массачусетс мужийн Ерөнхий прокурор Мара Хелей мэдэгдэхдээ, хоёр компанийн удирдлагын хувьд мөрдөн байцаалтыг эхлүүлсэн гэлээ. “Фэйсбүүк” компанийг үндэслэгч Марк Цукерберг судалгааны байгууллагад хэдэн сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг гаргаж өгсөн талаараа Конгрессийн гишүүдэд сонсгол хийхээр болжээ. ВВС телевизийн мэдээлснээр, сонсгол Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Эрчим хүч, худалдааны асуудал эрхэлсэн зөвлөлд энэ сарын 11-нд болох юм. “Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн хувийн мэдээллийн тухай чухал асуудлуудыг ил гаргаж ирэх, интернэт дэх хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд ямар эрсдэл учирч болохыг таниулах замаар америкчуудад туслах нь сонголын гол зорилго юм” гэж Эрчим хүч, худалдааны асуудал эрхэлсэн зөвлөлийн төлөөлөгч Грег Уолден мэдэгджээ. Сануулахад, “Фэйсбүүк” компанийг олон сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг Их Британийн “Cambridge Analytica” фирмд хууль бусаар гаргаж өгсөн гэж буруутгасан. Хамгийн сүүлд цацагдсан мэдээллээр, энэ тоо өсч, 87 саяд хүрчээ. Их Британийн фирм уг мэдээллийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан байх магадлалтай юм. “Фэйсбүүк”, “Cambridge Analytica” компанийн хоорондын холбоог албан ёсоор мөрдөн шалгаж эхэлснээ Массачусетс мужийн Ерөнхий прокурор Мара Хелей зарлажээ.
Х.Заяа
Сэтгэгдэл (0)