Москвагийн худалдааны төвд гал гарчээ
- 2018-04-07
- Дэлхий
- 0
Оросын Кемерово хотын худалдааны төвд гал гарч, 64 хүний амь насыг авч одсон золгүй явдал гарсан билээ. Москва хотын Соколиная гора дүүргийн худалдааны төв шатсан хэрэг гарчээ. Оросын Онцгой байдлын албаны мэдээлснээр, гал барилгын зургаан давхарт гарч, улмаар нэг хүн амиа алдан зургаан хүн гэмтэж түлэгдсэн байна. Гал барилгын дээд давхрын агуулахын хэсэгт гарчээ. Галынхан болон онцгой байдлынхан шуурхай ирж галыг унтраасан байна. Тэд галд өртөн гэмтэж түлэгдсэн хүмүүсийг түргэний машинаар ойролцоох эмнэлэгт хүргэх замд нэг хүн амьсгал хураажээ. Тэрээр шатсан барилгад ажиллаж байсан гэнэ. Түүнчлэн гал унтраах явцад зургаан гал сөнөөгч гэмтэж түлэгдсэн байна. Аврагчид барилгаас 60 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түймэрт барилгын ихэнх талбай шатсан байна. Оросын Мөрдөн шалгах комиссын мэдээлснээр, гал гарсан зургаан давхар барилгын эхний дөрвөн давхарт нь хүүхдэд зориулсан худалдааны төв ажиллаж, харин тав болон зургаа дугаар давхарт нь бөс барааны үйлдвэрийн агуулах байрлаж байжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)