Улс төрийн явуулга ба "ерөнхийлөгчийн хараал"
- 2018-04-09
- Дэлхий
- 0
БНСУ-ын 11 дэх Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хэргийг жил тойрон шүүж, 24 жилийн хорих ял, 17 сая ам.долларын мөнгөн торгууль ногдууллаа. Өмнөд Солонгос улс түүхэндээ анх удаа шүүхийн тогтоол танилцуулах үйл явцыг телевизээр шууд дамжуулан үзүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Пак Гын Хед төрийн нууц задруулсан, авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг нийт 18 зүйл ангиар ял оноохоор Прокурорын байгууллага төлөвлөсөн. Эдгээрээс 16 хэрэгт буруутай болохыг Сөүл хотын төвийн дүүргийн шүүх тогтоож, дээрх ял, торгуулийг оногдуулж байгаагаа баасан гарагт танилцууллаа. Прокуророос 30 жил хорих ял, 111 сая ам.долларын мөнгөн торгууль төлөвлөөд байсан юм. Хэдий Пак Гын Хегийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг танилцуулах явцыг улс даяар төв телевизээр шууд дамжуулахгүй байхыг шаардсан ч, энэ эсэргүүцлийг үл харгалзсан юм. “Шүүгдэгч нь ард түмний итгэл хүлээлгэн сонгосон Ерөнхийлөгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, нийгмийн эмх журам болон төрийн удирдлагын тогтолцоонд эмх замбараагүй байдал үүсгэсэн” гэж шүүгч Ким Се Юн шүүхийн тогтоолыг танилцуулжээ. Шүүхийн шийдвэр танилцуулахад Пак Гын Хе шүүх танхимд биечлэн байгаагүй бөгөөд Сөүл хотын төвийн дүүргийн шүүхийн шийдвэрийг долоо хоногийн дотор давж заалдах эрхтэй юм.
БОДИТ НОТОЛГООГҮЙ ШҮҮХИЙН ТОГТООЛ
Пак Гын Хег 18 зүйл ангиар буруутгаж, төрийн тэргүүн авлига, албан тушаалаа хэтрүүлсэн хэрэгт холбогдсон нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээсэн ч түүнийг дэмжигчид улс төрийн явуулгаа зогсоохыг шаардан Хөх ордны үүдэнд жагсчээ. Мөн улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгчийг дэмжсэн өмнөд солонгосчууд өнгөрсөн баасан гарагт шүүхийн танхимд ирсэн байна. Шүүхийн шийдвэр танилцуулах үеэр аюулгүй байдлыг хангах зорилгоор Сөүлийн шүүхийн барилгыг цагдаагийн 3300 алба хаагч бүслэн хамгаалжээ. Шүүх тогтоолоо танилцуулсны дараа цугласан иргэд Пак Гын Хег суллахыг шаардаж, үймээн дэгдээсэн байна. Тэд Пак Гын Хегийн зураг бүхий уриа барин жагсаж, түүнийг гэм буруугүй хэмээн хашгирчээ. “Мөрдөн шалгах явц улс төрийн явуулга байсан” гэж эдгээр хүмүүс үзэж байгаа юм. Мөн хэргийг шалгах явцад бодит баталгаа, нотолгоо олдоогүй гэж зарим шинжээч үзсэн. Учир нь, зөвхөн хувийн нарийн бичгээр нь ажиллаж байсан Ан Жон Бомын мэдүүлэг дээр тулгуурласан бөгөөд баримт нотолгоо цөөн байхад үндэслэлгүйгээр хүнд ял оноолоо гэжээ. Пак Гын Хег дэмжигчид БНСУ- ын Ерөнхийлөгч асан О Тэ Уд авлигын хэргээр 17 жилийн ял оноож байсныг дурдлаа.
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАРААЛ”
Өмнөд Солонгосыг 1948 оноос хойш удирдсан 12 Ерөнхийлөгчийн гурав нь шүүхээс ял сонссон байна. Мөн хоёр Ерөнхийлөгчийн хэргийг хуулийн байгууллага шалгасан ч хэрэг шүүхэд шилжилгүй хаагджээ. Эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр Прокурорын хаалга татсан БНСУ-ын Ерөнхийлөгчдийн талаар товч дуръя. ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭН ЧОН ДУ ХУАН БНСУ-ыг 1980-1988 онд тэргүүлсэн тав дахь Ерөнхийлөгч Чон Ду Хуаныг төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгаж байжээ. Өмнөх Ерөнхийлөгч Чой Кю Хаг 1979 онд төрийн эргэлтийн дүнд суудлаас нь буулгаж, 1980 онд Чон Ду Хуан өрсөлдөгчгүй Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Кванжу хотод болсон оюутны бослогыг дарах үеэр жагсагчдын эсрэг нисдэг тэрэгнээс гал нээсний улмаас 200 гаруй хүн амь эрсэдсэн байна. Энэ харгис үйлдлийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ жил хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлал гуйжээ. Сөүл хотын шүүх Чон Ду Хуаныг төрийн эргэлт хийсэн, олон хүний аминд санаатай хүрсэн, авлига авсан зэрэг хэрэгт буруутган 1996 оны наймдугаар сард бүх насаар нь хорих ял оноов. Хоёр жилийн дараа буюу 1998 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ким Дэ Жүний зарлигаар Чон Ду Хуаны хэргийг цагаатгажээ.
350 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН О ТЭ У
Улсаа 1988-1993 онд захирсан БНСУ-ын зургаа дахь Ерөнхийлөгч О Тэ У-г албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа, 1979 онд төрийн эргэлт хийхэд гар бие оролцсонд болон авлигын хэрэгт буруутгажээ. О Тэ У нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа улсынхаа томоохон аж үйлдвэр эрхлэгчдээс 350 сая ам.долларын хээл хахууль авсныг шүүхээр нотолсон байна. Шүүхийн шийдвэрээр О Тэ У-д 22 жилийн ял оноосон ч 17 жил болгон хассан байна. Гэвч 1998 онд Ким Дэ Жүн Ерөнхийлөгчийн зарлигаар цагааджээ.
ГЭРЧЭЭР ТАТАГДСАН О МУ ХЁН АМИА ЕГҮҮТГЭЖЭЭ
Хөх ордны тэргүүнээр 2003-2008 онд ажилласан БНСУ-ын ес дэх Ерөнхийлөгч О Му Хён 2008 онд эрүүгийн хэрэгт холбогджээ. Түүний ах О Гон Пёныг төсвийн хөрөнгө завшсан хэмээн буруутгасан байна. Төрийн тэргүүн байсан түүнийг энэ хэрэгт гэрчээр татжээ. Харин О Му Хён төрөлх тосгондоо 2009 оны тавдугаар сарын 23- нд амиа алдсан байдалтай олдсон юм. Цагдаагийн байгууллага О Му Хёныг амиа егүүтгэсэн гэж тогтоожээ.
НУУЦ ХӨРӨНГӨ ЭЗЭМШСЭН И МЁН БАК
БНСУ-ын 11 дэх Ерөнхийлөгчийн хэрэгтэй зэрэгцэн 10 дахь Ерөнхийлөгч И Мён Бакийн хэргийг Сөүлийн шүүхийн байгууллага шалгаж эхэллээ. И Мён Бак нь Үндэсний тагнуулын албанд тайлагнадаггүй нууц сангуудаас 100 мянган ам.доллар авснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, авлига аваагүй гэж мэдүүлсэн юм. Мөн төрсөн ахынхаа удирддаг байсан автомашины эд ангийн DAS компанийн хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн. Харин мөрдлөгийн дүнд тус компанийг эзэмшигч нь И Мён Бак байсан бөгөөд хуулийн зөвлөгөө тусламж авахдаа төлбөр тооцоог нь улсын төсвөөс гаргаж байсан бөгөөд тус компаниар дамжуулан 30 сая ам.доллар хууль бус аргаар олж авсныг нь тогтоожээ. Ингэснээр Сөүл хотын шүүх 2008-2013 онд БНСУ-ыг тэргүүлж байсан И Мён Бакийг баривчлах тушаал гаргасан юм.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)