БНАСАУ ОХУ-тай харилцаагаа өргөжүүлнэ
- 2018-04-12
- Дэлхий
- 0
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Москва хотод энэ сарын 9-11-нд албан айлчлал хийлээ. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын Москвад хийж буй айлчлал олон улсын анхаарлын төвд байлаа. Учир Ли Ён Хо Швед, Азербайжан, Туркменистан улсад хийсэн гадаад айлчлал ОХУ-аар өндөрлөсөн юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нартай уулзсан байна. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийн нөхцөл байдал, Ойрхи Дорнод, болон Ази, Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангах шинэ арга хувилбарыг бүрдүүлэх хэтийн төлөв зэрэг олон улсын тулгамдсан сэдвээр санал солилцжээ. Ли Ён Хо ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтэй уулзахдаа Орос болон Умард Солонгосын хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар сэтгэдлээ хуваалцсан байна. Түүнчлэн, талууд ОХУ болон Умард Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, харилцан айлчлал хийх талаар ярилцсаныг ТАСС агентлаг уламжиллаа. Харин “ОХУ болон Умард Солонгос улс харилцан ашигтай хамтын ажиллагаа болон нөхөрлөлийн эртний холбоогоо зузаатгана.
Орос улс Умард Солонгос улстай сайн хөршийн, найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг тууштай эрмэлздэг” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров мэдэгдсэн юм. Ли Ён Хогийн айлчлалын зорилгыг ажиглагчид дараах байдлаар тайлбарлаж байна.
АМЖИЛТАД ХҮРЭХ ЗАМ
Умард Солонгосын Гадаад хэргийн яам 2018 онд үйл ажиллагаагаа идэвхжүүллээ. Тодруулбал, Бээжинд хийсэн залуу удирдагчийнхаа анхны гадаад айлчлалыг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх Ким Жон Уны уулзалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Ким Жон Уны Хятадад хийсэн айлчлал нь сайн хөршийн хамтын ажиллагаагаа шинэ төвшинд хөгжүүлэх эхлэлийг тавьсан. Мөн Сөүл, Вашингтоны талтай дээд хэмжээний яриа хэлэлцээр хийхээр тохиролцсон БНАСАУ-ын санаачилга дэлхийн хэвлэл, мэдээллийн төвд байна. Пхеньян цөмийн зэвсгийн чадавхаа хөгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулсан. Тиймээс Ким Жон Ун цөмийн зэвсгийн бодлогоо зогсоох талаар Д.Трамптай шууд тохиролцоонд хүрэхэд амаргүй байх талаар “Wall Street Journal” сонинд мэдээлжээ. Шинжээчид Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээр хийхээр болсон шалтгааныг БНАСАУ-ын эдийн засгийн чадамжтай холбон тайлбарлаж байна. Оросын Гадаад хэргийн яамнаас нийтэлсэн мэдээнд "Орос, БНАСАУ нь урт хугацааны найрамдалт харилцаа, харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцсан" гэжээ. Харин БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хогийн гурван өдрийн айлчлалын үеэр Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх арга замаас гадна бусад сэдвээр ярилцсан гэж барууны ажиглагчид таамаглаж байна. Тухайлбал, Хасан-Ражины төмөр замын төслөө үргэлжлүүлэх, ОХУ-ын компаниудын Пхеньянд олгох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар Ли Ён Хо Москвагийн талтай ярилцжээ. Умард Солонгос-Оросын хэрэгжүүлж байсан Хасан-Ражин төслийн хүрээнд 52 километр урт төмөр замын хэсгийг сэргээн засчээ. Оросын Хасан өртөөнөөс Умард Солонгосын Ражин хүртэл төмөр замын шинэчилсэн шугамын эхний үеийг тавих ёслолын ажиллагаа 2008 онд БНАСАУ-ын хилийн Туманган өртөөнд болсон билээ. Энэ нь эргэлзээгүй нэлээд хэдэн давуу талтай гэж шинжээчид үзэж байлаа. Газар зүйн байршлын ачаар боомтыг Өмнөд Солонгос, Хятад, Японы компаниуд ашиглах бүрэн боломжтой юм. Умард Солонгосын их төмөр замыг сэргээснээр өндөр хурдны ачааны гэлт тэргүүд Ражин боомтоос Оросын хилийн Хасан өртөө хүртэл цаашлаад Сибирийн их төмөр замаар ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ. Өмнөд Солонгосын Пусан боомтоос БНАСАУ-аар дамжин Орос хүрэх төмөр замын харилцааг сэргээснээр эдийн засгийн ач холбогдолтой юм. “АНУ-ын зүгээс Пхеньяны эсрэг үзүүлж буй дарамт Умард Солонгос, Оросын харилцааг гүнзгийрэхэд нөлөөлж байна” гэж шинжээчид дүгнэлээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)