Саудын Араб стратегийн түншлэлээ эрчимжүүлж байна
- 2018-04-15
- Дэлхий
- 0
Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү Мохаммад Бин Салман Аль-Сауд Парис хотод хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Францын Ерөнхийлөгч Э.Макронтай хэдэн тэрбумаар хэмжигдэх ам.долларын гэрээ байгуулжээ. ТАСС агентлагийн уламжилснаар талууд стратегийн түншлэлийг шинэ төвшинд хөгжүүлэх талаар тохиролцоонд хүрчээ. Саудын Арабын төлөөлөгчид зөвхөн газрын тос, байгалийн хийн сэдвээр уулзалт хийдэг байсан бол Мохаммад Бин Салман нийгмийн өөрчлөлт, соёл, технологийн салбарыг чухалчилж байгаа нь ажиглагчдын анхаарлыг татсан байна.
МОХАММАД БИН САЛМАНЫ “ӨӨР” АЙЛЧЛАЛ
Мохаммад Бин Салман Аль-Сауд улс төрийн зорилгоор Лондон, Вашингтон, Парист айлчлах төлөвлөгөөтэй тухай ажиглагчид бичиж байсан. Тэрбээр Засгийн газраа төлөөлөн эдгээр орны удирдагчтай харилцан ашигтай хэлэлцээр байгуулахын зэрэгцээ Саудын Арабын стратегийн түншлэлийг холбоог тэлэх бодлого баримталж байна. Мөн Мохаммад Бин Салман Аль-Сауд эдийн засгаа төрөлжүүлж, иргэддээ шинэ эрх, эрх чөлөөг олгож, хэмжээлшгүй хаант засаглал тогтоох зорилготой байгаа билээ. Саудын Арабын угсаа залгамжлагч Лондонд айлчлах үеэрээ Английн тэргүүн хамбатай уулзсан бол АНУ-д зочлохдоо “Амазон”, “Майкрософт”, “Дисней” компанийн удирдлагатай ярилцжээ. “Франс пресс” агентлагийн мэдээлснээр, Мохаммад Бин Салман Францын Соёлын сайд Франсуйз Ниссентэй уулзаж, Парис, Эр-Рияд хотын хамтын ажиллагаа болон Саудын Арабад эзэн хааны оркестр байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Мөн Францын Урлагийн их сургууль, аудиовизуаль урлагийн сургуультай хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн байна. Франсуйз Ниссен Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүдийг Каннын кино наадмын нээлтийн ёслолд урьсан бөгөөд тус улсын кино өдөрлөгийг зохион байгуулахаар тохиролцжээ. Мохаммад Бин Салманы айлчлалын бүрэлдэхүүнд Саудын Арабын нөлөө бүхий бизнес эрхлэгчид багтжээ. Тус улсын газрын тосны “Saudi Aramco” корпораци, Францын “Тотал” компанитай хамтран Эль Жубайл хотод газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тохиролцсон ба таван тэрбум ам.долларын санамж бичигт гарын үсэг зуржээ.
ЗАЛУУ УДИРДАГЧДЫН ТОХИРОЛЦОО
Саудын Арабын 32 настай хунтайж, Францын 40 настай Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын хэлэлцээрийг Европын хэвлэлүүд “Залуу удирдагчдын тохиролцоо” хэмээн нэрлэжээ. Ерөнхийлөгч Макрон Мохаммад Бин Салманыг айлчлалынх эхний өдөр Луврын музейд оройн зоогт урьжээ. Энэ нь түүний айлчлалын хөтөлбөрт тусгагдаагүй байсан юм. Энэ үеэр Францын Засгийн газар Эль Мадинад хотод байгуулахаар төлөвлөсөн археологийн музейн төслийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлжээ. Хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор Э.Макрон энэ оны сүүлчээр Эр-Рияд төрийн айлчлал хийхээ мэдэгдсэн байна. Э.Макрон Мохаммад Бин Салман нар 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн төлөвлөгөө, хиймэл оюун ухаан, эрчим хүчний болон бусад салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Саудын Арабын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, харилцаа холбоо, инноваци, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийхээ Э.Макрон амлалаа. Уулзалтын үр дүнд Саудын Арабын тал шаардлагатай гэж үзвэл Сири улсад хэрэгжүүлж буй АНУ, Франц, Их Британийн цэргийн ажиллагаанд нэгдэхээ мэдэгдсэн бол Францын Ерөнхийлөгч Йеменд хүмүүлэнгийн хурал зохион байгуулахаар болжээ.
Х.Эрдэнэзаяа
Сэтгэгдэл (0)