Усыг хайрлан гамнадаг монгол ухаанаа бид хаана гээв
- 2018-05-13
- Байгаль орчин
- 2
Монголчууд эрт дээр үеэс уул ус, ургамал амьтнаа хайрлан, бишрэн дээдэлж, байгаль хамгаалах зан үйл, ёс горим, хорио цээрийг сав шим ертөнцийн дотоод тогтолцоонд тулгуурлан гаргаж байсан. Байгалийн тэнцвэрт байдлыг алдуулахгүйн тулд бэлчээр сэлгүүлэн ашиглах, булаг шандыг цэвэр, тунгалаг байлгахыг эрхэмлэх, ашигт малтмал, эрдэс баялгийг амьдрал ахуйдаа зүй зохистой хэрэглэх арга ухаанаа хадгалж ирсэн уламжлалтай. Тухайлбал, байгаль орчноо бохирдуулахгүй, онгон дагшнаар нь хойч үедээ өвлүүлэх арга ухааны нэг нь усаа хамгаалах зан үйл байв. Тиймдээ ч булаг шанд, гол горхи, нуур цөөрөмд цагаа, улаа, хир буртаг өчүүхэн ч оруулахгүй байхыг эрхэмлэж үр хүүхдэдээ сургаж ирсэн. Мөн амьд байгалийн сэргэн төлжих буюу хавар, зуны цаг, өвс ногоо ургах үед газар шороо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, усны эхийн модыг огтлох, үр жимс, сонгино, ургамлыг ихээр нь авч ашиглахыг хориглон цээрлэдэг байжээ. Үүгээр ч зогсохгүй хангай дэлхий, уул, ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгд эзэнтэй гэж үзэж тэдний таалалд үл нийцэх үг хэлж, ёс бус үйл ажиллагаа явуулбал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлээр ухааруулдаг байсан. Байгалиа хамгаалах нь монголчуудын амьдрал, аж төрөх ёсонд зан үйл болтлоо хэвшиж, үеэс үед уламжлагдан ирсэн байна. Тухайлбал, Их засаг хуульд зааснаар “Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” гэсэн хатуу дэгтэй байжээ. Монгол орон байгалийн унаган төрхөө алдаагүй, баялгийг бүрэн бүтнээр нь бидэнд өвлүүлэхэд үе үеийн цэцэн мэргэдийн боловсруулан мөрдөж ирсэн хууль цааз онцгой үүрэг гүйцэтгэжээ. Харамсалтай нь, энэ сайхан уламжлал өдгөө алдагдаж байгаль дэлхийд нөхөж барахгүй хохирол учруулаад байна. Усаа дээдлэх монгол ухаанаа бид хаана гээв. Бид юун дээр алдав.
ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ, СТРАТЕГИЙН ГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮНЭЛЭЭГҮЙД УЧИР БИЙ
Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж гол мөрөн бохирдож, цэвэр усны нөөц багасч, хомсдолд ороход ойрхон болоод байна. Нэгдүгээрт, гүний цэвэр усыг унд болон ахуйн хэрэглээндээ ашигладаг байдал гол шалтгаан болжээ. Тухайлбал, автомашин, зам талбай угаах, цэцэг ногоо услах, бохироо зайлуулах гэх мэт ахуйн хэрэглээнд цэвэр усаа ашигладаг ганцхан орон бол Монгол. Хоёрдугаарт, хамгийн үнэ цэнэтэй, стратегийн гол бүтээгдэхүүнээ үнэлээгүй явдал биднийг ийм байдалд хүргэжээ. Зах зээлийн зарчмаар шатахуун, эрчим хүч, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч байгаа хэдий ч усны үнийг сүүлийн 20 жилд огт нэмээгүй. Усыг цэвэрлэж, тээвэрлэж хүргэсэн үйлчилгээний төлбөрийг л хэрэглэгчид төлдөг. Ингэснээр Ус сувгийн удирдах газар жилийн жилд ихээхэн хэмжээний алдагдалтай ажилладаг. Өнөөдрийн байдлаар орон сууцныхан тоолууртай эсэхээс хамаарч литр тутамд 55-80, бохир усныхаа төлбөрт 37-50 төгрөг төлдөг бол гэр хорооллын айл өрх 1-2 төгрөгөөр усыг худалдаж авдаг. Харин үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллага нэг литр цэвэр усны төлбөрт 1.1, спирт, архи пиво ундаа, усны үйлдвэр болон автомашин угаалгын газар 1.5, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах газар 1.05 төгрөг төлдөг. Орон сууцны нэг айл сард дунджаар 8-10 тонн, гэр хорооллынхон 250-300 литр цэвэр ус хэрэглэдэг аж. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол байрны айл сард 4400, гэр хорооллын айл 250-300 төгрөгийн цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Үүнээс харахад айл өрхийн усны хэрэглээ асар их атлаа төлж буй төлбөр нь өчүүхэн бага байгаа юм. Гуравдугаарт, иргэд экологийн мэдлэг боловсрол дутмаг, мөн “Хар ус харамладаггүй юм” гэсэн сэтгэлгээг олон нийтийн сэтгэл зүйд суулгасантай холбоотой. Ийм хандлагаар цэвэр усыг зүй зохисгүй хэрэглэснээр хар усыг харамлах цагтай бид нүүр тулав. Нүүр гараа угаахдаа дунджаар 3-5, суултуурын усыг нэг удаа татахад 6-10, аяга тавгаа угаахдаа 10-15, шүршүүрт 15 минут ороход 200-250 литр ус урсгадаг байна. Энэ нь цэвэр усыг гамгүй хэрэглэж байгаагийн наад захын жишээ. Мөн гол мөрөнд автомашинаа угаах, ахуйн хог хаягдлаа ил задгай хаях, мод тайрах зэрэг хүний зүй зохисгүй үйлдлээр бохирдож, цэвэр усны нөөц багассаар байна. Дөрөвдүгээрт, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ашигласан усаа стандартын дагуу цэвэрлэж нийлүүлдэггүй нь бохирдуулж буй том хүчин зүйл болж Туул болон бусад гол мөрөн ихээхэн хэмжээгээр бохирдоод буй. Үүнийг бид хэзээ ухаарч, ариг гамтай хэрэглэж усаа хэмнэж сурах вэ.
ЧАНДМАНЬ ЭРДЭНЭЭ БАРЖ, ЦАНГАХЫН ЦАГТ УХААРАХ ГЭЖ ҮҮ
Манай улс гэлтгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал бол цэвэр ус, түүний нөөц. Учир нь, дэлхий дээрх бүх усны нэг хувь нь цэвэр, 97 хувь нь далай тэнгис, үлдсэн хоёр хувь нь хойд, өмнөд туйлын ус байдаг. Ус хомсодсоноос дэлхий дээр өдөрт 14 мянган хүн, түүний 11 мянга нь таваас доош насны хүүхэд нас барж байгаа аж. Түүнчлэн 2050 он гэхэд 48 улс орны хоёр тэрбум хүн усаар гачигдах нь. Тийм ч учраас зарим улс орон усны үнэ цэнийг аль хэдийн мэдэрч эхэлсэн. Тухайлбал, АНУ-ын нэгэн хот өдөрт зөвхөн гуравхан цаг усны “бараа” хардаг аж. Харин Орме хот дусал ч усгүй болсон учир хотын төсвийнхөө дийлэнх буюу 75 хувийг зарцуулж байгаа хэдий ч хүн амынх нь тоо эрс багасах хандлагатай болжээ. Манай улсын хувьд хэн нэгэн нь цангаж, амь насаа алдсан 321943тохиолдол өнөөдөртөө гараагүй ч тэр зам руу “галт тэрэг” аль хэдийн хөдөлсөн. Учир нь, хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг бөгөөд шингэн дутагдсанаар өвчин тусах магадлал өндөр байдаг аж. Эмч нарын хэлж буйгаар бие организмд хуримтлагдсан бүх хорыг ус гадагшлуулдаг байна. Тиймээс ус дутагдаж шингэнээ нэг хувь алдахад цангадаг, хоёр хувь хүрэхэд бие тавгүйрхэж, хоолны дуршил буурч, ажлын чадвараа 20 хувь алддаг, зургаан хувь болбол нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж улмаар хэл яриа нь ойлгомжгүй болдог. Харин 10 гаруй хувиа алдсан үед бодисын солилцоо алдагдаж, эмнэлгийн тусламж авах хэрэг гардаг байна. Энэ нь хүн усгүйгээр удаан амьдарч чадахгүй гэсэн үг. Иймд ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулшгүй цор ганц бүтээгдэхүүн гэж тодорхойлсон. Усыг химийн аргаар гарган авч болдоггүй нь түүний үнэт чанар. Техник технологи хөгжихийн хэрээр эсийн аргаар юуг ч хиймлээр хийдэг болсон. Тухайлбал, Английн эрдэмтэд хонь, Өмнөд Солонгосын судлаачид нохой зэргийг эсийн аргаар гаргаж авсан ч хүн төрөлхтний гаргаж авч чадахгүй ганцхан зүйл нь ус. Ийм л үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг ядаж бид ахуйн хэрэглээндээ яаж ашиглаж, хэрхэн хэмнэх вэ.
“КРАНТАА ХАА” ГЭСЭН ЗАРЧМЫГ БАРИМТАЛЖ, ХҮҮХДҮҮДДЭЭ ҮЛГЭРЛЭЕ
Усыг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байхдаа “Крантаа хаа” гэсэн зарчмыг баримталж, хүүхдүүддээ үлгэрлэх нь цэвэр усаа хэмнэхэд оруулж буй бидний томоохон хувь нэмэр юм. Хүнсний ногоо угаасан, загасны аквариумаа цэвэрлэсэн, өндөг чанасан усаараа цэцэг ногоо, зүлгээ усалж, зам талбайгаа угааж болно. Усныхаа халуун хүйтнийг тохируулахдаа хэрэв бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа нэмэхийн оронд халууныг нь багасгах зарчим баримтлаарай. Саванд ус хийж аяга таваг, тогоо шанагаа угаасны дараа цэвэр усаар зайлах, хүнсний ногоо, жимс жимсгэнээ савтай усанд угааж хэвшээрэй. Биеэ савандах үедээ шүршүүрээ хааснаар гурав дахин бага буюу 400 литр ус хэмнэдэг аж. Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж байгаарай. Учир нь, крантаа хаахгүйгээр шүдээ нэг удаа угаахад 20 литр ус үр ашиггүй урсгадаг байна. Ядаж энэ мэтээр цэвэр усыг хэрэглээндээ зүй зохистой зарцуулаагүйгээс болж хомсдолд орох, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн бохирдож буй байдал нь эргээд байгаль төдийгүй бидний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх болов. Тэгвэл бид одоо яах вэ.
ЦЭНХЭР АЛТГҮЙ БОЛОХГҮЙН ТУЛД ОДОО Л ХЭРЭГЖҮҮЛЬЕ
- Ямар нэгэн хууль, дүрэм журмыг албадан мөрдүүлэхээс илүү иргэдийн усны талаарх одоогийн хандлага, сэтгэлгээг өөрчлөх нь чухал. Тодруулбал, экологийн мэдлэг боловсролтой болгох, үнэ цэнийг нь танин мэдүүлэх, арвилан хэмнэж зүй зохистой хэрэглэх, хамгаалах соёлыг хэвшүүлэх.
- Цэвэр усны хэрэглээний төлбөрийг нэмэгдүүлэх. Хэрэглээнээс шалтгаалан өндөр төлбөр төлүүлдэг байх зарчим баримталж болох юм. Дэлхий нийтээр цэвэр усны хэрэглээг багасгах, төлбөрийг нь нэмэгдүүлэх талд анхаарч, бохир усаа цэвэршүүлэн хэрэглэж байна.
- Хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан стандартын төвшинд цэвэрлэн нийлүүлж байгаа аж ахуй нэгжийг бодлогоор дэмжих. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ус болон байгалийн нөөц ашигласны төлбөр авах ажлыг эрчимжүүлэх. Ингэхдээ төвлөрүүлсэн орлогыг эргээд зориулалтын дагуу буюу усны нөөцийг хамгаалах, бохирдлыг арилгах, хяналт, шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй. Ялангуяа арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбарын усны хэрэглээнд хатуу хяналт тавьж торгууль, шийтгэлийг чангатгах нь зүйтэй.
- Уурхайн үйл ажиллагаанд газрын гүний усыг ашиглаж байгаа учир цэвэр усны эрэлтийг бууруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гарц шийдэл хайх, боломж бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, олборлолт явуулах үед уурхайд орж ирж байгаа болон ойр орчны сум суурингаас гарч байгаа бохир усыг цэвэршүүлэн ашиглах. Гадаргын буюу цас, мөс, үерийн усыг хуримтлуулан хиймэл нуур бий болгох, говийн бүс нутаг руу татаж ашиглах зэрэг хувилбар байж болох юм. Аль эсвэл нүүрсийг хуурай аргаар боловсруулах шаардлага тавих.
- Цэвэр усыг зөвхөн унданд хэрэглэж, бохир усыг дахин цэвэршүүлж ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх зарчим баримталж цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлацгаая.
С.ЮМСҮРЭН
Сэтгэгдэл (2)
nomingua (66.181.161.67)
dahij goy zuil bicheere
зочин (103.111.68.3)
Монголын гэсэн цээрлэх ёс журам олон төрлийн нам шашин орж ирээд бие биеээ үгүйсэгсэн тэр л үеэс алга болсон шүү дээ их далай дотор уулын цэнгэг уст ширүүхэн урсгалт бяцхан горхи уусаж байна