Д.Трамп: ОХУ, Хятадын эсрэг шинэ хориг тавина
- 2018-04-18
- Дэлхий
- 2
АНУ Хятадын эсрэг худалдааны шинэ хориг тогтоохоор бэлтгэж эхэлсэн талаар “Wall Street Journal” мэдээллээ. Энэ удаад АНУ- ын технологийн компаниудыг Хятадтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахаар болжээ. Дональд Трамп “Хятадын эрх баригчид Америкийн технологийн компаниудын үйл ажиллагаанд саад хийж байна” хэмээн АНУ-ын эдийн засгийн хүчирхэг байдал, татварын шинэчлэлийн талаар Флоридад хийсэн мэдэгдэлдээ онцоллоо. АНУ-ын бизнес эрхлэгчид улсдаа эргэн төвлөрч, компаниудад тавих шаардлага, зохицуулалт цөөрч байгаа учраас эдийн засгийн өсөлт цаашид эрчимжинэ гэж тэрбээр үзэж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй татварын шинэчлэлийн нөлөөгөөр буцаан олголтоо авах үйл явц илүү энгийн, хялбар болно гэж Дональд Трамп мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч "Татварын буцаан олголт маш их зардал чирэгдэл болдог талаар би олон хүнээс сонсож байсан.
Гэхдээ энэ бол татварын буцаан олголтоо авахад урт дараалал үүсгэж, чирэгдэл учруулах сүүлийн тохиолдол гэдгийг санах хэрэгтэй. Зарим компани татварын буцаан олголттой холбоотойгоор маш их мөнгө зарлагаддаг. Үүндээ ч сэтгэл хангалуун бус байдаг. Тэгвэл ирэх жилээс энэ үйл явц илүү энгийн, хялбар болж, хувь хэмжээ нь ч нэмэгдэнэ гэдгийг энд хэлмээр байна" гэж мэдэгдлээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын тал Хятадын эсрэг хориг тавих үндэслэл болон баримт бичгийг бэлтгэн танилцуулах гэнэ. Америкийн компаниудын Хятад дахь үйл ажиллагаанд шударга бусаар хориг, саад тогтоож байна гэж үзэж байгаа юм. Шинэ хориг тогтоох тухай мэдээлэл цацагдсан ч хэзээ тогтоох, мөн ажил хэрэг болгох эсэх тодорхойгүй байна. Америкийн эрх баригчдын дургүйцэж буй гол асуудал нь Хятадын хуулийн дагуу “Amazon”, “Microsoft” зэрэг алслагдсан мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа явуулдаг Америкийн корпорациуд заавал ч үгүй Хятадын компанитай хамтарсны үндсэн дээр Хятадын газар нутагт үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна. Ингэснээр БНХАУ дахь бизнесийн түншүүд нь технологийг нь ашиглах эрхтэй болдог. Вашингтон болон Бээжингийн хооронд энэ сарын 3-нд худалдааны салбарт харилцаа нь хурцадсан билээ.
Дональд Трампын захиргаа Хятадаас импортын татварыг 25 хувиар нэмэгдүүлэх, тус улсын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийн жагсаалтыг олонд танилцуулсан юм. БНХАУ-ын Төрийн төв зөвлөл хариуд нь мөн адил Америкийн тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэхээ мэдэгдсэн. Вашингтоны тал татвараа нэмсний дараа Бээжин шийдвэрээ ажил хэрэг болгох юм байна. Мөн АНУ-ын Худалдааны яамнаас Хятадын харилцаа, холбооны “Жүншин” компанийг хуурамч мэдээлэл дамжуулсан хэмээн экспортын хориг тавихаа зарласан. Улмаар “Жүншин” компанид Америкийн технологийн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон байна. Д.Трампын Засгийн газрын хэрэгжүүлж буй хоригтой холбогдуулан Хятадын Худалдааны яамнаас хариу мэдэгдэл нийтэлж “Аж ахуйн нэгжийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахад бэлэн байгаа” хэмээн мэдэгджээ. Мэдэгдэлд “Хятад улсын аж ахуйн нэгжүүдийг гадаадад хөгжлийн хүрээгээ тэлэхдээ тухайн орны хууль дүрмийг мөрдөж, хууль ёсны хүрээнд ажиллахыг шаарддаг. “Жүншин” компани Америкийн хэдэн зуун аж ахуйн нэгжтэй худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өрнүүлж, тус улсад хэдэн арван мянган ажлын байр бий болгосон. Тиймээс Америкийн тал хууль дүрмийн дагуу эдгээр ажлаа эв зүйтэй шийдвэрлэн, аж ахуйн нэгжүүдэд хууль, бодлогын шударга, тогтвортой орчин бүрдүүлж өгөхийг шаардаж байна” гэжээ. Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс АНУ-ын зүгээс ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлыг авч хэлэлцэх талаар мэдэгдлээ.
Тэрбээр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-д хатуу байр суурь баримталсан ч Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах хүсэлтэй байгаа. Манай улс Сирид явуулж буй бодлогоо өөрчлөхгүй. Бид хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх зорилготой байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп Сириэс цэргээ татах бодолтой байгаа ч тодорхой өдөр товлоогүй. Персийн булангийн холбоо зэрэг тус бүс нутгийн бусад улс орнууд ч нөхцөл байдлыг бодолцож, цэргийн арга хэмжээнд санхүүгийн туслалцаа үзүүлэхийг АНУ-ын тал хүсэж байна” гэжээ. НҮБ дахь АНУ- ын суурин төлөөлөгч Никки Хэйлли CNN телевизэд өгсөн ярилцлагадаа “Сангийн сайд Мнучин ОХУ- ын эсрэг тавих шинэ хориг арга хэмжээг нийтэлж, Сирийн Засгийн газрыг "химийн зэвсгээр дайралт хийх”-ийг дэмжсэн үйлдэлд нь шийтгэл хүлээлгэхээр зэхэж байгаа” хэмээжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (2)
(139.5.219.226)
хятад орос зэрэг дээрэлхүү улсын эсрэг зогсох нь зөвөө
(202.55.191.130)
Ene uvgun ch oiriin 10 jild zasagdahgui aldaa hiij bn daa