Ипотекийн зээлийн хөтөлбөрийг орон нутагт түлхүү хэрэгжүүлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж, биелэлтийг хангах, хөрөнгийн зах зээлд банкны зээлээс бусад санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, тэтгэврийн сангийн шинэчлэл хийх, инфляцыг нэг оронтой тоонд барихад чиглэсэн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шат дараалан сайжруулах арга хэмжээ авах зэрэг ажлыг тусгажээ. Түүнчлэн Ипотекийн зээлийн хөтөлбөрийг тогтвортой, зохистой хэмжээнд хадгалан, орон нутагт түлхүү хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан юм. Харин Санхүүгийн зохицуулах хороонд Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болон ногоон хөгжлийг дэмжсэн төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын санд зөвшөөрөл өгөх, бүртгэх асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажиллах чиглэл өгөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг товчлон хүргэе. -Л.Энх-Амгалан: -Зээлийн хүүг бууруулна гэдэг урт хугацааны асуудал. Монголбанк “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” гэсэн баримт бичиг гаргасан байна лээ. Энэ стратегийг баталж, чиглэлийнхээ дагуу явбал үнэхээр зээлийн хүү буурах боломж байна. Монголбанкны гаргасан тооцоогоор эхний зургаан сард зээлийн хүү нэг, бүтэн жилдээ зээлийн хүүг бууруулах стратеги хэрэгжүүлбэл 2-3 хувиар буурах тооцоо гарсан байна лээ. Үүнийг л ард иргэд хүсч байгаа. Хоёрдугаарт, ипотекийн зээлд маш их хүлээлт үүсчихсэн байна. Зээлээ төлөөд л байдаг. Гэтэл үндсэн зээл нь төлөгддөггүй. Дандаа хүүг нь төлсөөр яваад эцэстээ 20 жилийн дараа зээлээ төлөөд дуусахад авсан байр нь элэгдэлд орсон байдаг. Тиймээс энэ тогтолцоог зайлшгүй эргэж харах шаардлага байна.

Б.Жавхлан: -Зээлийн хүүг бууруулах асуудал бол мөнхийн сэдэв. Үе үеийн УИХ, Засгийн газар, Монголбанк энэ талаар арга хэмжээ, тогтоол шийдвэр цөөнгүй гаргасан. Энэ удаагийн тогтоолын шийдвэрүүд ч урд урьдынх шигээ тунхаглалын шинжтэй болчих вий гэж санаа зовж байна. Банкны зээлийн хүүг бууруулах чиглэлээ урт болон дунд хугацаанд гэсэн хоёр чиглэлээр хувааж хармаар байна. Урт хугацаандаа санхүүгийн хамгийн суурь өртөг болох инфляцыг бага байлгах зорилттой байх хэрэгтэй. Харин дунд хугацаанд зээлийн хүүгийн зардал, хөөсрөлтийг бууруулах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ хоёр чиглэлээр маш тодорхой ажиллах ёстой гэж бодож байна. Хэдийгээр банкны зээлийн багц нийт санхүүгийн зах зээл дээр 90 гаруй хувь нь байдаг ч зээлдэгчийнхээ тоогоор банкнаас гадуур буюу ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо, ломбард болон бусад иргэн, аж ахуйн нэгж хоорондын зээлийн харилцаанд оролцож байгаа санхүү хэрэглэгчид, зээлдэгчдийн тоо их байгаа. Энэ нь зээлийн хүүг өндөр байлгах хар зах үүсгэчихээд байна. Тэгэхээр үүнд төр хязгаар тогтоох, хатуу хяналт тавих цаг нь болсон.

Энэ талаар бодитой заалт оруулах санал байна.

Б.Дэлгэрсайхан: -Эдийн засгаа зоригтой тэлэх хэрэгтэй байна. Монголбанк юунаас айгаад байгаа юм. Гурван тэрбум ам.долларын нөөцтэй гээд л байдаг. Мөнгө байгаа юм бол түүнийгээ гаргаач. Мөн Хөрөнгө оруулалтын банкаа хурдан байгуулах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын банкыг төдий хугацаанд байгуулна гэсэн заалтыг тогтоолын төсөлд оруулмаар байна. Тэгэхгүй бол хэдхэн банкны нөлөөнд орж санаатай, санамсаргүйгээр хойшлуулснаар банкны салбарт өрсөлдөөн байхгүй боллоо. Түүнчлэн ипотекийн зээлийн асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг үүнийг дагаад хумигдсан. Маш олон царцсан барилгатай. Үүнийг яаж шийдэх юм бэ. Өнөөдөр хүмүүс орон сууцанд зээлээр, бэлэн мөнгөөр ороод ханачихсан. Одоо ямар ч хямдхан орон сууц бариад түүнийг нь худалдан авч чадахгүй, зээл авах боломжгүй хүмүүс нь үлдсэн. Энэ нөхцөлд түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхгүй бол болохгүй болсон. Үүнийг зоригтой шийдэж оруулах хэрэгтэй.

Ажлын хэсэг: -Монголбанк зээлийн хүүг бууруулах стратегийн эхний хувилбарыг гаргасан. Үүнд нарийн зүйл заалт бий. Тухайлбал, зээлийн хүүг бууруулахад нөлөөлж байгаа хүчин зүйлийг гурван том бүлэгт хуваасан. Нэгдүгээрт, цаашдаа зээлийн хүүг бууруулахын тулд макро эдийн засгийн маш тогтвортой орчин чухал юм байна. Энэ нь эдийн засгийн эрсдэлийн зээлийн хүүнд шингэж байгаа үнийг бууруулна гэсэн агуулгаар орж байгаа. Хоёрдугаарт, Монголбанкны мөнгөний бодлогын хүүний зээл хадгаламжийн хүүнд нөлөөлдөг чадавхыг нь сайруулах ёстой гэсэн агуулга байна. Гуравдугаарт, банкуудын бизнесийн үр ашиг удирдлагыг сайжруулах ёстой гэдэгт төвлөрч байна. Тогтоолын төслөөс хамгийн түрүүнд хэрэгжүүлж болох заалт нь зээлийн мэдээллийн сангийн асуудлыг илүү үр ашигтай, агууламж сайтай хэрэглээтэй болгох асуудал юм. Ингэснээр зээлийн эрсдэлийн үнэлгээ буурна. Мөн барьцаа хөрөнгийн шаардлага буурна. Дараа нь зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг бид нэлээд сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны удирдлагыг олон улсын төвшинд хүргэн сайжруулах шаардлагатай.

М.ЭНХЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)