Шинзо Абэгийн сүүлчийн боломж буюу Мар-а-Лагоны уулзалт
- 2018-04-19
- Дэлхий
- 0
Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар төлөвлөөд буй энэ үед Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д айлчилсан нь олон улсын анхаарлын төвд байна. Шинзо Абэ айлчлалын хүрээнд гадаад худалдаа, цэргийн аюулгүй байдал, БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хөндөхөөр төлөвлөжээ. Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчтай уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсний дараа Токиогийн байр суурь өөрчлөгдөж эхэлснийг ажиглагчид онцлох болсон. Тухайлбал, Шинзо Абэ Солонгосын хойгийн асуудлаар АНУ, БНАСАУ, Японы гурван талт уулзалт хийхэд бэлэн хэмээсэн ч Солонгосын хойгийн хямралыг шийдвэрлэх асуудлаас хол хөндий байхаар эрмэлзэж эхэлсэн. Талууд Шинзо Абэг Трамп, Ким нарын уулзалтад оролцуулах хүсэлгүй байгаа аж.
Кимийг ятгахын тулд Трампт буулт хийнэ
Япон улсын Ерөнхий сайдын хувьд БНАСАУ-ын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн хувьд хатуу байр суурь баримталдаг. Хэдийгээр Пхеньян, Сөүл хоорондын харилцаанд сэргэх хандлага ажиглагдаж байгаа ч Японы тал Ким Жон Унтай хэлэлцээр хийхийн тулд “хэлэлцээр хийх” нь утгагүй гэж мэдэгдэж байсан. Харин Шинзо Абэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа аль болох ойрын хугацаанд АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтаа эхлүүлэхийг уриалжээ. Мүн Жэ Ин энэхүү уриалгыг хүлээж авахаас татгалзсан төдийгүй БНСУ-ын дотоод хэрэгт оролцохыг завдлаа хэмээн Японы Засгийн газрыг буруутгасан байна. Мар-а-Лагод Трамптай уулзахдаа Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрийг хөндөнө гэдгээ Шинзо Абэ өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Тэрбээр сэтгүүлчдэд хандан “Япон улсын хувьд Умард Солонгос тив хоорондын пуужингуудаа устгах нь тийм ач холбогдолгүй. Мөн Япон улсад заналхийлж байгаа богино болон дунд зайн тусгалтай пуужингаа устгах хэрэгтэй. Энэ сэдвээр Ерөнхийлөгч Д.Трамптай ярилцах хүсэлтэй байна” гэжээ. Пхеньян өнгөрсөн онд Америк тивд хүрэх хүчин чадалтай алсын зайн тусгалтай пуужин угсарч байгаагаа мэдэгдсэн. Харин Пхеньяны ойрын болон дунд зайн тусгалтай пуужингууд юуны түрүүнд БНСУ болон Японд заналхийлж байгаа билээ. Тиймээс Токиогийн байр суурийг Ким Жон Унд хүргэхийн тулд Шинзо Абэ худалдааны салбарт буулт хийж магадгүй. Энэ удаагийн айлчлалын хүрээнд гаалийн татвар болон худалдааны шинэ боломжийн асуудлыг голчлон хэлэлцэх гэнэ. Тодруулбал, Номхон далай дамнасан түншлэлийг хурдан хугацаанд ажил хэрэг болгож, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр зэхэж байгаа. Энэ эвсэлд бүс нутгийн 11 улс нэгдсэн ч АНУ багтаагүй юм. АНУ-ын хувьд өөрт ашигтай нөхцөлд нэгдэхээ илэрхийлжээ. АНУ өнгөрсөн сараас ган, хөнгөн цагаанд импортын татвар ногдуулж эхэлсэн.
Хулгайлагдсан иргэдийн асуудлыг хөндөнө
АНУ-ын Ерөнхийлөгчийн Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд болох уулзалтаар Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар голлон хэлэлцэх юм. Умард Солонгосын тагнуулын алба 1970-1980-аад онд Японы эргийн оршин суугчдыг олноор хулгайлсан явдал дипломат харилцаагүй хоёр улсын эмзэг сэдэв юм. Мөн 2002 онд Японы 13 иргэнийг хулгайлснаа Пхеньяны эрх баригчид хүлээн зөвшөөрчээ. Япон болон БНАСАУ-ын Засгийн газар Умард Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлаар 2014 онд хамтарсан мөрдлөг явуулахаар зөвшилцсөн боловч Японы хоригоос үүдэн, хамтарсан комиссыг Пхеньян тараажээ. Шинзо Абэгийн хувьд эх орондоо нэр хүнд нь унаж байгаа бөгөөд огцрохоос аргагүй байдалд хүрээд байна. Тиймээс Шинзо Абэгийн хувьд АНУ-д хийх энэ удаагийн айлчлал нэр хүндээ бага ч болов өсгөх сүүлчийн боломж хэмээн шинжээчид харж байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)