Хүлэмжийн хийг нэг сая гаруй тонноор багасгажээ

НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо болон Байгаль орчин уур амьсгалын сантай хамтран “Ногоон санхүүжилтийн хоёрдугаар чуулган”-ыг өчигдөр зохион байгууллаа. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Эрчим хүчийг хэмнэж үр ашигтай хэрэглэх нь эдийн засгийн ерсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулахаас гадна байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг ариг гамтай хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах ажлын хүрээнд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр үүрэг хүлээсэн 15 аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүчний жишиг аудитын төслийг хэрэгжүүллээ. Энэхүү аудитын зөвлөмжийн дагуу эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах ба жилдээ 259.7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч буюу 35.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, хөрөнгө оруулалтын зардлаа дунджаар гурван жилийн дотор нөхөж, нийтдээ 620 гаруй мянган тонн С02 /хүлэмжийн хий/-н ялгарлыг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан нь бидэнд эрчим хүч хэмнэх асар их нөөц байгааг илтгэж байна” гэж онцлов.

Мөн эрчим хүчний хэмнэлт, эрх зүйн зохицуулалт, ач холбогдол, байгууллагын эрчим хүчний удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх тухай, Хас банкны “Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр”, “Ногоон санхүүжилтийн шалгуур” зэрэг сэдвээр илтгэл тавьснаас гадна хүлэмжийн хийг бууруулснаар нөхөн олговор авах боломжийг танилцуулж, ногоон зээл авч амжилттай үйл ажиллагаа явуулж буй бизнесийн бодит туршлагаас хуваалцсанд оролцогчид талархалтай байсан юм. Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд хэлсэн үгэндээ “Энэхүү чуулганаар эрчим хүчийг хэмнэснээр байгаль орчинд ээлтэй байгаад зогсохгүй үйл ажиллагааны зардал буурч, үр ашгаа нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжтой гэдгийг оролцогчид маань ойлгож, мэдлэг, мэдээлэл авч, сайн туршлага төдийгүй саар үйлдлээсээ ч хуваалцаж чадсанд баяртай байна. Өнгөрсөн жилийн анхдугаар чуулганы үр дүнд иргэн, аж ахуйн нэгж Хас банкнаас нийт 8.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар жил бүр 10.3 сая киловатт эрчим хүч хэмнэж, 4,3 мянган тонноор хүлэмжийн хийг бууруулж байна. Энэ жилийн чуулган үүнээс ч илүү үр дүнтэй байж, олон мянган иргэн, олон зуун бизнөс эрхлэгчид өгөөжөө өгөөд зогсохгүй эх орныхоо үзэсгэлэнт байгалийг унаган төрхөөр нь хадгалж үлдэх улмаар Монгол Улсын 2016-2030 оны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцоллоо.

Чуулганы үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Эрчим хүчний хэмнэлт хийх үүрэг үүрэг хүлээсэн зарим байгууллага, аж ахуйн нэгж байдаг юм байна. Та энэ талаар тодруулж өгнө үү?

-Засгийн газраас тогтоосон хэмжээнээс илүү эрчим хүч хэрэглэхээс аргагүй боловч түүнийгээ хэмнэхийн төлөө үүрэг хүлээсэн 135 байгууллага, төрийн өмчит компани байдаг. Тухайлбал, уул уурхайн компани гэхэд таван сая, төсвийн байгууллага жилд хоёр сая квт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бол хэмнэлтийн үүрэг хүлээдэг. Тэд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 60 орчим хувийг эзэлж байна. Энэ байгууллагууд Эрчим хүчний хуулийн дагуу жил бүр заавал аудит хийлгэх ёстой. Аудитын шалгалтын хүрээнд хийх төслийн санхүүжилтийг бид “Ногоон санхүүжилт” гээд байгаа юм. Ер нь эрчим хүчний хэмнэлтийг бий болгох нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгаж, хүлэмжийн хийг бууруулах ач холбогдолтой.

-Бусад хөрөнгө оруулагчдыг татах гол шалгуур нь юу байх бол?

-Өнгөрсөн онд Эрчим хүчний зохицуулах хороо санаачлан Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр үүрэг хүлээсэн 15 байгууллагад аудит хийлгэхэд жилд 260 сая кВт эрчим хүч хэмнэх боломжтой гэж үзсэн. Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ дээрх 135 байгууллага, төрийн өмчит компани бүгд биелүүлж чадвал жилдээ 90 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломж харагдаж байна.

-Манай улс уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг багасгах талаар Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг байдаг. Энэ амлалт биелэх боломжтой юү. Одоогоор биелэлт нь хэр байна вэ?

-Хүлэмжийн хийг бууруулахад олон хүчин зүйл байгаагийн гол нь эрчим хүчний хэрэглээ байдаг. Бид сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлж, цахилгаанаа хэмнэж чадвал амлалтаа биелүүлэх боломжтой. Үүнд энгийн хэрэглээтэй 650 мянган айл өрх ч хувь нэмрээ оруулж байвал өрхийн зардлаа багасгах, өөрийн орчин дахь хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулах боломж байна. Ганц жишээ хэлэхэд, Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн жил аудит хийлгэснээр дулаан болон цахилгааны өр төлбөргүй ажиллаж, 30 сая гаруй төгрөгийг хэмнэсэн тухай тус эмнэлгийн дарга Ц.Төмөрбаатар мэдээлж байсан. Ийм боломж аль ч байгууллагад байгаа гэж бодож байна. Мөн хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийг Хас банк 2013 оноос хэрэгжүүлж, 50 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүний үр дүнд хүлэмжийн хийг 1.04 сая тонноор багасгасан бодит жишээ ч байна.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)