БНАСАУ пуужин, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзлаа

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны III бүгд хурлын шийдвэрээр энэ сарын 21-нээс эхлэн цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн туршилтаа бүх талаар зогсоохоор болсноо зарлалаа. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, цөмийн зэвсгийн туршилтаа зогсоох зорилгоор БНАСАУ-ын эрх баригчид цөмийн баазаа устгахаар болжээ. Энэхүү шийдвэр нь дэлхийн цөмийн зэвсгийг хориглох зорилтын төлөө хийж буй чухал алхам гэж олон улс сайшааж байна. БНАСАУ-ын Засгийн газар цөмийн зэвсгийн туршилтаа бүх талаар зогсоох олон улсын зорилт, хүчин чармайлтад нэгдэх болно гэдгээ мэдэгджээ. БНАСАУ-ын Төв телевиз “Манай улс ямар ч үед цөмийн зэвсэг ашиглахгүй. Эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааны төвшинг дээшлүүлэхээр болсон” гэж мэдээллээ. Улс орныхоо эдийн засгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоож, стратегийн шинэ чиг шугам баримтлахаа Умард Солонгосын тал мэдэгдсэнийг олон улсын эрх баригчид нааштай хүлээн авсан юм. Харин АНУ-ын тал Пхеньяны ээлжит занга байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

БЭЭЖИН: БНАСАУ- ЫН ЭДИЙН ЗАСГАА ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫГ ДЭМЖИНЭ

Умард Солонгосын мэдэгдэлтэй холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан “Хятадын тал БНАСАУ-ын шийдвэрийг сайшаан дэмжиж байна. Энэ нь Солонгосын хойгийн байдлыг намжаахад ашигтай төдийгүй цөмийн зэвсэггүй бүс нутаг болгож, асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад түлхэц өгнө. Солонгосын хойгт энхтайвныг тогтоох нь бүс нутгийн ард түмний хамтын ашиг сонирхолд нийцнэ. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзэл юм. БНАСАУ эдийн засгаа хөгжүүлэн, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах талаар тасралтгүй шинэ амжилт гаргахыг Хятадын тал дэмжинэ. Холбогдох талууд санал бодлоо нэгтгэн, бодит үйл ажиллагаагаар бүс нутгийн энхтайван, хамтын хөгжлийг дэмжих болно. Үүний тулд Хятад улс үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэж ажиллах болно” гэжээ.

Д.ТРАМП: КИМ ЖОН УН ДЭВШИЛ ХИЙЛЭЭ

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “БНАСАУ цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн туршилтаа зогсоож буй нь дэвшил юм. Умард Солонгос цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн туршилтаа зогсоож, туршилтын баазаа буулгаж буй нь дэлхий нийтийн хувьд сайн мэдээ. Миний бие БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай хэлэлцээр хийх болно” хэмээн жиргэжээ. Гэхдээ АНУ-ын эх сурвалжууд цөмийн болон пуужингийн туршилт хийхээ зогсоох тухай Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны мэдэгдлийг занга байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. “Вашингтон пост” сонинд “Умард Солонгосын удирдагч шийдвэрээсээ эргэж буцаж магадгүй талаар Д.Трампын зөвлөхүүд болгоомжилж байна. БНАСАУ- ын Засгийн газар Ким Жон Уныг ухаантай мэт харагдуулж, буулт хийхэд бэлэн гэсэн ойлголтыг төрүүлэхийг хүсч байна. Энэхүү үйлдэл нь Умард Солонгосын шаардлагыг биелүүлэхээс татгалзахад илүү хүндрэлтэй байх болно" гэж бичжээ. Түүнчлэн Д.Трампын зөвлөхүүд Ким Жон Уны мэдэгдлийг Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг АНУ болон түүний холбоотнуудаар зөөлрүүлэх гэсэн оролдлого гэж харж байна.

МҮН ЖЭ ИН: УМАРДЫН ШИЙДВЭРТ ТАЛАРХАЖ БАЙНА

Умард Солонгосын шийдвэрийг БНСУ-ын тал сайшааж, Хөх ордны тэргүүн мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд “БНАСАУ-ын шийдвэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг түргэвчиллээ. Энэ шийдвэр удахгүй болох хоёр Солонгосын төрийн тэргүүний уулзалт, Ерөнхийлөгч Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт амжилттай болох эерэг нөхцөлийг бүрдүүллээ. БНСУ-ын тал төрийн тэргүүн нарын уулзалтад идэвхтэй бэлтгэж байна” хэмээжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Же Ин “Солонгосын хойгийн дайныг зогсоох механизмыг дуусгаж, энхтайвны хэлэлцээрт ахиц гаргах ёстой. Ким Жон Унтай хийх уулзалтаар хоёр Солонгосын түүхэнд шинэ зам нээж, хойгийг цөмийн зэвсэггүй болгон, тогтвортой хөгжлийг ахиулна. БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгт цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах хүсэлтээ илэрхийлсэнд талархаж байна” хэмээв. Дашрамд өгүүлэхэд, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн хороо болон БНСУ- ын Ерөнхийлөгчийн ордныг холбосон хоёр орны төрийн тэргүүн нарын тусгай утас энэ сарын 20-нд албан ёсоор ашиглалтад оржээ. Орон нутгийн цагаар 14.41 цагт хоёр Солонгосын тусгай албаны ажилтнууд дөрвөн минут 19 секунд ярьсан байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • - (103.20.152.50)

    2018-04-23

    TATGALZAKH KHEREGGYI L BSAN6