Бэлгийн дарамт үзүүлсэн дэд сайд огцорчээ
- 2018-04-23
- Дэлхий
- 0
Японы Сангийн дэд сайд Юничи Фукуда “Сэтгүүлч бүсгүйчүүдэд ёс бус үг хэлж, бэлгийн дарамт үзүүлдэг” гэх шалтгаанаар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан байна. Түүнийг сэтгүүлч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан, зочид буудалд хамт орохыг урьдаг байсан тухай “Сюкан Синче” сонин мэдээлсэн юм. Улмаар Сангийн дэд сайд Юничи Фукуда албан тушаалаараа далайлган сэтгүүлч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. “Асахи” телевизийн мэдээний албаны дарга Сангийн дэд сайд Фукуда сэтгүүлчид бэлгийн дарамт үзүүлсэн дуу бичлэгийг олон нийтэд цацсан байна.
Юничи Фукуда энэ хэргийг няцааж байгаа ч Сангийн яамны үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй гэсэн шалтгаанаар огцрох өргөдлөө өгчээ. Мөн төрийн албаны нэр хүндийг унагаасныхаа төлөө иргэдээсээ уучлалт гуйсан байна. Японы эрх баригчид энэ хэрэгт Юничи Фукудаг эрс буруутгасан бөгөөд Сангийн сайд Таро Асог албан тушаалтан нь зүй бус авирласны төлөө хамт огцрох хэрэгтэй хэмээн хатуу мэдэгджээ. Учир нь, тус улсын сөрөг хүчний зүгээс “Дотоод хэргийн болон Сангийн сайд нар огцрох ёстой. Танхимын ёс бус бүрэлдэхүүний өмнөөс Ерөнхий сайд Шинзо Абэ хариуцлага хүлээж, уучлалт гуйх хэрэгтэй” хэмээн удаа дараа мэдэгджээ. Энэ хэргийг яаравчлан шийдвэрлэхийг Шинзо Абэ хичээж байгаа бөгөөд байдал хурцадвал Засгийн газрын гол тоглогч гэгддэг Сангийн сайд Таро Асогийн улс төрийн карьер унах магадлалтай юм.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)