Д.Трамп Шинзо Абэтай тохиролцсонгүй
- 2018-04-23
- Дэлхий
- 0
АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд Цагаан ордны тэргүүн Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэг хүлээн авч уулзжээ. Талууд худалдааны “Чөлөөтэй, шударга, тэгш зарчим” гэрээ байгуулахаар хэлэлцсэн ч нийтлэг ойлголтод хүрээгүй байна. Мар- а-Лагод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Шинзо Абэ “Гурван зарчимт худалдааны гэрээний асуудлаар яаравчлан хэлэлцэхийг хоёр тал зөвшөөрсөн. Хоёр талт чөлөөт худалдааны гэрээг Америкийн тал сонирхож байна. Гэвч Номхон далайг дамнасан түншийн харилцааны гэрээ нь хоёр орны хувьд хамгийн сайн сонголт гэж Японы тал үзэж байна” гэжээ. Харин Дональд “Би Номхон далайг дамнасан түншийн харилцааны хүрээнд шийдвэрээсээ буцахыг хүсэхгүй байна. Гэвч бусад орон “татгалзахын аргагүй” гэрээний төсөл санал болговол хүлээж авна.
Америк, Японы хоёр талт чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг хүсч байна. Хэрвээ энэ гэрээг байгуулбал, сүүлийн үед Америкийн талаас боловсруулсан ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний гаалийн татвараас Японы талыг чөлөөлөх болно” гэжээ. Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд удаагүй байхдаа “АНУ Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээнээс гарна” хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээнд шинээр элсэн орох боломжийг судлах талаар худалдааны бодлого хариуцсан албан тушаалтандаа даалгасан юм. Тэрбээр Шинзо Абэтай хэлэлцээр хийснийхээ дараа “Номхон далайг дамнасан түншийн харилцааны сэдвээр АНУ-д болзол тавих хэрэггүй. Хоёр талт чөлөөт худалдааны гэрээ АНУ-д тохирно” хэмээн жиргэсэн байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)