С.Лавров: Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалт Монголд болж магадгүй

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Түүнтэй Сири улсад өгсөн холбоотнуудын агаарын цохилт, Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалт зэрэг дэлхийн анхаарлын төвд байгаа сэдвээр ярилцжээ. 

-Их Британийн нутаг дэвсгэрт химийн зэвсэг ашигласан хэмээн Лондоны тал Оросыг буруутгасан. Та улс орныхоо нэр хүндийг хамгаалсан баримт нотолгоог хэзээ дэлгэх гэж байна вэ?

-Зарчмын хувьд баримт нотолгоо олон бий. Америкчууд, англичууд Сирид агаарын цохилт өгч байгаа дүрс бичлэгээс баримтаа эхлүүлнэ. Тэд “Сири дэх химийн зэвсгийн агуулахад цохилт өгсөн” гэж тайлбарласан. Хэрвээ зэвсгийн агуулахыг устгахаар шийдсэн бол нэг л байнд агаарын цохилт өгнө. Гэтэл холбоотнууд Дамаскийн хүн амын төвлөрөл ихтэй чухал обьектуудад хэд хэдэн удаа агаарын цохилт өглөө. Бидэнд байгаа дүрс бичлэгт хүүхдүүд бөмбөгдөлтөөс хэрхэн зугтаж, эмнэлэгт хүргүүлж байгаа тухай харуулдаг. Химийн зэвсгийн халдлага болсон гэх энэхүү зохиомол жүжгийн бичлэгийг “Цагаан дуулгатнууд” хөдөлгөөнийхөн авсан. Түүнчлэн манай цэргүүдийн чөлөөлсөн Зүүн Гута дүүргийн эмнэлгийн ажилтнуудын яриа ч бидэнд бий. Үүнээс гадна Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Дума дүүргийг чөлөөлөх үед Германд үйлдвэрлэсэн химийн бодис хадгалж байсан агуулахыг илрүүлсэн. Химийн бодисыг Портон Даунаас тээвэрлэж авчирсныг шинжээчид нотолж байгаа. Шинжээчид энэ талаар дүн шинжилгээ хийж байна.

-Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид Сири улсад ажиллаж байна. Бодит дүгнэлт гарна гэдэгт та итгэлтэй байна уу. Зарим улс химийн зэвсгийн шинжээчдэд ямар нэг байдлаар нөлөөлөх вий гэсэн айдастай байна?

-Тайлангийн үр дүн бодит байх ёстой. Мэдээж зарим тоглогч Химийн зэвсгийг хориглох байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж буйд сэтгэл зовниж байна. Би Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчид болон барууны төлөөлөгчидтэй албан хэлэлцээр хийхэд бэлэн байсан. Шинжээчдийг Дамаск дахь НҮБ-ын цэрэг хамгаалалтад авсан. Химийн зэвсгийг хориглох байгууллага болон Гаагад мэргэжилдээ үнэнч хүмүүсийг ажиллуулдаг гэдэгт итгэлтэй байгаа учраас эргэлзэхгүй байна. Гэхдээ тайлангаа шударга бус гаргахыг үгүйсгэхгүй. Учир нь, эдгээр шинжээчийг улс төрийн зорилгоор ашиглах оролдлого гардаг. Үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглаж л байя. Солсберийн мөрдөн шалгалт болон Сири улсад явуулж буй шинжилгээ үнэн, зөв гарна гэж итгэж, хүлээж байна. Шинжээчдийн нэр хүндийг үнэлж, тайван ажиллах боломжоор хангана гэдэгт найдаж байна. Өрнөдийн хамтрагчдын арга барил бол "Доод бүс" цувралаас гаралтай. Би ямар нэгэн зүйлийг зохицуулахыг хүсэхгүй байна. Гэхдээ ямар ч шалтгаангүйгээр хэн нэгнийг буруутгах нь зохисгүй болов уу.

-Та Аюулгүйн зөвлөлд олон жил ажилласан туршлагатай дипломатч. Сирид химийн зэвсэг ашигласан гэх зохиомол жүжгийн талаар мэдээлэл өгсөн 11 настай хүү Хасан Диаб эцэг эхтэйгээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцож үг хэлэх боломжтой юу?

-Тэд Арабын Бүгд Найрамдах Сири улсыг төлөөлж Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцвол манай улс эцэг, хүү хоёрыг дэмжих болно. Барууны найзууд Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцэх асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Ер нь Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгчид орон нутгийн иргэд, тодорхой үйл ажиллагааны гэрчийн үгийг сонсох үе бий. Харин энэ удаагийн тохиолдол бол Сирийн Засгийн газрын санаачлах хэрэг бөгөөд бид эцэг хүүг Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой.

-Ямартай ч энэ удаагийн өдөөн хатгалга, ээлжит жүжиг пуужингийн довтолгооноор төгслөө. Магадгүй, энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны тохиолдол байж болох юм. Агаарын довтолгооны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “103 пуужинг хөөргөснөөс нэг нь байгаа оноогүй тухай надад утсаар дамжуулсан” гэж жиргэсэн. Д.Трампт энэ мэдээллийг хэн дамжуулсан байж болох уу?

-АНУ-ын Ерөнхийлөгч хэнтэй утсаар холбогдож мэдээлэл авсныг би мэдэхгүй. Манай Ерөнхийлөгч утсаар мэдээлэл авах шаардлагагүй байдаг бөгөөд энэ тохиолдолд түүнд биечлэн илтгэдэг юм.

-АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ерөнхийлөгч В.Путинийг Цагаан ордонд урьсан. Хоёр улсын тэргүүний уулзах өдөр, хэлэлцэх сэдвийн талаар тов гарсан уу?

-АНУ-ын Ерөнхийлөгч утсаар ярих үедээ уулзах санаачилга гаргасан. Тэрбээр утсаар ярихдаа Оростой холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Цагаан ордонд уулзахдаа баяртай байх болно гэсэн утгатай урилга ч илгээсэн. Ер нь бол Ерөнхийлөгч В.Путин Дональд Трамптай уулзахад бэлэн. Уулзалтыг хэрхэн зохион байгуулах талаар АНУ- ын талтай хэд хэдэн удаа нүүр тулах байх.

-Ким Жон Ун Д.Трамп нарын уулзалт хэлэлцээрийг ОХУ-д зохион байгуулж магадгүй гэсэн яриа гараад байна. Тийм боломж бий юү?

-Би энэ талаар баталгаатай зүйл сонсоогүй юм байна. Хэн нэг нь дэгсдүүлсэн байх. Европын хэдэн хот, Монгол Улс, хилийн цэрэггүй бүс гэсэн хувилбар л байгаа гэж сонссон. Хэдийгээр энэ уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ч манай улс санаачилга гарган оролцох шаардлагагүй. Энэ уулзалт хурцадмал байдлыг сааруулах үйл явцыг эхлүүлэх болно гэж найдаж байна.

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • wrq (103.9.90.53)

    2018-04-25

    Монголын аюулгүй байдал шаардлага хангахгүй гээд бүр мөсөн хасагдсан гээд байгаагүй билүү