"Их 7 " Оросыг дахин сүрдүүллээ
- 2018-04-25
- Дэлхий
- 0
“Их 7”-гийн Гадаад хэргийн сайд нар Торонто хотноо уулзаж Москвагийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгах талаар хэлэлцсэн байна. Торонтогийн тунхаглалд бичсэнээр, талууд Зүүн Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн “Их 7”-гийн бүлэг “Крымийн хойгийг зүй бусаар улс орондоо нэгтгэсэн” хэмээн Оросын эрх баригчдыг буруушааж, Украин улсын бодлогыг бүх талаар дэмжихийн хамт тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахаа мэдэгджээ. Ийнхүү “Их 7”-гийн орнууд ОХУ-ыг дэлхийн нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байгаад буруутгасан юм. Гэхдээ олон улсын тулгамдсан сэдвээр Москватай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дурдсан байна. Торонтогийн уулзалтад оролцсон Гадаад хэргийн сайд нар Оросын тал олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үр ашигтай хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа асуудлаа шийдвэрлэхийг уриаллаа. Мөн Оросын эрх баригчдыг Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ сахин биелүүлэхийг шаарджээ. Английн Гадаад хэргийн сайд Борис Жонсон “ОХУ- ын эсрэг дэлхийн бүх орон хориг арга хэмжээ авах ёстой. Оросын албан тушаалтнуудад Их Британийн виз олгохоос татгалзах, хөрөнгийг нь царцаах зэрэг арга хэмжээ авсан. С.Скрипаль болон түүний охин Юлияг ОХУ-д үйлдвэрлэсэн “Новичок” гэх тархи мэдрэл саажуулах үйлчилгээтэй химийн бодисоор хордуулсныг тогтоосон. Энэ хэргээ Оросын тал хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн хатуухан байр суурь илэрхийлжээ. Их Британи улс Европын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэн үзэх ба Крымийг Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Европын холбоо, АНУ- ын хооронд аж үйлдвэр, худалдааны хэлэлцээрийг түргэтгэхийг уриалж, гааль, худалдааны татвартай холбоотой шуугиан гарснаас хойш үүсээд буй нөхцөл байдлын талаар хөндөн ярьсан байна. “Их 7”-гийн бүлгийн орнуудын уулзалт хоёр өдөр үргэлжилсэн ч Сирийн асуудлаар тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөлөө.
Энэ талаар Италийн Гадаад хэргийн сайд Анжелино Альфано хаалтын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр “ОХУ-д хориг тавих асуудлыг Их Британийн Гадаад хэргийн сайд хөндсөн. Хэдий тийм боловч энэхүү хориг арга хэмжээг зөвхөн асуудлыг зохицуулах арга хэрэгсэл гэж Итали улс үзэж байна. Бид Сирийн хямрал мөргөлдөөнийг цэргийн хүчээр шийдвэрлэхгүй. Харин улс төрийн шийдэлд хүрэхэд хоёр чиглэлд ажиллахыг хүсч байна. Үүний тулд Сирийн ард иргэдэд эрх мэдлийг олгох боломжоор хангах шинэ Үндсэн хууль болон улс төрийн үйл явц хэрэгтэй. Үүнээс гадна ОХУ энэ асуудалд маш чухал үүрэгтэй оролцож чадна гэдгийг бүлгийн орнууд хүлээн зөвшөөрсөн” гэж мэдэгдлээ. Харин АНУ- ын тал Сирийн асуудлаар ОХУ-д хандсан мэдэгдэл хийж “ АНУ стратегийн бодлого, боломжуудыг ашиглан Сирид үүсээд буй хурцадмал нөхцөл байдлыг бууруулах болно. Башар Асад Сирийн ирээдүйн нэг хэсэг байх боломжгүй гэж бид үзэж байна. Астанагийн болон Женевийн гал зогсоох хэлэлцээрээр ОХУ Сирийн химийн зэвсгийн хэрэглээг хориглох, Сири дэх зэвсэглэлийг илрүүлэх, аюулгүй болгох, устгах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Харин ОХУ хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Бид дахин ийм зүйл болохыг хүлээн зөвшөөрөхгүй. Сири, Ирак дахь АНУ-ын эн тэргүүний зорилт бол “Исламын улс” бүлэглэлийг устгах явдал юм. Бид хамтын ирээдүй, ажлын байр, боломжийг бий болгож дэлхийн эдийн засгийг нэгдмэл, хүчтэй, баян чинээлэг болгоход хичээх ёстой.
Цаашлаад Европын холбоог Атлантын далай хүртэл худалдааны шинэ түншлэлүүдэд холбож, Украин дахь ОХУ-ын түрэмгийллийг зогсоон, уур амьсгалын хүчтэй өөрчлөлтийн эсрэг тэмцэх зэрэг сэдвээр ярилцах болно” гэв. Торонтогийн уулзалтаар ОХУ-тай өрнөж буй барууны зөрчлөөс гадна Иран, Хойд Солонгос, Венесуэл, Мьянмарын талаар хэлэлцсэн ба терроризмтой тэмцэхээ дахин баталсан байна. Түүнчлэн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ирэх зургаадугаар сард Канадад болох төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцжээ. Энэ удаагийн уулзалтад Канад, АНУ, Герман, Англи, Япон, Франц, Итали болон Европын зөвлөлийн Гадаад хэргийн сайд оролцжээ. “Их 7”-гийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалтыг ирэх есдүгээр сард Нью-Йоркт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр зохион байгуулахаар тохиролцсон байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)