Дарангуйлагчийн хүү Ерөнхийлөгч болжээ

Парагвай улсад Ерөнхийлөгчийн бүх нийтийн сонгууль өнгөрсөн ням гарагт болж, санал авах байрууд орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагт үүдээ нээж, 16 цаг хүртэл санал авсан байна. Тус улсын ард түмэн төрийн тэргүүнээ таван жил тутамд сонгодог. Энэ удаагийн бүх нийтийн сонгуульд эрх баригч Колорадо намаас нэр дэвшин өрсөлдсөн Марио Абдо Бенитес сонгогчдын 46 хувийн буюу нийтдээ 1 сая 160 мянган хүний санал авч тэргүүлжээ. Түүний гол өрсөлдөгч болох сөрөг хүчний “Үндэсний шинэчлэлийн эвсэл”-ээс нэр дэвшигч Эфраин Алегре 1 сая 66 мянган сонгогчийн буюу ойролцоогоор 42 хувийн саналаар удаалсан байна. Энэ талаар Парагвайн сонгуулийн төв хорооны тэргүүн Хаиме Бестар мэдээлжээ.

Парагвайд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, эрх баригч намын нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулсан ч сөрөг хүчний нэр дэвшигч ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй аж. Тэрбээр сонгуулийн саналын хуудсыг нэг бүрчлэн тоолж дууссаны дараа ялагчийг нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Харин сонгуульд ялалт байгуулсан Бенитес Ерөнхийлөгчийн тангаргаа ирэх наймдугаар сард өргөж, үүрэгт ажилдаа албан ёсоор орно. Тэрбээр улсынхаа төрийн эрхийг тэргүүлж байгаа 51 дэх Ерөнхийлөгч болж, энэ суудалд нам нэгт Орасио Картесыг залгамжлах юм. Парагвай улсын төрийн тэргүүнээр сонгогдсон Марио Абдо Бенитес нь 2015-2016 оны хооронд улсынхаа сенатын танхимыг тэргүүлэн ажиллажээ. Дашрамд өгүүлэхэд Абдо Бенитес нь Парагвайн сүүлчийн дарангуйлагч Альфредо Стесснерийн хүү юм. Түүний эцэг улс орноо 1954-1989 оны хооронд тэргүүлж байжээ.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ATAMAN (218.247.130.7)

    2018-04-26

    DANDAA 1 HVN AMITNII BUGS USAN YUM BICHEJ LALAR TSARIALAHAA BOLIOCHEE TANAI HAMT OLON CHAMAAS ICHDEG BHDA