Д.Трамп: Э.Макрон бол төгс ерөнхийлөгч
- 2018-04-26
- Дэлхий
- 2
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны АНУ-д хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Эммануэль Макрон АНУ- ыг Францын онцгой түнш хэмээн үздэг бөгөөд энэ удаагийн айлчлалд ихээхэн ач холбогдол өгсөн байна. Түүний гурван өдрийн айлчлалын гол арга хэмжээнүүд Цагаан ордонд болжээ. Америк, Францын төрийн тэргүүн хоёр талт харилцаа, хамтын ажиллагаа, Солонгосын хойг, Ойрхи Дорнодын асуудлыг хөндөн хэлэлцсэн аж. Тухайлбал, ган, хөнгөн цагааны импортын татварыг нэмсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээ, Сирийн хямрал уулзалтын гол сэдэв байлаа. Э.Макроны хувьд импортын гаалийн татварыг нэмэх Дональд Трампын шийдвэрийг худалдааны дайн зарлалаа гэж тодорхойлж, холбоотнууд ийм дайн хийх ёсгүй гэсэн байр суурьтай байгааг илэрхийлсэн юм. Франц, болон Европын Холбооны бусад улс орон энэ гэрээнд АНУ-ын шаардаж байгаатай адил өөрчлөлт оруулахын эсрэг байр суурьтай байгаа юм. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хадгалан авч үлдэхийн тулд хэлэлцээрийг шинэчлэн байгуулах саналыг Францын Ерөнхийлөгч дэвшүүлсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ. Эммануэль Макрон айлчлалынхаа хүрээнд АНУ-ыг Ираны цөмийн хэлэлцээрт үлдээх талаар Дональд Трампыг ятгах зорилготой гэж ажиглагчид онцолж байв. Цагаан ордонд болсон хэлэлцээрийн дараа хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэр тэрбээр "Ираны цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг шинэчлэн байгуулах саналыг дэвшүүлсэн. Хэлэлцээр тааруу болсон учраас Йемэн, Сирид баллистик пуужингийн асуудлыг шийдээгүй, Иран улс цөмийн үйл ажиллагаагаа зогсоогоогүй хэвээр байна" гэж шүүмжилжээ.
Барак Обамагийн засаг захиргааны үед Иран болон дэлхийн зургаан гүрний хооронд байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг Д.Трамп “Маш муу нөхцөлтэй хэлэлцээр” болсон гэж шүүмжилж, үүнээс АНУ-ыг гаргах тухай нэг бус удаа дурдсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Би Ираны хэлэлцээрийн талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Маш муу хэлэлцээр, байгуулах ёсгүй байсан юм. Бид хавьгүй илүү, эсвэл маш сайн гэрээ хийж болох байв. Бид Ираны хэлэлцээрт 150 тэрбум ам.доллар зарцуулсан. 1.8 тэрбум ам.долларыг бэлнээр төлсөн. Энэ маш утгагүй хэрэг. Гэхдээ бид энэ талаар дахин хэлэлцэнэ. Харин Сири улс олон улсын анхааралд байгаа гэдгээ мэдэгджээ. Цагаан ордны өмнөх тэргүүлэгчид Иран улстай гэрээ хэлэлцээр хийхдээ Ойрхи Дорнодын бүс нутгийн бүх асуудлын цаана Тегеран зогсч байгааг сайтар мэдрэх учиртай. Тэд Ирантай гэрээ хэлцэл байгуулахдаа Тегераны эрх баригчид Сири, Йемен зэрэгт онцгой нөлөөтэй болохыг тооцох ёстой байсан ч харамсалтай нь энэ бүхнийг үл харгалзан Ирантай цөмийн асуудлаар нь энхийн гэрээ байгуулсан нь гол алдаа байсан” гэв. Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээрийг 2015 онд АНУ болон Франц улстай байгуулсан билээ. Хэрвээ АНУ энэ хэлэлцээрээс гарвал сөрөг үр дагавар авчирна гэдгийг Ираны тал удаа дараа анхааруулсан. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Цагаан ордны тэргүүн Дональд Трамп нар айлчлалын явцад ихэд дотно байсныг хэвлэлүүд онцолж байна. Тэд айлчлалын үеэр хөтлөлцөн алхаж, Д.Трамп Францын төрийн тэргүүний хацар дээр үе үе үнсч, ихэд санаа тавьж байсан нь гэрэл зурагчдын дуранд буужээ.
Тиймээс АНУ-ын хэвлэлүүд “Ноён Ерөнхийлөгч эхнэртээ гаргадаггүй эелдэг занг Э.Макронд гаргалаа” хэмээн бичсэн байна. Мөн Дональд Трамп “Бид найрсаг харилцаатай байдаг. Э.Макрон бол төгс Ерөнхийлөгч” хэмээн магтан сайшаасан ба Францын Ерөнхийлөгчид зориулж төрийн хүлээн авалт зохион байгуулсан юм. Хүлээн авалтад Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер, хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок, “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк нарын АНУ-ын нөлөө бүхий улстөрч, бизнес эрхлэгч, урлаг, спортын алдартнууд оролцжээ. Д.Трамп Цагаан ордны тэргүүн болсныхоо дараа зохион байгуулсан төрийн анхны хүлээн авалт таван цаг үргэлжилсэн байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (2)
(43.228.128.195)
Ха ха Хэд хоногийн өмнө Макрон Путинийг төгс ЕК гээд байсан бол хэд хоногийн дараа Зөнөг өвгөн өөрийг гэж төгс гэлээ тэгэхээр хамгийын төгс нь Путин болж таарах нь харин өвгөн өөрөө юу ч биш байх нь
(112.72.14.165)
Төгс Ерөнхийлөгч КККК. Трамптөгсийн төгс болох нь ээкккк