Хоёр Солонгосын хөгжлийн эхлэлийг тавина
- 2018-04-27
- Дэлхий
- 0
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт цэрэггүй бүсийн Пханмунжом тосгон дахь Өмнөд Солонгосын Энхтайвны өргөөнд өнөөдөр эхэлнэ. “Умард Солонгосын төрийн тэргүүн өнөөдөр 09.30 цагт Пханмунжом тосгонд хүрэлцэн ирснээр түүхэн уулзалт эхэлнэ” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас уламжилжээ. Ким Жон Уныг угтан авах ёслолын дараа 10.30 цагт хоёр улсын удирдагчийн хэлэлцээр эхлэх ба талууд холбогдох баримт бичигт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл хийх ажээ. Харин 18.30 цагт хоёр Солонгосын тал хүндэтгэлийн зоог барихаар товлосон байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд 1950 оны Солонгосын дайнаас хойш БНСУ-ын газар нутагт хөл тавьсан Умардын анхны удирдагч болж байна. Хоёр Солонгосын удирдагч түүхэндээ гурав дахь удаагаа уулзах гэж байгаа бөгөөд үүнээс өмнө 2000, 2007 онд хоёр улсын удирдагчид Пхеньян хотод уулзаж байжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон хоёр Солонгосын харилцааны талаар голчлон хэлэлцэнэ гэж ажиглагчид таамаглаж байна. БНАСАУ цөмийн зэвсгийн зорилтдоо хүрсэн тул цөмийн зэвсэг, тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа зогсоосноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Ингэснээр хоёр талын уулзалт амжилттай болох таатай нөхцөл бүрдсэн болохыг Хөх ордны тэргүүн Мун Жэ Ин онцолсон.
Тэрбээр "Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй бүс болгоход БНАСАУ чухал шийдвэр гаргасан"-ыг цохон тэмдэглэсэн бол Ким Жон Ун "Цөмийн зэвсэггүй болох дэлхий нийтийн уриалгад нэгдэхийг зорилоо" гэж шийдвэрээ тайлбарлажээ. Мөн улсынхаа эдийн засгийг сэргээхэд анхаарахаа онцолж цөмийн туршилтын Пангги-Ри талбайг хааснаа албан ёсоор мэдэгдсэн. Пхеньянаас зүүн хойд зүгт, алслагдмал уулын бүсэд байрлах энэ талбайг хааж, ойрын болон дунд зайн тусгалт “Нодонг”, “Мусудан”, "Хвасанг-14", "Хвасанг-15" зэрэг пуужингийн туршилтаа бүрэн зогсоосныг олон улс сайшаан хүлээн авсан билээ. Зим Жон Ун, Мүн Жэ Ин нарын уулзалт амжилттай болж, энхийн гэрээ байгуулбал БНАСАУ-ын эдийн засагт эергээр нөлөөлнө гэдгийг ажиглагчид онцолж байна. Хэрвээ нээлттэй бодлого баримталбал, тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэнэ гэж “Meritz Securities”-ийн шинжээчид мэдэгджээ. Хоёр Солонгосын тэргүүний уулзалтаар талууд 1953 оноос хойш үүсээд байсан дайсагнасан харилцаагаа хэвийн болгох магадлал өндөр байгаа юм. Энэ нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд эдийн засгийн гурван зорилтоо хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна.
Үүнд хоёр Солонгосын харилцааг сайжруулах, БНСУ-ын компаниудад бизнесийн болон хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилтууд багтаж байгаа ажээ. Мүн Жэ Инийг засгийн эрхэнд гарснаас хойш БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн тогтвортой өсч байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд тус улсын эдийн засаг 3.1 хувиар өсчээ. Дашрамд өгүүүлэхэд Ким Жонн Ун болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр Солонгосын харилцааг сайжруулах, эв найрамдлын бэлэг тэмдэг болгон хамтдаа мод суулгана гэж Хөх ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Эх сурвалжид дурдсанаар “Энхтайван, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болгон хоёр удирдагч хамтдаа мод суулгана. Гал зогсоох тухай хэлэлцээрт хоёр Солонгосын эрх баригчид гарын үсэг зурах үед буюу 1953 онд нахиалсан нарс модыг хоёр удирдагч суулгах юм. Модны хажууд “Энд энхтайван, хөгжил цэцэглэлтийн үндэс суурь тавигдав” гэсэн бичигтэй дурсамжийн самбар байрлуулна” гэжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)