Спартакуудын гэр “НЭЭЛТТЭЙ АРЕНА”
- 2018-04-28
- Дэлхий
- 0
Орчин үеийн архитектурын шийдэл бүхий “Нээлттэй Арена” цэнгэлдэх хүрээлэнг “Спартак” клубийн эзэн Леонид Федун хувийн хөрөнгөөр бариулжээ. “Нээлттэй Арена” нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Оросын 12 цэнгэлдэхийн нэг юм. “Спартак” клубийн 75 жилийн ойд зориулсан уг цэнгэлдэх хүрээлэн нь 45 мянган хүний суудалтай аж. Улсынхаа аваргаар 21 удаа шалгарсан спартакууд гайхалтай уран тоглолт, гайхамшигтай ухаалаг шийдлүүдээрээ Европын шилдэг багуудыг сандаргадаг. Ялангуяа 1990- ээд онд “Реал”, “Интер”, “Манчестер Юнайтед” багийг дараалан хожсон удаатай Оросын төдийгүй Зөвлөлтийн бахархал болсон хөлбөмбөгийн клуб юм. Тус клубийн анхны гэр болох “Нээлттэй Арена” цэнгэлдэх хүрээлэнг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор өвч тоногложээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн фасадыг клубийн сүлд өнгө болох улаан, цагааны хослолоор чимэглэсэн байна.
Цэнгэлдэх хүрээлэнгийн шав тавих ёслол 2007 онд болсон ба зураг төсөл нь хэдэнтээ өөрчлөгдсөний эцэст 2015 оны есдүгээр сарын 5-нд “Спартак”, Сербийн “Црвена звезда” буюу “Улаан од” багийн тоглолтоор үүдээ нээжээ. Цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөх талбайд Зөвлөлтийн домог болсон хөлбөмбөгчдийн хөшөөг босгосон байна. Энэхүү цэнгэлдэхийн музейд ЗХУ- ын хөлбөмбөгийн аваргын болор цомыг залсан нь спорт сонирхогчдын анхаарлыг татдаг. Учир нь 1989 онд болсон ЗХУ- ын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “Спартак” клуб хожиж, ЗХУ-ын сүүлчийн аваргаар тодорсон билээ.
Дахин хэзээ ч давтагдахгүй 52 жилийн түүхийн гэрч болсон тэрхүү цомыг ийнхүү спартакуудын гэрийн хойморт залсан юм. Спартакуудын музейд клубийн нь он дарааллын түүх, үе үеийн тоглогчдын мэдээллийг дүрс бичлэгийг цахим хэлбэрээр байршуулжээ. Түүнчлэн тус клубийн гал гарсан тоглолтуудыг үзүүлдэг тусгай театрыг цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан аж. Цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх тасалбар суудлын байрлалаас хамаараад харилцан үнэтэй гэнэ. Дээд зэрэглэлийн суудлын нэг улирлын багц үнэ нь хоёр сая рубль ажээ. Цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй “Спартак” метроны буудлыг 2014 онд ашиглалтад оруулсан байна. “Нээлттэй Арена” цэнгэлдэх хүрээлэнг 25 тэрбум рублийн өртгөөр бүтээн босгожээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)