С.Саргсян "сүүдрийн" удирдагч болж магадгүй
- 2018-04-29
- Дэлхий
- 0
Армяны төрийн тэргүүнээр хоёр удаа улиран ажиллаж, Ерөнхийлөгчийн засаглалыг халж, парламентын засаглалыг сонгосон Серж Саргсян ард иргэдийнхээ шахалтаар албан тушаалаасаа буулаа. Түүнийг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн энэ сарын 13-наас хойш жагсаал цуглаан хийж, зарим үед цагдаа нар, жагсагчдын хооронд мөргөлдөөн хүртэл гарч байсан юм. Армяны сөрөг хүчний улс орондоо өрнүүлсэн “Хамба хилэн” хувьсгалын дүнд улсынхаа засгийн эрхэнд гарсан Серж Саргсян огцорсноор Армянд байдал намжиж эхэллээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоод байсан Серж Саргсян энэ сарын 9-нд улсынхаа парламентын шийдвэрээр Ерөнхий сайдаар сонгогдоод байсан юм.
Армянд 2008 онд өнгөт хувьсгал өрнүүлж байсан ч энэ удаагийн “Хамба хилэн” хувьсгал амжилтад хүрч, сөрөг хүчнийхэн өөртөө зориулан хууль баталж, засгийн эрхэнд гарчээ. “РИА Новости” агентлагийн уламжилснаар, Армяны Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр тус улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд Карен Карапетяныг томилсон байна. Шинжээчдийн үзэж байгаагаар К.Карапетян нь дараагийн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай аж. Гэхдээ Серж Саргсян ийнхүү огцорсон ч тус улсын сөрөг хүчнийхэн дангаар Засгийн газраа бүрдүүлж чадахгүй аж. Серж Саргсяны тэргүүлдэг нам парламентад олонхийн суудлыг эзэлдэг бөгөөд парламент Ерөнхий сайдыг сонгодог гэнэ. Тиймээс ажиглагчид эрх баригч намаас л Ерөнхий сайдыг томилох болов уу гэж таамаглаж байгаа бөгөөд С.Саргсян “сүүдрийн” удирдагч болох магадлалтай хэмээн онцоллоо.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)