БНХАУ-д хар тамхины сүлжээг таслан зогсооно
- 2018-04-29
- Дэлхий
- 0
Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотын хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэг тэрбум юань буюу ойролцоогоор 160 сая ам.долларын үнэ бүхий 1.3 тонн кокаиныг хураан авчээ. Энэ хэрэгт холбогдуулан 10 хүнийг баривчлан саатуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хятадын Засгийн газар мансууруулах бодисын наймааны сүлжээг таслан зогсоох ажиллагааг 2017 онд эхлүүлж, одоо ч үргэлжилж байгаа юм. Цагдаа нар хар тамхины наймаанд сэжиглэж байсан таван хүнээс байцаалт авч, сэтгэцэд нөлөөлөх 40 орчим килограмм хориотой бодисыг хураан авчээ.
Түүнчлэн тэд кокаин нийлүүлэх талаархи мэдээллийг олж чадсанаар ихээхэн хэмжээний хар тамхийг дахин хураан авч чадсан байна. Хар тамхи нь тус улсад Зүүн Өмнөд Ази болон Латин Америкийн орнуудаас ихээхэн орж ирдэг аж. Хятад улс хар тамхитай тэмцэх хүрээнд идэвхтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэн бусад улстай эрчимтэй хамтран ажиллаж байгаа хэдий ч тус улсад хар тамхи ихээхэн хэмжээгээр орж ирсэн хэвээр байна. БНХАУ-ын эрх баригчид мансууруулах бодисын эсрэг хуулиа чангатгаж, хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлж, худалдаалж, тээвэрлэж, үйлдвэрлэсэн этгээдэд 15 жилээс бүх насаар нь хорих ял оноодог. Мөн 50 граммаас дээш мансууруулах бодис авч явсан иргэнийг цаазаар авах хуультай ажээ.
Х.ЗАЯА
Сэтгэгдэл (0)