Пакистаны төмөр хатагтай Муниба Мазари

Пакистаны төмөр хатагтай хэмээн алдаршсан Муниба Мазари 1987 оны гуравдугаар сарын 3-нд мэндэлжээ. Тэрбээр зураач, тэргэнцэртэй загвар өмсөгч, дуучин, телевизийн нэвтрүүлэгч зэрэг олон төрлийн авьяастай нэгэн. Түүний сэтгэл хөдөлгөм бөгөөд харамсалтай түүхийг бид энэ удаад танилцуулж байна. Муниба Мазари Пакистаны бусад эмэгтэйчүүдтэй адил бага насандаа буюу 18-тайдаа нөхөртэйгөө ханилсан байна. Тэрбээр энэ тухайгаа “Хором бүрт амьдар” хэмээх алдарт илтгэлдээ олон нийтэд дэлгэрэнгүй ярьсан юм. “Би 18 настайдаа гэрлэсэн. Би хатуу гэр бүлд өссөн учраас сайн охин байхын тулд хэзээ ч эцэг, эхдээ үгүй гэж хэлж байгаагүй. Нэг удаа аав намайг хүнтэй суухыг хүссэн. Хэрвээ энэ нь түүнийг жаргалтай байлгах зүйл мөн бол би тэгье гэсэн. Мэдээж энэ гэрлэлт аз жаргалтай байгаагүй. Гэрлээд хоёр жил болсны дараа бид автомашины осолд орсон. Нөхөр маань ухаан алдаж, автомашин маань жалганд унасан. Нөхөр маань машинаас үсэрч өөрийгөө аварч чадсан. Би үүнд нь үнэхээр их баярладаг. Би харин машин дотор үлдсэн. Дурдах юм бол маш урт жагсаалт гарахаар тийм хүндээр би шархадсан. Миний баруун гарын шуу, бугуйн яс цуурсан. Мөр, эгэмний яс цуурч, цээжний яснууд хугарсан. Энэ бүх өвдөлт намайг, миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Аврах багийн маш олон хүн ирж, намайг хүчилтөрөгчид оруулсан. Нугасны мэдээ алдалтаас болж, бүтэн ухаангүй байсан. Эмнэлэгт өнгөрүүлсэн хоёр жилийн хугацаа надад үхэл мэт аймшигтай хүнд үе байв. Тэгэхэд би цөхрөлийн хязгаарт байсан. Нэг өдөр эмч ирээд “Чамайг зураач болохыг хүсдэг гэж сонссон. Гэхдээ чиний гэрийн эзэгтэй байх амьдрал дуусч байна. Бас чи дахин зурж чадахгүй гэдэг муу мэдээг дуулгах боллоо” гэсэн. Дараагийн өдөр эмч дахин ирээд “Нурууны гол яс чинь үнэхээр муу байна. Чи дахин алхаж чадахгүй” гэв. Би гүнзгий амьсгаа авч энэ бүхэнтэй эвлэрч эхэлсэн. Дараагийн өдөр мөн эмч орж ирээд “Чиний сээр ясны чинь цууралт, нурууны бэхжилтээс болоод чи хүүхэд төрүүлж чадахгүй болсон” гэв. Энэ мэдээ намайг сүйрүүлсэн. Тэр өдрөөс эхэлж би өөрөөсөө “Ингэж амьдарч яах юм бэ?” гэж асуух болсон. Ийм байдалтайгаар байхдаа би ахтайгаа нэг өдөр ярилцсан.

“Би өөрийгөө эрэмдэг гартайгаа мэднэ. Гэхдээ би энэ эмнэлгийн цагаан хана, цагаан өнгийн хувцастай хүмүүс, цагаан өнгөнөөс үнэхээр залхаж байна. Надад өөр өнгө өгөөч, зурж болох жижиг зүйл өгөөч. Би зурахыг хүсч байна” хэмээн ахаасаа хүссэн. Тэгээд л нэг өдөр хамгийн анхныхаа зургийг өөрийнхөө үхлийн орон дээр байхдаа зурсан. Энэ нь надад үнэхээр гайхалтай эмчилгээ болсон. Ямар ч гунигтай үгс байхгүйгээр би өөрийнхөө зүрх сэтгэлийг ил гарган зурсан. Би энэ түүхээ хүмүүстэй хуваалцах хэрэгтэй байлаа. Хүмүүст зураг зурах ямар гайхалтай. Амьдрал ямар олон өнгөтэйг ойлгуулмаар байсан. Тэр бол миний айдастайгаа тэмцэх тэмцэл. Би бүх айдсаа нэг нэгээр нь бичсэн. Мөн нэг л өдөр энэ бүхнийг ялан дийлнэ гэж итгэсэн. Миний хамгийн том айдас юу байсан гэж бодож байна. Энэ бол салалт. Энэ бол юу ч биш зүгээр л миний айдас гэж шийдсэн тэр өдөр би нөхрөөсөө салснаар өөрийгөө эрх чөлөөтэй болгосон юм. Түүнийг хүнтэй гэрлэж байгаа мэдээ сонссон тэр өдөр би сэтгэл зүйгээ маш хүчтэй болгож, түүнд захидал бичсэн. “Би маш баяртай байна. Чамд сайн сайхныг хүсье” гэж бичсэн. Тэр одоо ч намайг өөрийнх нь төлөө залбирч байгааг мэднэ. Дараагийн айдас ээж болж чадахгүй минь байлаа. Энэ асуудал намайг тэр чигтээ шаналгаж байсан. Дараа нь би тайвширсан. Энэ дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг маш олон хүүхэд бий. Тэгэхээр уйлах шаардлага байхгүй. Зүгээр явж очоод тэдний нэгийг үрчилж ав гэж өөртөө хэлсэн. Би үүнийг хийсэн. Би хүмүүнлэгийн олон байгууллага, асрамжийн газарт хүсэлтээ өгсөн. Тэгээд тэвчээртэйгээр хүлээсэн. Хоёр жилийн дараа Пакистанд байдаг маш жижигхэн хотоос надад дуудлага ирсэн. Утсаа авсан чинь “Муниба Мазари юу. Энд нэг бяцхан хүү байна. Та үрчилж авах уу” гэсэн энэ мөчид би яг л төрөлтийн өвдөлтийг мэдрэх шиг болсон. Тэгээд би “Тийм ээ тийм. Би түүнийг үрчилж авах болно. Би гэртээ авчирна” гэж хариулсан. Тэр өдөр хүү маань хоёр сартай байсан. Тэргэнцэр дээрээс өндийхөд юу хамгийн их өвддөг гээч. Энгийн хүмүүс өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүнээс илүү гэж үзэж, тэднийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэгээд би энэ тухай олон нийтэд илүү илэрхийлье гэж зорьсон. Ингээд зурж эхэлсэн. Мөн Пакистаны үндэсний телевизийн нэвтрүүлэгт тэргэнцэртэйгээ орохоор шийдсэн. Хэрвээ чи явах ёстой замаа хүлээн зөвшөөрвөл хорвоо ертөнц чамайг шагнана. Амьдралд олон гайхамшигтай зүйл бий. Энэ бол миний төлөвлөгөө. Миний төлөвлөснөөр л явах ёстой. Хэрэв түүгээр нь болохгүй бол бид бууж өгдөг. Би тэргэнцэр дээр суудаг болохыг хэзээ ч хүсээгүй. Тэргэнцрийн тухай бодож ч байгаагүй. Энэ амьдрал бол сорил шалгалт. Шалгалт хэзээ ч амархан байдаггүй шүү дээ. Тиймээс амьдрал чамд лемон өгвөл чи түүнийг лемонтой ундаа болгож хувирга гэдэг. Амьдралаас ирж буй зүйлийг хөнгөвчилж хүлээж ав. Түүнээс биш амьдралыг буруутгаж болохгүй. Айж болно. Зүгээр. Уйлж болно. Зүгээр. Бүх зүйл зүгээр. Гагцхүү бууж өгөх бодол огт байж болохгүй юм шүү. Хүмүүс алдаа гаргаж болохгүй гэж үргэлж хэлдэг. Харин би хувьдаа алдааг байх ёстой гэж боддог. Алдаж байж бид онодог, бас босдог. Амьдарч байгаа хором бүртээ, газар бүртээ амьд яваадаа таларх. Амьдар. Үхлээсээ өмнө битгий үх. Жинхэнэ аз жаргал гэдэг талархалд бий. Үнэхээр гоё бай. Амьд бай. Хором бүр амьдар хэмээсэн юм. Түүний энэхүү илтгэл олон мянган хүний сэтгэл зүрхэнд оч бадраасан. Муниба Мазари Пакистан улсаас НҮБ-ын сайн санааны элч болсон хамгийн анхны хүн юм. Тэрбээр 2008 онд авто осолд орж, амьдрал нь орвонгоороо эргэсэн ч бүх зүйлийг хүлээн авч дотоод ертөнцдөө амьдарч босч шинэ бүхнийг эхлүүлж урьд өмнөхөөсөө ч илүү үнэ цэнэтэй оршин буй. Түүний амьдралын түүхтэй танилцсан хүн бүхэн чухам яагаад төмөр хатагтай хэмээн нэрийдсэн гэдгийг ойлгож, амьдрах урам зориг авдаг. Муниба Мазари хүүхэд төрүүлж чадахгүйдээ гутарч гунихын оронд амьдралынхаа утга учир болсон бяцхан Наэл хүүг үрчлэн авсан нь өдгөө долоон нас хүрч буй аж. Тэрбээр уран бүтээлдээ улаан, алтан шар, цэнхэр өнгө ихээхэн ашигладаг. Энэ нь түүний өөдрөг байхыг хүсч тэмүүлж буйн илрэл мэт. Мөн алаг эрээн цэцэгсийг бүтээлдээ тод томруунаар тусган харуулдаг. Хэдийгээр түүний бүтээлдээ дүрсэлж буй эмэгтэйчүүд зарим талаараа эрэмдэг сул дорой харагдах авч зургийн өнгө бас өөр нэгэн зүйлийг илтгэх мэт.

Муниба Мазари нь “Форбес” сэтгүүлээс гаргадаг 30 хүртэлх насны шилдэг 30 залуугийн жагсаалтад багтсан юм. Түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Хүмүүс таныг урам зориг өгөгч гэж дуудахад ямар санагддаг вэ?

-Мэдээж тааламжтай байдаг. Гэхдээ яагаад би гэж би заримдаа асуудаг. Намайг тэргэнцэртэй эмэгтэй болохоор уу, эсвэл би тэдэнд урам зориг өгөх юу хийсэн билээ гэж боддог.

-Та бусдад урам зориг өгөх хүч чадалтай гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Би анх удаа олны өмнө илтгэл тавьсан. Миний илтгэл дууссаны дараа нэгэн охин ирээд намайг тэврэхийг хүссэн. Тэгээд надад “Таны 10 минутын илтгэл миний амьдралд тулгамдаад байсан 10 асуудлыг шийдвэрлэчихлээ. Одоо би бүх асуудлыг мартсан” гэсэн. Тэр үед л надаас гарах үг хүмүүст тусалж чадах юм гэдгийг ойлгосон.

-Хүмүүстэй түүхээ хуваалцах хэцүү байв уу?

-Түүхээ бусадтай хуваалцаж, тэдэнд урам зориг өгөхийн тулд би тэр аймшигт ослын дараа юу тохиолдсоныг эргэцүүлэн бодох хэрэгтэй болдог. Уг ярианы дараа эдгэрэх цаг хугацаа шаарддаг ч би өвдөлтөөрөө дамжуулан бусдад туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Хэрэв би өөрийнхөө түүхийг хуваалцаж, нэг хүний амьдралыг өөрчилж чадвал ажлаа бүрэн гүйцэд хийсэн гэсэн үг.

-Таны илтгэлийг олон хүн сонсоход танд ямар санагддаг вэ?

- Дэлхий даяар хүмүүс миний хэлэхийг сонсдог учраас би баяртай байдаг. Хэн нэгэн нь өвдөж зовж байгаа бол миний илтгэлээс ямар нэг тайвшрал, урам зориг олно гэж найдаж байна.

-Таны эхлүүлсэн “food drive” ажил хэр амжилттай байна вэ. Яагаад ийм ажил эхлүүлэхээр болов?

-Би хүмүүст хоол хүргэж өгөхдөө жаргалтай болдог. Хэдэн найзуудтайгаа хамтраад энэ ажлыг анх эхлүүлж байсан. Одоо ч бид амьдралын боломжгүй хүмүүст хоол хүргэж өгдөг. Энэ бол дан ганц хоол хүнс өгөх тухай яриад байгаа юм биш. Бид цугларч хамтдаа инээлдэж, цагийг зугаатай өнгөрүүлдэг. Заримдаа бас уйлах үе гардаг. Энэ арга хэмжээ бол хүмүүсийн хоорондох харилцааны гүүр болж байгаа юм. Бяцхан хүүхдүүдийн инээмсэглэлийг харах нь намайг аз жаргалтай болгодог.

-Уран зураг таны хувьд хэр чухал бэ?

- Миний хувьд маш чухал зүйлсийн минь нэг. Энэ нь намайг өвчин зовлонгоо мартахад тусалсан хамгийн сайн эмчилгээ байсан.

-Таны амьдралын хамгийн чухал хүн.

-Миний хүү Наэл. Тэр бол миний ертөнц. Миний гол үүрэг хариуцлага бол хүүгээ сайн хүн болгон өсгөх юм. Намайг хайрлаж дэмжих хүнтэй байна гэдэг сайхан шүү дээ. Миний ах, ээж, хүү гээд энэ бүх хүнийг надад хайрласан бурхандаа талархаж явдаг.

Г.НЯМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)