Солонгосын хойгт энхтайвны шинэ түүх эхэллээ
- 2018-04-30
- Дэлхий
- 0
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн баасан гарагт хоёр Солонгосыг заагладаг хилийн бүсэд орон нутгийн цагаар 9.30 цагт нэвтэрснээр 65 жилийн түүхэнд өмнөд хөршийнхөө нутагт хөл тавьж, Умард Солонгосын анхны төрийн тэргүүн боллоо. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хилийн шугаман дээр Ким Жон Уныг найрсгаар угтан авч, дээд хэмжээний уулзалт болох өргөөнд түүнтэй хөтлөлцөн ирсэн нь хоёр улсын харилцаа шинэ төвшинд хөгжиж эхэлснийг олон улсад харууллаа. Халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн түүхэн уулзалтыг 41 улсын хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлав. Хоёр улсын тэргүүнүүдийн Энхтайвны өргөөнд болсон ууулзалт эв найрамдлын бэлгэдэл хэмээдэг нарс мод суулгах ёслолоор өндөрлөсөн байна. Нарс модны дэргэд “Бид энд энхтайван, хөгжил цэцэглэлтийг суулгалаа” гэсэн бичээстай чулуун самбар босгожээ. Солонгосын хойгийн түүхэн дэх гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хүндэтгэлийн оройн зоогоор төгссөн юм. Хүндэтгэлийн зоогийг “Саншайн” гэсэн үндсэн цэс гарган бэлтгэжээ. Солонгосын хойгийн цэрэг дайны хурцадмал байдлыг намжааж, нийтлэг ойлголтод хүрч, хамтарсан тунхаг нийтэлсэнд Хятад, ОХУ, АНУ, Герман, Франц, Энэтхэгийн төр, засгийн тэргүүнүүд баяр хүргэсэн байна.
Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Солонгосын дайн албан ёсоор дууслаа” хэмээн жиргэсэн бол “Солонгосын хойгт нэгдмэл, найрсаг харилцаа тогтоохын тулд Хятад улс хичээнгүйлэн ажиллана” гэж Ши Жиньпин дарга мэдэгдлээ. 2018 он гарснаас хойш хурцадмал байсан хоёр улсын харилцаа “Пёнчаны өвлийн олимпын наадамд Умард Солонгосын тал оролцсоноор сэргэсэн бол энэ удаагийн уулзалт ахан дүүсийг эргэн нэгтгэлээ” гэж ажиглагчид дүгнэлээ. Пханмунжон нь Солонгосын хойгийн хилийн зэвсэггүй, завсрын бүс бөгөөд Сөүл хотоос 52 км, Пхеньянаас 147 км зайтай байрладаг. Энд 1950- 1953 онд үргэлжилсэн Солонгосын дайныг эцэслэсэн түүхэн гэрээнд гарын үсэг зурсан ба хоёр Солонгосыг нэгтгэх асуудлаарх НҮБ-ын тусгай комисс байрлаж байжээ.
ПХАНМУНЖОНЫ ТУНХАГ ЭНХТАЙВНЫ ТҮҮЧЭЭ БОЛНО
Солонгосын дайнаас хойш албан бусаар дайны байдалтай байсан хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргаж, энхтайвнаар зэрэгцэн орших үндсийг тавьсан энэ удаагийн хэлэлцээр орон нутгийн цагаар баасан гарагийн 10.30 цагт эхлэж 100 минут үргэлжлээд завсарласан байна. 16.30 цагт үргэлжилсэн уулзалтын бүрэлдэхүүнд БНАСАУ-ыг төлөөлж удирдагч Ким Жон Ун, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын суртал ухуулгын албаны орлогч дарга Ким Ё Жон, БНАСАУ- ын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын ажлын албаны тэргүүн Ким Ён Чхоль, хоёр Солонгосыг эв найрамдлаар нэгтгэх яамны сайд Ли Сон Гвон, Батлан хамгаалахын сайд Пак Ён Сик, Гадаад хэргийн сайд Ли Ён Хо багтсан бол БНСУ-ын талаас Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Ерөнхий штабуудын комиссын тэргүүн Жон Гён Ду, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Чон Ый Ён, Үндэсний тагнуулын албаны дарга Сон Хун, хоёр Солонгосыг нэгтгэх яамны сайд Чо Мён Гён, Батлан хамгаалах яамны сайд Сон Ён Му, Гадаад хэргийн сайд Кан Гён Хуа нар байлцжээ. Талууд хоёр Солонгосын хооронд худалдааны болоод хүмүүнлэгийн салбарын харилцааг сэргээж, хойд болон өмнөдийг холбосон төмөр зам, авто замын харилцааг сэргээж, хурдны төмөр зам тавихаар тохиролцжээ. Мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн, дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлийг нэгтгэх, уулзуулах асуудлаар тохиролцоонд хүрснийг ТАСС агентлаг онцолж байна. Пханмунжонд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнг бэхжүүлэх зорилгоор АНУ болон Хятадын талыг оролцуулсан хамтарсан уулзалт зохион байгуулах боломжтойг талууд дурджээ. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд талууд Пханмунжоны энхтайвны тунхгийг батлан гарын үсэг зурсан юм. Тунхагт Умард болон Өмнөд Солонгосын тал энэ оны сүүл гэхэд Солонгосын хойгийг цөмийн зэвсгийн аюул заналхийллээс бүрэн ангижруулж, энхийн гэрээ байгуулах талаар бичжээ. Тунхгийг баталж, гарын үсэг зурсны дараа хоёр удирдагч тэврэлдэн баяр хүргэсэн байна. Энэ үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Солонгосын хойгт дахин дайн болохгүй, энхтайвны шинэ түүх эхэлсэн” хэмээсэн бол Ким Жон Ун “Үндэстний дотоодын дайнгүй орчинд аз жаргалтай, цэцэглэн хөгжсөн шинэ түүхийг бүтээхийн төлөө бид түүхэн үүрэг, хариуцлагатай сэтгэлээр хамтын ойлголцолд хүрлээ” хэмээснийг “Ариранг” телевиз шууд дамжуулсан юм. Улмаар хоёр Солонгосын удирдагчид 70 орчим жил үргэлжилсэн дайсагнасан харилцаандаа цэг тавьж, энэ ондоо багтаан энхийн хэлэлцээр хийхээр зорьж байгаагаа мэдэгдлээ.
ТУСГААРЛАГДСАН АХАН ДҮҮС ДАХИН НЭГДЭХ ҮНДСИЙГ ТАВИВ
Хоёр Солонгосын хоорондох дээд хэмжээний анхны уулзалт 2000 онд Пхеньянд болжээ. Пхеньянд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир нар түүхэн уулзалт хийж, хоёр орны харилцаа холбоонд найрсаг, дулаан уур амьсгал оруулах үндсийг тавьсан цөөн хүн ар гэрийнхэнтэйгээ уулзсанаас илүү ахиц гараагүй байсан юм. Харин энэ удаагийн уулзалт үзэл бодлын дайны улмаас талцан, 38 дугаар өргөргөөр хуваагдсан ахан дүүсийг дахин нэгтгэх итгэл найдвар төрүүлж буйг ажиглагчид онцолж байна. Түүнчлэн 2007 онд Пхеньян хотод болсон Ким Чен Ир, Но Мун Хён нарын уулзалтаар баталсан Энхтайван байдал, хамтын хөгжил цэцэглэлтийн тухай тунхгийг үргэлжлүүлэхээ Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар мэдэгджээ. Найман зүйл заалтаас бүрдсэн уг тунхаг бичиг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, Солонгосын дайны дараах эвлэрлийн гэрээг энхийн гэрээ болгон өөрчлөх, худалдаа эдийн засгийн харилцаа холбоогоо өргөжүүлэн тэлэх зэргийг тусгаснаараа ач холбогдолтой. Пханмунжоны уулзалтын үеэр талууд ирэх сард батлан хамгаалах салбарт яриа хэлэлцээ хийхээр тогтсон ба Индонезид болох Азийн наадам болон бусад олон улсын томоохон арга хэмжээнд хоёр Солонгосын тамирчид хамтран оролцохоор тохиролцжээ. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд талууд дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ бичсэн бөгөөд Ким Жон Ун хүндэт зочны дэвтэрт "Энхийн цаг үе эхэллээ" , Мүн Жэ Ин “Пханмунжом тосгон энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээн бичжээ. Түүнчлэн хоёр Солонгос алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд байнга уулзах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)