БНХАУ Энэтхэг улстай стратегийн харилцаагаа хөгжүүлнэ
- 2018-05-01
- Дэлхий
- 0
Хятадын Ухань хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой албан бус уулзалт хийсэн билээ. Энэ удаагийн уулзалт хоёр орны харилцааг сайжруулах чухал алхам бөгөөд стратегийн ойлголцлоо нэмэгдүүлэх гэсэн хоёр талын хүсэл эрмэлзлийг илтгэсэн юм. Хоёр орны удирдагчид өнөөгийн дэлхий дахины өөрчлөлтийн стратегийн ойлголцлын тухай ярилцаж, Хятад, Энэтхэгийн ирээдүйн харилцааны талаар үзэл бодлоо солилцсон байна. Албан бус уулзалтын үеэр, хоёр орны удирдагч ямар нэгэн хэлэлцээрт гарын үсэг зураагүй ч олон салбарынхны анхаарлыг татаж байлаа. Учир нь, Хятад, Энэтхэгийн удирдагчдын уулзалт хоёр орны харилцааг ахиулахаас гадна бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Уулзалтын үеэр Ши Жиньпин, Н.Моди нарын хэлсэн үгийг эх сурвалжууд эш татан мэдээлж байна. Тухайлбал, Уханий уулзалт хоёр орны итгэлцлийг нэмэгдүүлж, Хятад, Энэтхэгийн харилцааг хөгжүүлэх ерөнхий чиг хандлагад шинэ зорилт тогтоож, хамтын ажиллагааны хөгжилд шинэ хуудас нээснийг “Синьхуа” агентлаг онцолжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Хятадын удирдагч Ши Жиньпин нар Чиндао хотод ирэх сард болох ШХАБ-ын дээд хэмжээний чуулганы үеэр дахин уулзахаар тохиролцжээ.
ШИ ЖИНЬПИН: XXI ЗУУНЫ АЗИЙГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Харилцан итгэлцэл бол Хятад, Энэтхэгийн харилцааг тогтвортой хөгжүүлэх үндэс юм. Хоёр улсын харилцаанд стратегийн өндөрлөгөөс хандаж, харилцан ойлголцол, итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлэн, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, найрсаг харилцааны үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Иймийн тулд хоёр орон хамтран иж бүрэн хамтын ажиллагаагаа сайтар төлөвлөх ёстой. Хятад, Энэтхэгийн харилцаа дээд төвшинд хөгжиж байна. Энэ хоёр орон бол дэлхийн олон туйлт эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч юм. Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо. Ерөнхий сайд та шинэ Энэтхэгийг байгуулах зорилт дэвшүүлсэн. Хөгжлийн замд хоёр орон адилхан үүрэг хүлээж байна. Тиймээс хөгжилд түлхүү анхаарч, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, үндэстний сэргэн мандалтыг хамтдаа биелүүлж, тогтвортой, хөгжин цэцэглэсэн XXI зууны Азийг хамтдаа бүтээн байгуулахаар хичээн зүтгэх ёстой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тантай найрсаг харилцаа тогтоож, олон чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хятад, Энэтхэгийн найрамдалт хамтын ажиллагааг даян дэлхийд дамжуулж, хоёр том эдийн засгийн цогцын харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн эрэл хүслийг харуулж чадсан юм. Та бидний энэ удаагийн уулзалтаар Хятад, Энэтхэгийн харилцааны шинэ хуудсыг сөхөж байна. Бид хоёр орны хөгжлийн хэтийн төлөвийг стратегийн төвшнөөс харах хэрэгтэй. Хоёр орны найрсаг харилцааг тасралтгүй эрчимжүүлэн, Хөх болон Ганга мөрний урсгал шиг хэзээ ч тасалдахгүй байхыг хүсч байна. Энэтхэгийн талтай хамтран хөгжлийн түншийн улам нягт харилцаа тогтоон, хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулахад Хятадын тал бэлэн” хэмээжээ.
Н.МОДИ: ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААГ ШИНЭ ТӨВШИНД ГАРГАНА
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди “Миний бие тантай нээлттэй ярилцаж, өнө эртний түүхтэй Хятадын соёлтой танилцлаа. Та Энэтхэг, Хятадын харилцааг хөгжүүлэхийг чухалчилж буйд талархаж байна. Манай хоёр улс бол эртний соёл иргэншлийн өлгий нутаг. Хоёр орон харилцан чухал хөрш учир яриа хэлэлцээр, солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, энхтайвнаар зэрэгцэн оршиж, үеийн үед найрсаг байх хэрэгтэй. XXI зуунд Энэтхэг, Хятад улс энхтайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн Ази тив болон дэлхийг байгуулахын төлөө хамтдаа хичээн зүтгэж, улам их хувь нэмэр оруулах хэрэгтэй. Хоёр улсын стратегийн харилцаа холбоог ахиулах саналыг дэмжиж байна. Энэтхэг, Хятадын харилцааг хөгжүүлэх талаар бид нийтлэг ойлголт, шийдвэр зориг, хүсэл эрмэлзэлтэй билээ. Хоёр тал хамтын ажиллагаагаа нягтруулан, харилцан ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлж, санал зөрөлдөөнөө хяналтдаа авч, иргэд хоорондын найрсаг харилцаанд тус дөхөм үзүүлэн, хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргах хэрэгтэй. Тиймээс Хятад улстай хамтран ажиллахад Энэтхэг улс бэлэн байна” гэжээ.
Х.ЭРДЭНЭЗАЯА
Сэтгэгдэл (0)