Жил бүр агаарын бохирдлоос болж долоон сая хүн амиа алдаж байна
- 2018-05-02
- Байгаль орчин
- 0
Агаарын бохирдлын улмаас жил бүр долоон сая хүн амиа алдаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ энэ тухай мэдээлжээ.
“Агаарын бохирдлын түвшин дэлхийн олон газарт маш аюултай хэмжээнд хүрсэн хэвээр байна. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд 10 хүн тутмын 9 нь бохирдол ихтэй агаараар амьсгалж байгаа бөгөөд агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн цаг бусаар хорвоог орхиж байна” хэмээн тус байгууллагын тараасан мэдэгдэлд дурджээ.
Агаарын бохирдлын улмаас нас барсан хүмүүсийн 90 хувь нь нэг хүнд ноогдох орлого нь бага болон дундаж голдуу Ази, Африкийн улсуудын иргэд байна.
Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хэлэхдээ “Агаарын бохирдлын улмаас бид бүгд аюулд ороод байгаа хэдий ч хамгийн түрүүнд ядуу буурай орны ард иргэд зовж шаналж байна” гэжээ.
“Агаарын бохирдолд хил хязгаар гэж үгүй. Агаарын чанарыг сайжруулахын тулд засгийн газрууд бүхий л түвшинд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ болон хог хаягдлыг устгах зэрэг хүрээнд шийдвэр гаргахын тулд улс орнууд хамтран ажиллах ёстой” хэмээн ДЭМБ онцлон тэмдэглэжээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (0)