Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүлдэр угсааг сайжруулах ажил орон даяар эхэллээ
- 2018-05-02
- Орон нутаг
- 0
УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан юм.
Өчигдрөөс эхлэн улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга, угаалгын ажил тогтсон хуваарийн дагуу хийж байна. Мөн мал үржүүлэг, технологийн ажлын нэгдсэн график төлөвлөгөө бүх орон нутагт хэрэгжиж эхэллээ.
Засгийн газар улс орны эдийн засгийн тулгуур салбар болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангах, хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж улмаар гадаад улс орнуудын эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьж байгаа юм. Энэ зорилтыг хангахын тулд мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг бүх нийтийг хамарсан үр дүнтэй ажил болгон орон даяар зохион байгуулдаг болох зохион байгуулалтыг ийнхүү хэрэгжүүлж байна.
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний жилийн ажлын нээлтэд оролцож, вакцин, био бэлдмэлийн дээж гардуулж байна /Архангай аймаг, 2018.05.01/
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Архангай аймагт ажиллаж, "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ"-ний нээлтийн арга хэмжээнд оролцох үеэрээ: “Малын тоо 66, 2 саяд толгойд хүрсэн, энэ жил 22 сая толгой төл хүлээн авах төлөвтэй байгаа. Гэтэл бид өнөөдөр энэ өсөн нэмэгдэж байгаа мал, сүргийнхээ үр, шимийг хангалттай хэмжээнд хүртэж чадаж байна уу гэдэгт бид анхаарлаа хандуулах ёстой. Малчдын амжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ ямар нэгэн өвчний эрсдэлгүй өсгөн үржүүлж ашиг шимийг хүртэн ая тухтай амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, аймаг орон нутгийн төр захиргааны болон мэргэжлийн байгууллагууд бүх нийтээрээ идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллаж, энэ ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тайлагнадаг болох зорилгоор бид энэхүү бүх нийтийн аянг зохион байгуулж байна. Мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, малчдын зохион байгуулж байгаа мал сүргийг гоц халдварт, халдварт болон гадна шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтоосон цаг хугацаанд чанартай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын иргэн бүрээс хүсч уриалж байна” гэлээ.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Архангай аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газрынханд цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өгч, санал хүсэлтийг сонслоо
Малчны хотонд очин, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцав
Эх сурвалж: ХХААХҮЯам
Сэтгэгдэл (0)