Өмнөд болон хойд Солонгос төмөр замаа холбох ажлаа эхлүүлжээ

Өмнөд болон хойд Солонгос улс өнгөрсөн сарын 27-ны өдөр дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ хоёр улсын хооронд төмөр болон авто замаа холбох, Хойд Солонгосын төмөр замын барилга байгууламжийг шинэчлэх, эх газрын төмөр замын холболтыг сайжруулах судалгааг эрчимтэй явуулахаар болсон юм. Уг ажил хэрэгжвэл энгийн иргэн болон бизнес эрхлэгчид эх газрын төмөр замыг ашиглан ачаа бараагаа Ази Европын хооронд тээвэрлэх боломжтой болох ажээ.

Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэн өнөөдөр “Хойд Солонгосын төмөр замын асуудлыг шийдэн, сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлж, Өмнөд болон Хойд Солонгосын галт тэргийг 50-аас дээш тооны чингэлэгтэй ачааны галт тэргэнд хэрэгтэй холбогч болон тоормосны систем шинэчлэн хийж байгаа” гэж мэдэгджээ.

Өмнөд ба Хойд Солонгос, Хятад, Европын төмөр замын хэмжээ 1435 мм байдаг бол ОХУ-ынх 1520 мм буюу 85 мм өргөн байдаг юм байна. Өмнөд болон Хойд Солонгос, Хятад, Оросын төмөр зам холбогдсоноор Өмнөд Солонгос улс ачаа тээврийг Европ тив хүртэл хуурай замаар тээвэрлэх боломжтой болох бөгөөд агаарын тээврийн зардал 20 хувиар буурч, тээвэрлэх хугацаа 34 хувиар богиносох боломжтой болох ажээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)