Баянхонгор, Говь-Алтай аймгийн замыг ирэх онд хүлээлгэн өгөхийг үүрэг болгов
- 2018-05-11
- Орон нутаг
- 0
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС, ХХААХҮ-ийн сайд нарын хамт Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрбээр Дэлгэр сумын малчин Т.Алзахгүйнд зочилж малчдын аж амьдралтай танилцан, мал аж ахуйн салбарын асуудлаар ярилцаж, малын эм болон бусад хэрэгслийг гардуулав. Албан томилолт аймгийн төвд “Мал эмнэлгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний нээлтээр үргэлжилж, тус аймагт хүн эмнэлгийн автомашин, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өглөө. Мөн аймгийн удирдлагуудтай өргөтгөсөн хуралдаан хийж, төрийн албан хаагчдыг сахилга баттай, хүнд сурталгүй хуулийн хүрээнд ард иргэддээ үйлчлэхийг үүрэг болгов. Үргэлжлүүлэн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, иргэдийн асуултад хариуллаа. Ерөнхий сайд илтгэлдээ “Манай Засгийн газар асуудлыг шийддэг Засгийн газар байна” гэдгийг онцолсон. Тиймээс танхимын сайд нарын хамтаар ажиллаж байгаа юм гэлээ. Түүнчлэн орон нутагт ажиллахдаа тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдэж, хамаарах салбар яам, сайдад нь үүрэг өгч ажиллав. Говь-Алтай аймгийн иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу цөөнгүй асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, Говь-Алтай аймагт монгол сарлагийн үүлдэр угсааг сайжруулахад 500 сая төгрөг гаргуулах, иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зургаан суманд худаг гаргаж өгөхийг ХХААХҮЯ-ныханд үүрэг болгов. Мөн Дэлгэр суманд ирэх оны төсөвт 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн санхүүжилтийг суулгах, 90 гаруй сая төгрөгийн өртөгтэй, хүн эмнэлгийн гурван автомашин хүлээлгэж өгөв.
Говь-Алтай аймагт монгол сарлагийн үүлдэр угсааг сайжруулахад 500 сая төгрөг гаргуулах, иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зургаан суманд худаг гаргаж өгөхийг ХХААХҮЯ-ныханд үүрэг болгов
Түүнчлэн энэ онд Цээл, Дарви сумын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон бол аймгийн иргэдийн хувьд автозамын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу Говь-Алтай аймгийн автозамыг 2019 оны аравдугаар сард Баянхонгор, Говь-Алтай аймгийн замыг дуусгаж ашиглалтад хүлээлгэж өгөхийг үүрэг өгөв. Улмаар нийт арван аймагт Дулааны цахилгаан станц барихаас нэгийг нь Говь- Алтайд байлгахаар боллоо. Энэ мэт олон асуудлыг орон нутгийн иргэдийн тавьсан санал, хүсэлтийг үндэслэн газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Манай Улсын эдийн засаг сайжирч энэ онд эдийн засгийн өсөлт 5.2 хувьтай гарсан. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үр шимийг ийнхүү ард түмэндээ чиглэсэн дээрх ажлуудыг шийдэж, хийх боломжтой болж байгааг Ерөнхий сайд хэлэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд “Говь-Алтай аймагт гэр бүлийн хүчирхийлэл их гардаг гэдгийг иргэд хэлсэн. Тиймээс Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасанд үүнд тусгайлан анхаарч, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалж ажилла” гэсэн хатуу үүрэг өгчээ.
М.ӨНӨРӨӨ
Сэтгэгдэл (0)