Хөвсгөл аймаг эрүүл бүс хэвээр байна
- 2018-05-20
- Орон нутаг
- 0
Засгийн газар мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, иргэдээ чанартай, баталгаатай хүнсээр хангаж, “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьсан. Үүний хүрээнд “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20 хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн юм. Хөвсгөл аймагт болсон “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ-2018”-ын нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцов. Тэрбээр малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ ямар нэгэн өвчингүй өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэх чиглэлээр Засгийн газар, аймаг, орон нутаг, мэргэжлийн байгууллага, малчид, ард иргэд идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тэмдэглэж, бүх нийтээрээ оролцохыг уриаллаа.
Мөн Засгийн газар мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, шинжлэх ухааны ололт, шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын тэргүүлэх туршлагыг нутагшуулахад онцгой анхаарч байгааг хэллээ. Хөвсгөл аймаг энэ жил 810 мянга гаруй мал, амьтныг 17 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар төлөвлөсөн байна. Тус аймагт он гарсаар өвчилсөн, хорогдсон, зориудаар устгасан малын тоо толгойг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурчээ. Төвийн бүсийн зарим аймагт шүлхий өвчин гарсантай холбогдуулан халдвар орж ирэхээс сэргийлж, хил залгаа таван сумын нутагт 50 хоног хяналтын пост ажиллуулж, ариутгал, халдваргүйжүүлэлт, дархлаажуулалт хийжээ. Энэ нь үр дүнгээ өгч шүлхий өвчингүй тайван, эрүүл бүсийн статусаа хамгаалан үлдэж чадсан байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Хөвсгөл аймагт мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд вакцин, био бэлдмэл хүлээлгэн өгчээ.
М.ӨЛЗИЙ
Сэтгэгдэл (0)