Бөхөн гөрөөсний тоо толгой эрс буурчээ

Монголын бөхөн гөрөөсний тоо толгой 40 хувиар буурсан тухай Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/ мэдэгдлээ.
Тус сангаас явуулсан судалгааны тайланд дурдсанаар, устаж үгүй болохын ирмэгт тулаад буй бөхөн гөрөөсний тоо толгой одоо ердөө 3000 орчим болоод байна.

ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Б.Чимэддорж ярихдаа “Өвчин болоод хахир хатуу өвлийн улмаас Монголын бөхөн гөрөөсний тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрсөөр байна. Энэ бол сэтгэл эмзэглэм мэдээ. ДБХС болон Монгол Улсын Засгийн газар энэ амьтныг устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Бидэнд энэ амьтныг хамгаалахад илүү тусламж дэмжлэг хэрэгтэй байна” гэжээ.

Тус сангийн мэдэгдсэнээр, зун нь ган, өвөл нь зуд болсонтой холбоотойгоор 2001 онд бөхөн гөрөөсний тоо толгой цөөрөн ердөө 750 болж байв. Харин ДБХС болон Монголын засгийн газар энэ амьтныг хамгаалах, өсгөх гэж уйгагүй хүчин чармайлт гаргасны дүнд тоо толгой нь 2014 онд 14 мянга болж нэмэгдсэн байна. Гэсэн ч “ямаан тахал” хэмээх мялзан төст өвчин дэгдсэнээр 2017 онд бөхөн гөрөөсний тоо толгой 5000 болж буурчээ. Энэ амьтны тоо толгой буурахад хулгайн ан ч мөн нөлөөлж байна.

Бөхөн гөрөөсийг онд мэнд оруулж, хамгаалахын тулд ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд бөхөн идээшиж буй газруудад өвс, тэжээл тавьж өгөх зэрэг арга хэмжээ авчээ. Мөн тэдний тоо толгойг гаргахын тулд идээшдэг газруудад нь автомат камерууд суурилуулсан байна.

ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2018 оны дөрөвдүгээр сард бөхөн гөрөөсний тоо толгойг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахаар судалгаа хийсэн байна. Энэ судалгаанаас үзвэл, бөхөнгийн тоо толгой 2017 оны гуравдугаар сарын мэдээлэлд дурдсанаас даруй 40 хувиар цөөрөн ердөө 3000 орчим болсон байна.

Судлаачдын хэлснээр, байгалийн өвс муу байгаатай холбоотойгоор бөхөн гөрөөс өвс тэжээл эрж хайн ийш тийшээ тархан явж байна.

Дэлхийд ховордсон бөхөн гөрөөсийг устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд энэ амьтны амьд үлдэх чадавхийн талаар нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй байна гэж ДБХС-гийн мэргэжилтнүүд хэлсэн байна.

 

Э.Сэргэлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)