Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тогтоол баталлаа

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж, Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай байнгын хорооны тогтоолыг баталлаа. Уг тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэн, хөрөнгийн эх үүсвэр, хүрэх үр дүнг заасан нэгдсэн төлөвлөгөөг нэн даруй баталж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ. Хуралдааны эхэнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХаас Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол батлан, Ажлын хэсгээс Засгийн газарт хоёр удаа зөвлөмж хүргүүлснийг дурдав. Тэрбээр хоёр удаагийн зөвлөмжид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар, нийслэл, аймаг орон нутгийн удирдлагаас хийж байгаа ажлын тайлан мэдээллийг сар бүр ирүүлж байх, 2019 оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах болсонтой холбоотой хийж байгаа бэлтгэл ажлын талаарх мэдээллээр Ажлын хэсгийг тогтмол хангаж ажиллах, сайжруулсан зуух, түлш болон халаалтын технологи, гэр, амины орон сууцны дулаалгын талаарх шийдлийг тодорхойлж, энэ оны тавдугаар сард багтаан танилцуулах талаар дурдсан ч өнөөг хүртэл мэдээлэл ирүүлээгүй шалтгаанаа тайлбарлахыг хүсэв.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга нар бусад газраас ирүүлсэн мэдээллийг нэгтгээгүйтэй хол­ боотой тайлан мэдээллийг ирүүлэхгүй цаг алдсан. Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд мэдээллээ ирүүлэх, хамтран ажиллах талд хойрго хандсантай мөн холбоотой” гэв. Байнгын хорооны гишүүд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах гэж буйтай холбоотой шахмал түлшээр иргэдийг хангах ажлын бэлтгэлийг хэр хангаж байгаа, төрийн өмчит шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлын талаар, нам даралтын зуухуудын үйл ажиллагааг зогсоох асуудлаар, иргэдийг орон сууцжуулах ажлын явцын талаар тодруулж байлаа. БОАЖ-ын сайд болон Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, гэр хорооллыг гурван бүсэд хувааж, баталсан 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээс 29 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчид шалгаран, газрыг чөлөөлж барилга угсралтын ажлыг эхлүүлжээ. “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчдын орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах зорилготой ба тус сангаас нийт 74 иргэнд дэмжлэг үзүүлж, газрын санд 4.5 га газрыг шилжүүлэн авсан байна. Нийслэлийн төсвөөс 468.0 сая төгрөгийг Хан-Уул дүүрэгт орлогод нийцсэн орон сууц төслийг хэрэгжүүлэхээр гадна инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулж буй аж. “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр 960 айлын орон сууц бий болж жилийн түүхий нүүрсний хэрэглээ 4646 тонноор буурах гэнэ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн VI хороо Ханын материал орчимд түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх ба төслийн үр дүнд 1006 өрхийн түрээсийн орон сууц бий болно.

Уг ажлын зураг төслийг боловсруулах архитектор төлөвлөлтийн даалгавар батлагдаж, бэлтгэл ажлыг хийж эхэлжээ. Сайжруулсан түлш үйлдвэрлэж буй 12 аж ахуйн нэгжийн долоо нь хугацаа хэтэрсэн зээлтэй. Зээлийн асуудлаар банкуудтай ярилцаж байна гэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэргэд сайжруулсан түлш боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ үйлдвэр нийт шахмал түлшний 30 хувийг үйлдвэрлэх юм байна. Нийт аж ахуйн нэгжүүд одоо байгаа нөөц бололцоон дээр түшиглээд жилд 198 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэсэн тооцоо байгаа ажээ. Ийнхүү Агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм.

М.ЭНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • IRGEN (66.181.178.154)

    2018-06-11

    Dakhiad l owol bolloo. Tsaasan deer utaag arilgaj agaariin bokhirdliig buuruulsaar bna uu?Erchimjuulne ch gekh shig.. Bokhirdol utaa ikhesch, erchimjeed bna.Tconkh ongoilgokh arga alga. Owoljingoo khuukhed owdoj bna. Owol bno gekhees aidastai bdag bolsoor udaj bna.