П.Очбадрах : Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл хомс байна
- 2018-06-04
- Байгаль орчин
- 0
Манай улсад хүний үйлдлээс хамаарсан байгаль орчны эсрэг гэмт хэргүүд нэмэгдэж байна. Тэдний энэ үйлдэл зөвхөн байгаль орчинд гэхээсээ илүүтэй уур амьсгалын өөрчлөлтөд ч сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.ОЧБАДРАХТАЙ ярилцлаа.
-Иргэд, олон нийтийн байгалиа хамгаалах үйлсэд ямар оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг вэ?
-Өнгөрсөн сарын 15-аас эхэлсэн “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээний явцаас харахад иргэд, олон нийт хуулийн мэдлэг, мэдээлэл дутмагаас болж хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилд санамсаргүйгээр холбогдох, үйлдэх тохиолдол их байна. Энэ нь эргээд байгаль дэлхийгээ хүний гараар сүйтгэх, хууль зөрчиж хариуцлага хүлээх хүртэл үр дагаврыг авчирч байна. Тухайлбал, Улсын тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэр хаанаас эхлээд хаана дуусч байгааг иргэд тэр болгон мэддэггүйгээсээ болоод тусгай хамгаалалттай газарт нэвтэрч, ан амьтан агнах явдал гардаг. Түүнчлэн зохих зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан, түүнийгээ бэлэн хүнсний бүтээгдэхүүн болгосон зургийг нийгмийн цахим сүлжээнд тавьсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг. Тиймээс энэ талын мэдээллийг иргэдэд ойлгомжтойгоор хүргэхийн тулд Цагдаагийн байгууллагаас хуулийн хариуцлагыг тодорхой, ойлгомжтой байдлаар харуулсан зурагт постеруудыг бэлдэн түгээж байна.
-“Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээнээс ямар үр дүнг харж байгаа вэ?
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт өсөхөд иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, иргэний үүргээ биелүүлэх оролцоо бага, санаатай болон санамсаргүйгээр зөрчилд холбогдох зэрэг хүчин зүйлс ихээр нөлөөлдөг. Тиймээс улсын хэмжээнд бүхий л оролцогч талуудыг хамруулсан “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээг 21 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Улсын хэмжээнд энэхүү аяныг зохион байгуулснаараа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, гэмт хэргийн хариуцлага зохицуулалтыг иргэдэд таниулах, аж ахуйн нэгжүүдэд мэдээ, мэдээлэл өгөх зорилготой юм. Аяны хүрээнд иргэд олон нийтэд гэмт хэргийн улмаас учирч буй хор уршигийг таниулах, мэдүүлэх, цаашлаад хууль бус үйлдлийг хэрхэвч хүлээн зөвшөөрдөггүй байх тийм иргэний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж, үр дүнд хүргэнэ хэмээн ажиллаж байна.
-Шинэчилсэн хуулиар агуулгад биш хэлбэрт нь ач холбогдол өгдөг болсон гэж сонссон. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт сүүлийн жилүүдэд өсөх болсныг Цагдаагийн байгууллагаас хоёр төрлийн шалтгаан, нөхцөл байна гэж харж байна. Нэгдүгээрт, шинээр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсноор гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, гэмт хэрэг цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэж нэмэгдсэн. Жишээ нь хуучин хэрэгжиж байсан Эрүүгийн хуулиар хохирол шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй байсан учраас хохирлын хэмжээнд хүрэхгүй үндэслэлээр гэмт хэрэгт бүртгэгдэхгүй, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай шийдвэрлэж байсан бол шинэ хуулиар хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсноор хохирол шаардахгүйгээр цагдаагийн байгууллагад шалгадаг болсон. Хоёрдугаарт, шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллагын хэмжээнд хяналт шалгалтыг тодорхой үе шаттайгаар улсын хэмжээнд зохион явуулсны үр дүнд гэмт хэргийн илрүүлэлтийн тоо болоод гэмт хэргийн гаралт өссөн юм. Тэгэхээр гэмт хэргийн гаралт, тоо өссөн гэдэг дээр иргэд эмзэглэх шаардлагагүй. Хэргийн илрүүлэлт өссөн учраас гэмт хэргийн гаралтын тоо өссөн дүнгээр харагдаж байгаа юм.
-Хууль бусаар ан агнах гэмт хэргийн шүүхийн шатны шийдвэрлэлт ямар байгаа вэ?
-Хууль бусаар ан агнах гэмт хэрэг шүүхэд шийдэгдэж байгаа тоо өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа. Яагаад гэвэл, хууль сайн зохицуулалттай, иргэн болон аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлага нь уян хатан болсноор хэргийн шийвэрлэлт нэлээд ахисан болов уу гэж харж байна.
-Тэгвэл элбэг тархацтай амьтныг хууль бусаар агнасан бол ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ?
-Эрүүгийн хуулинд нэн ховор, ховор төрлийн амьтныг хууль бусаар агнасан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан. Гэтэл элбэг тархацтай амьтан нь Эрүүгийн хуульд орхигдсон. Үүнийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд тусгайлан оруулж өгсөн. Зөвшөөрөлгүй, хууль бусаар элбэг тархацтай амьтныг агнасан, хадгалсан, худалдсан худалдан авсан субъектуудыг тодорхой зааж өгсөн. Иргэн зөвшөөрөлгүй элбэг тархацтай амьтныг агнасан тохиолдолд 150 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг нэг сая 500 мянган төгрөгөөр торгох хуулийн хариуцлага байгаа. Энэ гэмт хэргийг МХЕГ болон улсын байцаагчийн эрх хэмжээнд шалгаж шийдвэрлүүлэхээр харъяалуулсан байдаг.
-Аяны хүрээнд явуулж буй урьдчилан сэргийлэх ажлуудад иргэдийн хандлага хэр байна?
-Урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талын ажлыг тасралтгүй хийж байна. Хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал хайх, олборлох, ашиглах, Хууль бусаар ан агнах, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд тодорхой төрлийн хяналт шалгалтыг явуулж илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн дундаа хүрэн баавгай агнасан, хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийг илрүүлсэн. Эдгээр хэргийн шалгалтын үр дүнгийн талаар цагдаагийн байгууллага хэвлэл, мэдээллийн байгууллагын туслалцаатайгаар иргэдэд мэдээлэл өгсөн байгаа. Иргэд аяны хүрээнд бидэнд мэдээлэл өгч нэгдэж байна. Эндээс харахад бидний ажил иргэдэд хүрч байна гэж харж байна.
-Саяхан бугын эврийг их хэмжээгээр бэлдсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэж байсан?
-Өнгөрсөн сарын 20-ны өдөр буюу ням гарагт олон нийтийн хэрэгслээр бугын ясан эврийг автомашинаас их хэмжээгээр буулгаж байгаа бичлэг цацагдсан. Энэ мэдээллийн дагуу манай хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн II хэлтэстэй хамтран Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэгтбагана” ХХК бугын ясан эврийг өөрийн агуулахад буулгаж байгаа хэргийг газар дээр нь очиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Одоогийн байдлаар шалгаж байна. Ер нь бугын ясан эвэрийг БОАЖС- ын 2017 оны тушаалаар гуравдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хуурайшилтын үеэр байгалиас түүхийг хориглосон. Энэ тушаалд зааснаар хориглосон хугацаанд бугын эврийг түүсэн үү, хориглох хугацаанаас өмнө түүсэн үү гэдгийг шалгаж байна.
Байгалиас унасан бугын ясан эврийг хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж түүх, Монгол Улсаас гадаад улсад экспортлох бүрэн эрхтэй. Экспортын тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авдаг. Иргэн, аж ахуйн нэгж байгалиас унасан бугын ясан эврийг түүж бэлтгэхдээ орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулан, тоо, хэмжээ, бэлтгэх газар нутгаа тусгайлан заалгадаг. Ингээд орон нутийн байгаль орчны улсын байцаагч хяналт тавьж, улсын байцаагчийн дүгнэлт, акт гардаг. Харин төлбөрийн хэмжээг тухайн орон нутгийн ИТХ-аар тогтоодог. Энэ дашрамд “Байгалиа хамгаалъя” аяныг дэмжин оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлмээр байна. Энэхүү аяны хүрээнд цагдаагийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа нягт уялдаа холбоотой болж өндөр түвшинд очих болов уу гэж харж байна.
Л.ТУЛГА
Сэтгэгдэл (0)