М.Гэрэлт: Үргүй зардлуудаа танаад бодит секторууддаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй
- 2018-06-16
- Эдийн засаг
- 0
Виржиниа технологийн институтийн эдийн засгийн ухааны профессор Ц.Гэрэлттэй ярилцлаа. Тэрбээр Токиогийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, улмаар АНУ-д Калифорнийн технологийн институтэд докторын зэргээ хамгаалсан байна.
-Виржиниагийн технологийн институтэд профессороор ажиллаж байгаа гэсэн.
-2016 оны хоёрдугаар сард Virginia Polytechnic Institute and State University (богиноор Виржиниа Тек)-ээс ажиллах санал аваад одоогоор тус сургуулийн эдийн засгийн тэнхимд дэд профессороор ажиллаж байна. Виржиниа текнологийн институт нь АНУ- даа нэр хүндтэй судалгааны сургууль юм.
-АНУ-даа төдийгүй дэлхийд алдартай судалгааны сургуульд ажилд ороход мэдээж амаргүй байсан байх. Шалгуур нэлээд өндөр байдаг биз?
-Америкт судалгааны их сургуульд дэд профессор болохын тулд олон шалгуур давах ёстой. Энд нийт 4000 гаруй их дээд сургууль коллеж байдгаас 100 гаруй нь л судалгаанд төвлөрсөн байдаг. Виржиниагийн текнологийн институт тэдний нэг. Судалгааны их сургуульд ажилд орохын тулд эхлээд докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Нэр xүндтэй их сургуульд зэргээ хамгаалсан бол давуу талтай байдаг. Манай тэнхмийн олонх багш эдийн засгийн сургалт судалгаагаараа дэлхийд эхний 30 байрт ордог сургууль төгссөн байдаг. Харин сайн сургуулийн докторын сургалтад тэнцэхийн тулд нэр xүндтэй багшаас “recommendation letter” авсан байвал сайн. Америк дахь докторын сургалтуудын бусад улсаас ялгарах тал нь төгсөх xүртлээ 5-7 жил зарцуулдаг. Өмнө нь мастерын зэрэг авсан байх шаардлагагүй бөгөөд мастерын зэрэгтэй байсан ч таван жил суралцах шаардлагатай. Докторынхоо эхний жил суурь хичээлүүдээ үздэг. Зун нь тэр хичээлүүдээрээ шалталт авч ирээдүйд судлаач болох боломжгүй оюутнуудыг хасдаг. Хоёр даxь жилдээ мэргэшиx салбарынхаа хичээлүүдийг үздэг бөгөөд сургуулиасаа хамаараад шалгалт өгөх юмуу судалгааны ажил бичих хэрэгтэй болдог. Миний хувьд микро эдийн засгийн онол болон улс төрийн эдийн засгийн салбарын мэргэжлийн хичээлүүд авсан. Сүүлийн 3-4 жилдээ судалгаандаа төвлөрөx бөгөөд дор хаяж гурван судалгааны ажил бичиж байж дипломоо хамгаалдаг. Эдийн засгийн xувьд анх орсон оюутнуудын 60 xувь нь л доктор болж чаддаг бөгөөд дунджаар зургаан жил зарцуулдаг. Би 2011 онд Токиогийн иx сургуулийн эдийн засгийн баклаврыг төгсөөд 2016 онд Калифорнийн теxнологийн институт (Калтек)-д докторын зэргээ хамгаалсан. Анх докторт орохоосоо л Америкт судалгааны их сургуульд ажилд орох зорилготой байсан.
-Өрсөлдөгч олон байсан уу?
-Эдийн засгийн хувьд нэгдсэн хөдөлмөрийн зах зээлтэй, олонх оюутан доктороо төгсөх жилдээ ажил хайдаг. Бас пост докторт/ докторын дараах сургалтад / 2-3 жил сураад ажил хайдаг ч хүмүүс бий. Ажилд орохын тулд Америкаас гадна дэлхийн бусад улсад докторын зэргээ хамгаалж буй оюутнууд болон өмнөх жилүүдэд төгссөн хүмүүстэй өрсөлддөг. Америкт нэг жилд эдийн засгийн чиглэлээр мянга гаруй оюутан зэрэг хамгаалдаг. Мөн тооны оюутан Канад, Европ, Ази, Австралид төгсдөг. Тэдний олонх нь их сургуульд багш болох хүсэлтэй байдаг. Хэдий тийм ч дийлэнх нь ажлын байрны орон тоо цөөн тул пост докторт явж, олон улсын байгууллага, төрийн алба, банк санхүү, мэдээлэл технологийн хувийн хэвшлийн компанид ажилд ордог. Судалгааны их сургуулийн хувьд, ирээдүйд нэр хүндтэй судлаач болж чадах хүнийг ажилд авахыг чухалчилдаг. Тийм ч учраас төгсч буй оюутнуудын дипломын ажил, эдийн засгийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн эсэхийг чухалчилдаг. Миний хувьд дипломынхоо ажлын нэг хэсгийг салбарынхаа 10-15- т ордог сэтгүүлд хэвлүүлж байсан учир бусдаасаа давуу талтай байсан болов уу.
-Таныг уйгагүй хөдөлмөрлөж чадсан учраас дэлхийн өрсөлдөөнтэй, өндөр хөгжилтэй оронд эдийн засагч мэргэжлээр өөрийн байр сууриа олж, амжилттай яваа гэж бодож байна. Энэ хүртэлх зам мэдээж амаргүй байсан байх?
-Бакалавр, мастертаа сурчихаад дахиад 5-7 жил сурна гэдэг тийм ч амар сонголт биш. Хийж буй зүйлдээ дуртай байх хэрэгтэй. Түүнээс гадна тасралтгүй ажиллах тэвчээр хэрэгтэй. Доктор болно гэдэг тухайн салбарынхаа дэлхийд цөөхөн мэргэжилтний нэг болно гэсэн үг. Суралцах судлах зүйл их тул бараг л өдөр бүр судалгаагаа хийж таарна. Ажилд орсны дараа хичээл заахаас гадна сургуулийн болон тэнхмийн ажил нэмэгдэнэ. Үүнээс гадна эрдэм шинжилгээний хуралд тогтмол явах хэрэгтэй. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард тэнхимдээ эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Хуралд зургаан орны 20 гаруй эрдэмтнийг урьж авчирсан. Үүний хажуугаар судалгаагаа амжуулах хэрэгтэй. Залуу хүний хувьд өөрийн судалгааг бусад эрдэмтэнд таниулах, академик ертөнцөд байр сууриа олох гээд л хичээж явна.
-Докторын зэргээ ямар сэдвээр хамгаалсан бэ. Судалгааныхаа ажлын талаар манай уншигчдад сонирхуулна уу?
-Миний хувьд эдийн засгийн суурь онолуудын нэг “Сонголтын онол” /шийдлийн онол гэх нь ч бий /-ын салбарт судалгаа хийдэг. Энэ онол нь эдийн засгийн тоглогчид / жишээлбэл, хэрэглэгчид/ ямар үед хэрхэн сонголт хийдгийг, тэр сонголтыг математикаар загварчлах асуудлыг судалдаг юм. Миний судалгааны онцлог нь сонгодог сонголтын онолыг туршилтын болон сэтгэл судлалын эдийн засгийн онолтой холбож өгдөг тал юм. Жишээ нь, эдийн засгийн сонгодог онолоор хэрэглэгчид ямар ч үед хамгийн оновчтой сонголтыг хийж чаддаг гэж үздэг байлаа. Харин сүүлийн үед туршилтын болон сэтгэл судлалын эдийн засгийн салбарын хөгжлийн үр дүнд, бодит амьдрал дээр хүмүүс оновчтой сонголт хийж чаддаггүй болохыг эдийн засагчид хүлээн зөвшөөрсөн. Хүмүүсийн сонголтод тэдний сэтгэл зүй, зан байдал, мэдлэг боловсрол, туршлага, орчин тойрон гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөтэй. Миний судалгааны гол зорилго нь дээрх хүчин зүйлсийг эдийн засгийн загвартаа хэрхэн нэмж, илүү бодит прогноз хийж чадах вэ гэдгийг судлах юм. Би төгсөхдөө энэ сэдвээр таван судалгааны ажил бичсэн. Хэрэв цааргалахгүй бол үүнээс хоёр ажлынхаа талаар товчхон танилцуулах уу.
-Тэгээч. Сонирхолтой юм.
-Хүний өмнө нь хийж байсан эрсдэлтэй сонголтоо жишээлбэл, хөрөнгө оруулалт яаж ирээдүйд хийх эрсдэлтэй сонголтыг таамаглах вэ гэдгийг судалсан. Хүн өмнө нь эрсдэлтэй сонголт хийгээд үр дүнд нь мөнгөө алдсан бол ирээдүйд дахин эрсдэлтэй сонголт хийх нь багасдаг байна. Харин эсрэгээрээ сонголт нь ашигтай байсан бол ирээдүйд эрсдэлтэй сонголт хийх нь ихэсдэг. Үүнийг “reinforcement effect” буюу бататгах нөлөө гэж орчуулж болно. 2017 онд эдийн засгийн Нобелийн шагналыг сэтгэл судлалын эдийн засагт оруулсан хувь нэмрээрээ Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тхалер хүртсэн. Тэрбээр хүмүүст ийм дадал буюу “reinforcement effect” байдгийг хамгийн анх туршилтаар нотолсон юм. Харин би хүн яагаад ийм дадалтай байдгийг судалгааны онолын хувьд тайлбарласан. Гэтэл яг энэ дадал макро төвшинд маш хүчтэй нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, хувь хүний энэ үйл хөдлөлөөр эдийн засгийн хэлбэлзлийг урт хугацаанд таамаглаж болдог. Тухайлбал, эдийн засаг сайн байх үед хүмүүсийн эрсдэлтэй сонголт хийх хүсэл нь ихэснэ. Тиймээс хувьцааны үнэ огцом өснө. Гэтэл эдийн засаг муудаад эхлэхээр зарим хөрөнгө оруулалт муу байсныг ойлгоно. Тиймээс эрсдэлтэй сонголт хийх нь багасдаг. Хамгийн хачирхалтай нь хүмүүс энэ дадлаасаа гарч чаддаггүй явдал. Монгол Улсын эдийн засаг хөгжих үед улс төрчид хэт эрсдэлтэй сонгол хийгээд, эсрэгээрээ эдийн засаг сайнгүй үед бүх хүн мөнгөгүй болчихдог. Энэ дадлаас үүсэх хор уршгаас эдийн засгаа хамгаалахын тулд эдийн засгийн хэлбэлзлийг сөрсөн эдийн засгийн бодлого явуулах хэрэгтэй гэсэн үг. Эдийн засгийн сонголтын сайн муу нь олон хүчин зүйлсээс хамаардаг. Хоёр дахь судалгаандаа хүмүүс эдгээр хүчин зүйлийг хэрхэн үнэлж сонголтоо хийдэг вэ гэдгийг судалсан. Жишээлбэл, хүн бараа бүтээгдэхүүн авахдаа үнэ чанар гэсэн хоёр хүчин зүйлсийг хардаг. Сонирхолтой нь хүмүүсийн чанарыг үнэлэх үнэлэмж нь бусад барааны чанараас хамаардаг. Хэрвээ олон чанартай бараан дунд тухайн барааг харвал муу чанартай гэж үзэх бол олон муу чанартай бараанд ижил бараа сайн чанартай болж харагдах жишээтэй. Энэ нь хүн толгойдоо мэдээлэл яаж боловсруулдагтай холбоотой. Энэ санаа бизнест өргөн ашиглагддаг. Жишээ нь үл хөдлөх хөрөнгө зуучлагч муу байршилтай байр зарахын тулд үйлчлүүлэгчээ эхлээд илүү муу байршилтай байр үзүүлээд дараа нь зарах хүсэлтэй байраа үзүүлбэл уг байр тийм ч муу байршилтай санагдахаа болино гэсэн үг. Бас нэг жишээ нь, дэлгүүрийн эзэн цөөн хүн худалдаж авдаг үнэтэй барааг байрлуулснаар бусад бараанууд нь харьцангуй хямд харагдах болж үнэтэй бараануудаа илүү зарж чаддаг. Би судалгаандаа аль бараа үнэ чанарын үнэлэмжид хамгийн их нөлөөтэйг нь судалсан. Миний хувьд хамгийн чанар муутай, хамгийн үнэтэй гэсэн хоёр бараа хамгийн нөлөөтэй гэж таамаглал дэвшүүлсэн бөгөөд тэр таамаглал үр дүн, бодит жишээтэй нийцэж байсан.
-Дэлхийд нэр хүндтэй судалгааны газар ажиллаж байгууллагын соёлоос эхлээд өөр олон зүйлд суралцаж, туршлага хуримтлуулж байгаа байх?
-Судалгааны сайн сургуульд ажилахын нэг давуу тал нь дэлхийн шилдэг эдийн засагчидтай уулзаж ярилцах боломж байнга гардаг. Жишээлбэл, манай эдийн засгийн тэнхим долоо хоногт нэгээс хоёр удаа бусад их сургуулиас эрдэмтэн урьж илтгэлийг нь сонсдог. Өөрийн мэргэжлийн болон бусад салбарын хамгийн шинэлэг, чанартай судалгаануудыг нэр хүндтэй судлаачдаас сонсохоор маш их зүйл суралцдаг. Үүнээс гадна өөрөө бусад их сургуульд очиж судалгаагаа танилцуулах боломж олдоно. Миний хувьд өнгөрсөн хавар Johns Hopkins-ын их сургуульд судалгаагаа танилцуулсан бол ирэх намар Rochester-ийн их сургуульд илтгэл тавихаар уригдаад байгаа. Судалгааны туршлагаас гадна гадаадын их сургуулиуд ямар байдлаар ажилладаг талаар сайн суралцаж явна. Их сургуулийн чанар болон нэр хүнд нь сайн судлаачид, сайн орчин дээр тогтдог. Сүүлийн хоёр жил тэнхимдээ шинэ багш авахад оролцлоо. Сайн судлаачид ажилд авахын тулд дэлхийн зах зээл дээр бусад их сургуультай яаж өрсөлддөгийг харлаа. Бас шинэ багшийн судалгаа нь тэнхмийн стандартад нийцэхгүй бол ихэнхдээ ажлаасаа халагддаг. Сайн судалгааны орчин бүрдүүлэхийн тулд сайн баг хэрэгтэй. Түүнээс гадна санхүүжилт хэрэгтэй. Сургуулийн захирал, удирдах албан тушаалтнууд, тэнхмийн эрхлэгч нар санхүүжилт олохын тулд ямар их хөдөлмөрлөдгийг харлаа. Санхүүжилт байхгүй бол сургуулиуд дэлхийн тавцанд өрсөлдөх ямар ч боломжгүй. Сүүлийн арваад жилд Хятадын их сургуулиуд дэлхийн шилдэг сургуулийн жагсаалтад хүч түрэн орж ирж байна. Жишээлбэл, “Times” сэтгүүлээс гаргадаг Азийн шилдэг 100 сургуулийн жагсаалтад 2003 онд Хятадаас 15 сургууль байсан бол таван жилийн дотор 24 болж өсчээ. Хятадын сайн сургуулиуд сайн судлаач нарыг Хойд Америкийн сургуультай ижил хэмжээний цалингаар авдаг болсон. Гэтэл их сургуулиудын төсөв нь багасаад байгаа Японы хувьд азийн шилдэг 100 сургуулийн жагсаалт дотор 22 сургууль байснаас 11 болтлоо буурсан. Миний мэдэх олон сайн эдийн засагч Японоос Хятад руу шилжихийг сүүлийн гурван жилд харлаа. Японы жишээнээс харвал Монголын их сургуулиуд одоогийн санхүүжилтээрээ дэлхийн чансаанд байр урагшлах боломжгүй.
-Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа. Монголын эдийн засгийн хямралын шалтгааны талаар эдийн засагчид олон янзын онош тавьдаг. Харин та юу гэж хэлэх вэ?
-Миний хувьд Монголын эдийн засгийн талаар мэдээлэл багатай, бас судалж үзээгүй учраас баттай, суурьтай хэлэх зүйл алга. Гэхдээ зөвхөн нэг шалтгаанаас болоод хямрал болсон гэж дүгнэхэд хэцүү болов уу. Ажиглагч хүний хувьд холбоотой хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, монголчууд ялангуяа манай төр хэт эрсдэлтэй сонголт хийж байсан. Жишээлбэл, Монголд ихээр ярьж байгаа зүйлүүдийн нэг бол уул уурхайн төслүүдийн хэдэн хувийг төр эзэмших вэ гэдэг асуудал. Миний ойлгож буйгаар нүүрс, зэс, алт гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед уул уурхайн төслийнхөө ихэнх хувийг төр эзэмших нь илүү ашигтай. Эсрэгээрээ бүтээгдэхүүний үнэ хямд үед их хувь эзэмшиж байгаа бол тэр хэмжээгээрээ Монголын төр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй тул тэр хэмжээгээрээ алдагдал хүлээх болно. Харин төрийн эзэмших хувь бага бол, бүтээгдэхүүний үнэ өндөр үед ашиг бага ч бүтээгдэхүүний үнэ багассан үед алдагдал бас багатай. Өөрөөр хэлбэл, их хувийг төр эзэмших нь ашигтай ч эрсдэл өндөр сонголт юм. Хэрвээ Монгол Улс хоёр уул уурхайн төсөлтэй байлаа гэхэд хоёулангийнхыг нь өндөр хувийг эзэмших юм бол нийт эрсдэл хоёр дахин магадгүй гурав дахин нэмэгдэнэ. Түүний оронд нэг төслийнхөө ихэнх хувийг эзэмшээд нөгөөгийнхөө бага хувийг эзэмшсэнээр эрсдэлээ багасгаж чадна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар систематик риск ихтэй тул Монгол Улс төслүүдээ багц байдлаар тооцож эрсдэлээ хангалттай бага байхаар бодлого баримталбал оновчтой. Мэдээж эдийн засаг санхүүгийн мэдлэгтэй хүмүүст дээрх зүйл хэт энгийн сонсогдож байж магадгүй. Гэвч тооцох хүчин зүйлсийн тоо нь маш их учир хамгийн оновчтой бодлого боловсруулах нь нэг хоёр эдийн засагч товчхон дүгнээд хэлчихээр тийм амар зүйл биш болов уу. Хоёр дахь зүйл бол үр ашиггүй үнэ тогтоох бодлогуудын тухай. Манай улс сүүлийн 7-8 жил тасралтгүй зах зээлийн үнийг барих бодлого хэрэгжүүлж байна. Ам.долларын ханш тогтворжуулах бодлого олон жил явуулсан. Түүнчлэн байрны үнэ тогтворжуулж байсан бол одоо зээлийн хүү тогтворжуулна гэж ярьж байна. Долларын ханш, байрны үнэ, зээлийн хүү бүгд л зах зээлийн жамаараа тогтоогддог зүйлс. Үнийг тогтоохын тулд тухайн зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийг хянахаас гадна бусад зах зээлийн холбоотой эрэлт нийлүүлэт болон бусад зах зээлийг Монгол Улс дангаараа хянах боломжгүй. Нэгдүгээрт, Монгол Улс дэлхийн зэх зээлийн өчүүхэн хэсэг. Хоёрдугаарт, exchange rate (жишээлбэл, долларын ханш) нь дэлхий дээрх хамгийн хэлбэлзэл ихтэй ассетуудын нэг. Дэлхийн олон эдийн засагч, судлаач нар exchange rate-г системтэйгээр прогноз хийх гээд одоо болтол чадахгүй байгаа. Системтэйгээр прогноз хийж чадахгүй байгааг the Meese-Rogoff puzzle гэж нэрлэдэг. Гэтэл Монгол Улс ам.долларын ханшийг барих гээд асар их хөрөнгө хүч зарцуулж байгаа нь үргүй зардал гэж үзэхээс өөр аргагүй.
-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар алхам хийвэл зүгээр вэ?
-Магадгүй дээр дурдсан үнэ тогтворжуулахад зарцуулдаг үргүй зардлуудаа танаад хөдөлмөрийн зах зээл гэсэн бодит секторууддаа хөрөнгө оруулалт хийвэл эерэг үр нөлөө үзүүлэх болов уу.
-2011 онд манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 7.5 хувьд хүрч байсан. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт бараг байхгүй боллоо. Бид хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн татахын тулд хэрхэх хэрэгтэй вэ?
-Маш энгийнээр тайлбарлавал, хөрөнгө оруулагч ямар нэгэн төсөлд хөрөнгө оруулалт хийхэд хамгийн түрүүнд хоёр зүйл хардаг. Төслөөс гарах дундаж ашиг болон нийт эрсдэлийн хэмжээ. Өөрөөр хэлбэл, дундаж ашиг ихтэй эрсдэл багатай төслүүд илүү хөрөнгө оруулагч татах боломжтой. Монголд дундаж ашиг өндөртэй төслүүд байгаа болохоор хөрөнгө оруулагчдыг эхэндээ их татаж чадсан болов уу. Харамсалтай нь улс төрийн тогтворгүй байдлаас болж зарим төсөл нийт эрсдэлийн хэмжээ хэт их болсон. Хөрөнгө оруулагчдад өгөх дундаж ашгийг нэмнэ гэдэг Монгол Улсын хувьд ашиг багатай тул аль болох улс төрийн зэрэг зах зээлийн бус эрсдэлийг бууруулж өгөхөөс өөр аргагүй. Нэмж хэлэхэд, эдийн засагчид эрсдэлийг хоёр хувааж үздэг. Риск буюу тодорхой эрсдэл болон ambiguity буюу тодорхойгүй эрсдэл. Зургаан талтай шоо хаяхад 1-ийн тоо гарах магдлал зургааны нэг. Энэ нь тодорхой эрсдэл буюу риск юм. Мэдээж хөрөнгө оруулагчид зах зээлийн тодорхой эрсдэлүүдээ сайн мэдэж байдаг. Харин Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулах эсэх нь тодорхой бус эрсдэл юм. Яагаад гэвэл хэдэн хувийн магдлалтайгаар Монгол Улс хөрөнгө оруулагч нарт ээлтэй бодлого явуулахыг таамаглахад бэрх. Харин тодорхой бус эрсдэлтэй үед хүмүүс сонголтоосоо хамгийн муу үр дүн гарахаар таамагладаг гэж эдийн засагчид үздэг. Жишээлбэл, Монгол Улс хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулах магадлал 10-90 хувийн хооронд байна. Дундаж магадлал 50 орчим хувь боловч хөрөнгө оруулагчид хамгийн муу байдлаар буюу зөвхөн 10 хувийн магдлалтай байдлаар байхаар тооцох нь илүү бодитой. Өөрөөр хэлбэл, нийт эрсдэлийн хэмжээ их эрсдэлгүй тодорхой бус үед илүү их байдаг. Мэдээж хууль батлах, гэрээ байгуулах замаар эрсдэлийн тодорхойгүй байдлыг багасгах боломжтой. Харамсалтай нь гэрээ хуулиа Монгол Улс зөрчвөл тэдгээр нь тодорхойгүй эрсдэлийг багасгаж чадахгүй болдог.
Б.Мөнх-Эрдэнэ
Сэтгэгдэл (0)