Булган- Хишиг-Өндөр- Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын эхлэл тавигдлаа

Булган- Хишиг.Өндөр- Гурванбулаг чиглэлийн 133.7 км авто замын эхлэлийн 22 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Булган аймагт боллоо.

Нээлтэнд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, засаг дарга З.Батзориг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зам, ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, “Эйч Кэ Би Интернэйшнл Холдинг” ХХК-ийн орлогч захирал Х.Мамбет болон орон нутгийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцлоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эйч Кэ Би Интернэйшнл Холдинг”  ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ тус тус ажиллаж байна. Гүйцэтгэгч компани нь барилгын ажлыг гүйцэтгэх 20.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээг Зам, тээврийн хөгжлийн яамтай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ба гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн дуусгаж ашиглалтад оруулах бөгөөд өмнө нь Булган-Тариалан чиглэлийн авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай компани юм.

ЗТХЯамны зүгээс авто замын чанарт онцгойлон анхаарч  ажиллаж байгаа бөгөөд энэхүү авто замыг чанартай гүйцэтгүүлэх талаар гүйцэтгэгч болон техник технологийн хяналтын зөвлөх байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч хяналт тавин ажиллах юм.

Булган-Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн энэхүү авто зам ашиглалтад орсноор эдийн засгийн үр өгөөж бүхий аялал жуулчлалын гол зам болно гэдгээрээ иргэдийн хувьд олон жил хүлээсэн хөгжлийн зам гэж нэрлэж болно. Ийнхүү эхний 22 км замын барилгын ажил албан ёсоор өчигдөр эхэллээ, харин үлдсэн 111,7 км зам улсын төсөв болон цаг хугацаанаас шалтгаалан 2-3 жилийн дараа бүрэн ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэй байгааг ЗТХ-ийн сайд хэлсэн үгэндээ онцоллоо.

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг сайхан билэгшээлээр нээлтээ хийсэн энэхүү үйл ажиллагаанд хот хөдөөгийн уран бүтээлчид ая дуугаа өргөж,  булган нутгийн иргэд сүүн цацлаар ерөөл өргөн замынхнаа ажилд нь үдлээ.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)