Байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

 УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 45 дугаар тогтоол буюу Д.Муратын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзах шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээж авахыг дэмжлээ. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал ирүүлснийг УИХ энэ сарын 8-ны өдөр хэлэлцэж, хүлээж авахаас татгалзах тогтоол баталсан. Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 13-нд хориг тавьсан юм. УИХ-аас Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон гэдгийг Ерөнхийлөгч хоригтоо дурджээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Муратын гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг УИХ дахин хэлэлцэж, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө энэ сарын 11-нд гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн юм. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсныг хойшлуулав. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөөд буй Д.Гантулгын сонгогдсон 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл хангах шаардлагатай гэж үзсэн учраас ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж хойшлуулсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Нөхөн сонгуулийг долоодугаар сарын 29-нөөс өмнө товлон зарлах ёстой. Тиймээс нөхөн сонгуулийн товийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ” гэв.

Бүртгэлийн багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээж авахыг дэмжсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасан ч олонх дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа гэхэд УИХ-ын шийдвэр хүчингүй болно. Харин Д.Мурат гишүүний бүрэн эрх хэвээр байна. Ерөнхий прокурор дахин түдгэлзүүлэх асуудал оруулж ирнэ гэж ойлгож болох уу” гэсэн асуултад “УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн заалтаар “Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Ингэхдээ тухайн УИХ-ын тогтоол, шийдвэр хүчингүй болно” гэсэн хариултыг УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх өглөө. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв хэмээн үзэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцууллаа. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж төсөлд тусгасан байна. Мөн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах талаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу зарим заалтыг гүйцээн боловсруулжээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д үндэслэн Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бүртгэлийн багц хуулийг өмнөх парламент шинэчилсэн, салбарын эрх зүйн орчны тогтвортой байдлын талаар ямар байр суурьтай байгааг тодруулахад “Багц хуулийн ерөнхий зохицуулалт, суурь зарчим өөрчлөгдөөгүй. 2002 оноос хойш үргэлжилж байгаа эрх зүйн реформын ажил дараагийн шатандаа гарч байгаа гэж ойлгож болно. Мэдээж хуулийг баталмагц бүртгэлийн салбар дахь асуудлууд өргөс авсан юм шиг шийдэгдэхгүй. Хуулийг хэрэгжүүлэхэд багагүй цаг хугацаа, бэлтгэл шаардлагатай. Тиймдээ ч хуулийн дагаж мөрдөх хугацааг Засгийн газрын бэлтгэл хангах ажлыг тооцон төсөлд тусгасан байгаа юм. Зарчмын гол өөрчлөлт нь төрийн мэдэлд байгаа бүх төрлийн бүртгэл нэг тогтолцоо, нэгдсэн зарчим, арга зүйгээр нэг баазад суурилан, хоорондоо мэдээллээ солилцдог бололцоог л бүрдүүлэх зорилготой” гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тайлбарлав. Улсын хэмжээнд байх 130 төрлийн бүртгэлээс төрөлжсөн бүртгэл хэмээн үзэж 50 гаруйг Засгийн газар тогтоон, нэгтгэдэг аж. Төрийн үйлчилгээний 65-70 хувийг бүртгэлийн байгууллага үзүүлдэг гэсэн тоон мэдээ байдаг ба дээрх хуулийн төслийг баталж, хэрэгжүүлснээр энэ бүртгэлтэй холбоотойгоор иргэдэд учруулдаг олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой аж. Улсын хэмжээнд шилэн кабельд холбогдоогүй 28 сум үлдсэн бөгөөд энэ онд төсвийн хөрөнгө оруулалт болон Мэдээлэл, холбооны сүлжээ компанийн хөрөнгө оруулалтаар дөрвөн сум нэмж шилэн кабельд холбогдох юм байна. Үлдсэн 24 сумыг шилэн кабельд холбох төсөл БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд 2020 он гэхэд нийт 330 сумыг шилэн кабельд холбож дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг ажлын хэсэг хэлэв. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалган санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

М.ЭНХЦЭЦЭГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)