Хөдөлгүүртээ 195 литр масло ордог 1600 морины хүчтэй гурван белаз хүлээн авчээ
- 2018-06-25
- Орон нутаг
- 0
Эрдэнэт үйлдвэр техник технологийн шинэчлэлийн хүрээнд БелАЗ-75131 маркийн 130 тоннын даацтай өөрөө буулгагч гурван автомашиныг өнгөрсөн долоо хоногт хүлээн авлаа. Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн авто засварын хэсгийн хамт олон уг автомашиныг угсрах ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү өөрөө буулгагч автомашины кабины дэлгэц өмнөх машиныхаас илүү боловсронгуй болжээ. Мөн гидросистемийн баллон гурав байсан бол ганц болж өөрчлөгджээ. Ингэснээр хийцийн хувьд засварлахад хялбар болсон аж.
Мөн хөргөлтийн систем нь 410 литрийн багтаамжтай байсан бол 315 литр болон өөрчлөгдсөн байна. Уг машины түлш агуулах сав нь нэг тонн 950 литр, гидрын шингэн агуулах сав нь 510 литрийн багтаамжтай. Хөдөлгүүртээ 195 литр масло ордог аж. Энэхүү БелАЗ нь камменз маркийн 1600 морины хүчтэй, КТА-50 хөдөлгүүртэй юм. БелАЗ-75131 маркийн автомашины өргөн нь найм метр шахам, урт нь 12 метр гаруй, өндөр нь зургаан метр орчим. Белазын тэвшний элэгдлийг багасгах зорилгоор манайхан лист төмөр путрёвк гагнаж, найман тонн нэмэгдэл хуяг хийж байгаа аж.
Тус хэсгийн 60 шахам засварчин, гагнуурчин ээлжээр ажиллан, угсралтын ажлыг ирэх долоо хоногт дуусгахаар шамдаж байгаа тухай хэсгийн дарга С.Гантогоо мэдээллээ. Одоогоор Эрдэнэт үйлдвэр Белаз-75131 маркийн 30 автомашинаар хүдэр тээвэрлэж байна.
Я.Энх
Сэтгэгдэл (0)