Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжжээ

Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг энэ жил “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэхүү уриа нь газрыг зохистой ашиглахаас гадна ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх замаар өөрчлөлтийг эхлүүлэхийг сануулж байгаа аж. Дэлхийн дулаарлаас шалтгаалан 1940-2011 оны хооронд Монголын цаг уур 1.92 хэмээр дулаарсан нь газрын хөрсөн дээр элсэн хучлага үүсэх, ингэснээр элсэн довцог тогтох, манхан болон үргэлжилсэн их элс хөдөлгөөнд орж нүүх үзэгдэл ихсэн, бэлчээрийг элсэн талбай болгон хувиргах болжээ. Сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилттэй гэсэн дүн гарсан байна. 2007 оны тооллогоор 5128 гол, горхины 852, 9306 булаг шандын 2277, 3747 нуур, цөөрмийн 1181, 429 рашааны 60 нь ширгэсэн бол 2015 оны тооллогоор 328 гол, 1102 булаг, 495 нуур нэмж хатсан аж.

Ийнхүү гол мөрний түвшин буурч ил задгай ус ширгэж, ургамалд ногдох чийгийн хэмжээ багасан модлог, бутлаг ургамал төлжих чадваргүй болж, ой хөвчийн мод хөгшрөх хандлагатай, өвс ургамал ховордож ил задгай усгүйн улмаас ан амьтан дайжин нүүдэллэх, хорогдох, хүний амьдрах орчин хумигдах болсон байна. Цөлжилт зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байгаа. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг аж. Тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна. Одоогоор 110 гаруй орон цөлжилтөд өртөх аюул тулгараад байгаа бөгөөд дэлхийн нийт мал сүргийн тал нь хуурай бүс нутагт амьдарч байгаа юм. Иймд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлын нэг цөлжилт нь гандуу бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэй. Хэрэв хуурай гандуу бүс нутагт хүнсний үйлдвэрлэл уналтад орвол дэлхийн хүн амын хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт багасах бодитой аюул тулгарах юм. Цөлжилттэй холбоотой нэгэн жишээ дурдахад, 50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 38 сая 125 мянган төгрөгөөр үнэлэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая 640 мянган төгрөгөөр үнэлэх агаар цэвэршүүлж, 45 сая 750 мянган төгрөгөөр үнэлэх усыг эргэлтэд оруулж, 38 сая 125 мянган төгрөгөөр үнэлэх хөрсний эвдрэлээс хамгаалдаг байна. Тэгвэл ганцхан суулгац худалдан авч тариад арчлахад 197 сая 640 мянга орчим төгрөгөөр үнэлэх баялгийг байгаль дэлхийдээ бэлэглэх аж. Цөлжилт, газрын доройтлыг хэрхэн багасгах талаар холбогдох хүмүүстэй нь ярилцсанаа хүргэе.

Г.Нямдаваа: МАЛЧДЫН БОДЛЫГ ӨӨРЧИЛЖ, МАЛЫН ЧАНАРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор Г.Нямдаваатай ярилцлаа.

-Монгол орны газрын доройтол, цөлжилтийн гол шалтгаан юу вэ?

-Монгол орны цөлжилт, газрын доройтлын 51 хувь нь уур амьсгалын дулаарлаас үүдэлтэй, үлдсэн 49 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой. Хүний үйл ажиллагаан дотроос цөлжилтөд хамгийн гол сөрөг нөлөө үзүүлж байгаа нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэлт юм. Хуучин уламжлалаар бол малчид жилийн дөрвөн улиралд нүүдэллэдэг байсан. Ингэснээр бэлчээр нөхөн сэргэх боломжтой болдог байлаа. Энэ утгаараа бэлчээрийн мал аж ахуй нь ногоон эдийн засгийн нэгэн жишээ болж байсан ч одоо хүрэн эдийн засгийн жишээ болоод байна. Учир нь Монгол Улсын мал сүргийн тоо өмнөхөөсөө гурав дахин нэмэгдэж, улмаар нутаг чөлөөтэй сэлгэж нүүдэллэх нь хязгаарлагдсан. Малчид отор нүүдэл хийж, нэг газартаа долоогоос илүү хонохгүй байх зарчим баримталдаг байлаа. Гэтэл энэ бүх уламжлал, арга барил алдагдаж, Монгол орны газар хурдацтай доройтон, цөлжилт бий болсоор байна.

-Бэлчээрийн даац хэтэрсэн,ямааны тоо хэт олширсныг зохицуулах ямар нэг бодлого Засгийн газарт бий юү?

-Малчид эдийн засгийн талаас нь бодож, сүргийн чанар биш тооны хойноос хөөцөлдсөн учраас сүргийн бүтцийн зохилдлогоо алдагдсан нь үнэн. Ямаа цэцэгт ургамлын үрээ цацдаг гол хэсгийг нь түүж иддэг. Ер нь салаат туурайтны гишгэлтээр газар, ялангуяа хазгай хэсгийн хөрс, ургамал устаж, доройтол бий болдог. Тиймээс Бэлчээрийн тухай хуулийг яаралтай батлах асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Олон жил бэлчээрийн мал аж ахуйн хүрээнд судалгаа хийсэн хүний хувьд малчдад нэг л зүйлийг хэлдэг. Та бүхний үр хүүхэд 50 жилийн дараа ийм тооны малтай байх боломжгүй. 50 битгий хэл таван жилийн дараа нөхцөл байдал улам хүндэрнэ шүү гэдгийг би шулуухан хэлдэг юм. Энэ мэтээр бодит үнэнийг хэлж, малчдын бодлыг өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр нь тэд малын тоо биш чанарт анхаарах болно.

-Бэлчээрийн тухай хуульд ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?

-Хөшүүрэг, механизмыг нь бий болгож өгөх хэрэгтэй. Хэрэв сүргийн бүтэц алдагдсан, тоо толгой нь хэтэрхий олон байгаа тохиолдолд толгой тутамд татвар ногдуулах гэх мэтээр асуудлыг санхүү эдийн засгийн хөшүүргээр зохицуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа малчид бэлчээр нутгаа сэргээх, нөхөн сэргэх боломжийг нь бүрдүүлэх, усалгаа хийх гэх мэтээр хөрөнгө оруулалтын арга хэмжээ авсан тохиолдолд тэднийг урамшуулдаг механизмыг бий болгох ёстой. Хамгийн гол нь Бэлчээрийн тухай хуулийн зорилгыг буруу тийш нь хандуулж болохгүй. Жишээлбэл, зэргэлдээ багийн нутаг дэвсгэрт бороо орвол малчид тийшээ нүүхээс өөр аргагүй. Тиймээс тухайн нэг хэсэг газрыг тэр малчинд хариуцуулж өгье гэвэл үнэхээр том асуудал үүснэ. Иймд малчдын амьдралд нийцэхүйц, уламжлал болон өнөөгийн нөхцөл байдалд тохирсон зүйл заалтыг хуульд тусгах нь чухал.

-Бусад улс бэлчээрийн мал аж ахуйгаас үүдэлтэй газрын доройтол, цөлжилтийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг юм бол?

-Би Хятад улсын хилтэй ойр орших хамгийн наад захын баг, Сүхбаатар аймгийн Дэлгэрбаян сумын баг хоёрыг харьцуулж судалж байсан. Хилийн цаана бэлчээрийг нь хашчихсан байхад наад талд чөлөөтэй бэлчээр байх жишээтэй. Дөрвөн улирлын бэлчээр нь хамгийн олон давуу талтай. Яагаад гэвэл, боломж бололцоогоороо малчид нүүдэллэж, тэр хэрээр нөхөн сэргэх боломжтой байдаг. Бэлчээрийг хашаалах нь нэг талаараа зөв байж болох ч олон хүндрэл бэрхшээл, эрсдэл дагуулдаг. Жишээлбэл, 15 км- ийн цаана байгаа айлд очихын тулд 30, 40 км туулдаг гэх мэт бэрхшээл үүсдэг. Манай улс өөрийн гэсэн арга барилтай бэлчээрийн мал аж ахуйн тоо хэмжээ, арга зүй, технологийг нь алдагдуулчихсан учраас нөхцөл байдал хүндэрч, асуудал үүсээд байгаа юм.

Н.Мандах: МОНГОЛ УЛС ДНБ-ИЙ 43 ХУВИЙГ ГАЗРЫН ДОРОЙТЛЫН УЛМААС АЛДАЖ БАЙГААГ НҮБ ТОГТООСОН

Шинжлэх ухааны академийн Газар зүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилт судалгааны төвийн захирал Н.Мандахтай ярилцлаа.

-Манай улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувь нь цөлжиж, доройтоод байна вэ?

-Үндэсний үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд их, бага хэмжээгээр өртсөн байна. Үүнээс 22 хувь нь их хүчтэй доройтсон гэж үздэг.

-Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь юу вэ?

-Газрын доройтолд нөлөөлж буй гол хүчин зүйл нь дэвсгэр гадарга буюу уур амьсгалын өөрчлөлт юм. Гэхдээ Монголын хэмжээнд хийсэн судалгаагаар бид өөрсдөө дэвсгэр гадаргаа муутгах үйл ажиллагаа явуулж буйг тогтоосон. Тухайлбал, малын тоо толгойг нэмэгдүүлэх, ямар нэгэн зохицуулалтгүйгээр бэлчээр ашиглах, салаа зам бий болгох, уул уурхайн үйл ажиллагаа гэх мэтээс шалтгаалж газар ихээхэн доройтож байна. Хамгийн эрсдэлтэй нь ойн бүс дэх мал аж ахуй болон газар тариалан эрхлэлт. Газар тариалангийн зарим компани ойн захын газрыг ашигласнаар орон зайн хувьд тэлэх боломжийг хязгаарладаг.

-Цөлжилт, газрын доройтлыг бууруулахын тулд мод тарихаас гадна богино хугацаанд бодит үр дүн өгөх өөр ямар арга, шийдэл байна вэ?

-Иргэнээс шийдвэр гаргах төвшин хүртэл бүгд ийм ойлголттой байдаг. Технологийн хувьд мод тарихаас цааш хэтрэхгүй байна. Шинжлэх ухааны академийн Газар зүй- Геоэкологийн хүрээлэнд Газрын тогтвортой менежментийн технологийн арга барилын мэдээллийн сан бий. Гэтэл үүнийг хэн ч мэддэггүй. Харамсалтай нь бид иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс бид мод тарихаас цааш хэтрэхгүй байдалтай байна. Уг нь олон арга бий. Тухайлбал, хадлан авдаг хашаа барих, бэлчээр сэлгэн нүүдэллэх, усжуулалт хийхээс гадна олон настыг агаараар цацаж тарих гэх мэт манай улсад туршсан, үр дүнтэй арга бий. Үүнийг нэвтрүүлэх талд санаачилга дутаж байна.

-Эдгээр аргыг хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг юм болов уу?

-Газрын доройтол, цөлжилтийг бууруулах арга, технологид анхдагч хөрөнгө оруулалт маш их шаардлагатай. Арван га талбайд хамгийн багадаа 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр газрын тогтвортой менежменттэй, хүн бүр эдийн засгийн ашиг хүртэх чадамжтай мөртлөө байгальд ээлтэй ашиглалтыг бүрдүүлэх боломжтой. Нэг зорилго, санал санаачилгатай арван гэр бүл нийлээд ч энэ их хэмжээний мөнгийг гаргах боломжгүй. Тиймээс эдгээр өрх эсвэл томоохон компанийг санаачилгаа хэрэгжүүлэхэд төрөөс дэмжиж дэд бүтцийг нь ч болтугай бий болгох хэрэгтэй.

-Цөлжилт, газрын доройтол нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон судалгаа бий юү?

-НҮБ-аас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 43 хувийг зөвхөн цөлжилт, газрын доройтлын улмаас алдаж байгааг тогтоосон. Тиймээс бид үнэхээр ийм хэмжээнд хүрсэн эсэх, хэрэв тийм бол яг ямар салбарт алдаж байгаа, түүнийг хэрхэн сайжруулах дүгнэлтийг гаргах зорилготойгоор судалгаа хийх гэж байна. Өөрөөр хэлбэл, цөлжилт, газрын доройтлын эдийн засгийн үнэлгээг тогтооно гэсэн үг. Гэхдээ үүнд маш их хугацаа шаардлагатай л даа. Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг газрын доройтол, цөлжилтийнхөө үнэлгээтэй харьцуулан авч үзвэл 20100 он гэхэд одоо байгаа ойн бүсийн 50 хувь нь хээр, хээрийн 30 хувь нь цөл болно гэсэн тооцоо бий. Монгол Улс ой хомс орны тоонд багтдаг учраас энэ бол том эрсдэл. Ямар ч төрлийн нэг га ойгоос 100 сая ам.долларын ашигтай аж ахуйн хэлбэрийг хөгжүүлдэг учраас ой бол тухайн орны хамгийн том баялаг гэж үздэг.

-Газрын доройтлын эсрэг юуны түрүүнд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ юу байна вэ?

-НҮБ-аас зөвлөж буй зөвлөмжийн хүрээнд хамгийн түрүүнд холбогдох хууль, дүрмийг мөрдүүлэх хэрэгтэй. Эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлсэн хэдий ч түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих асуудал дутагдалтай байна. Иймд газрыг байгаль орчны төлөвлөлтөд оруулах хэрэгтэй. Газрыг хашаа байшин, компани, уул уурхайд өгдөг обьект. Тэгсэн атлаа байгалийг зөв ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаанд хуулийн хүрээнд ямар ч зохицуулалт байдаггүй. Тиймээс газрын бодлогыг БОАЖЯ, байгаль хамгаалдаг нийгэмлэгт хариуцуулах нь зүйтэй. Амьдарч байгаа газар, хүрээлэн буй орчноо хэрхэн ашиглаж амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болох вэ гэдгийг тодорхой болгож, түүнд тулгуурлан бодлогоор дэмжих, урамшууллын механизмыг бүрдүүлэх нь газрын доройтол, цөлжилтийг бууруулах гол арга юм.

-Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад иргэдийн үүрэг, оролцоо хэр нөлөөтэй вэ?

-Иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Нэг ам метр зүлэг ч Монголын бичил уур амьсгалд чухал нөлөө үзүүлдэг учраас зүлгэн дээр гишгэхгүй, хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл, хэн нэгний хаясан тамхины нэг хайрцаг, ундааны савыг хэрэв цэвэрлэхгүй бол тухайн газраас 40-50 жилд ямар ч ургамал ургахгүй. Энэ нь мал идэх ургамалгүй болж улмаар уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж, газрын доройтол бий болж байна гэсэн үг. Тэгэхээр хог хаягдал нь орчны бохирдол гэдгээр хязгаарлагдахгүй. Даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолд нөлөөлж буйг хүн бүр ойлгох хэрэгтэй.

Г.Нямсүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)