Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Архангай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Тодруулбал, тус аймгийн Батцэнгэл, Цэнхэр, Хашаат, Өгийнуур, Төвшрүүлэх зэрэг сумын нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна. Шүлхий өвчний голомтод 260 гаруй хүн, 33 пост ажиллаж байгаа бөгөөд зарим замыг хаасан байна. Цэнхэр сумын төвөөр дайрч Цэнхэрийн халуун рашаан орох замыг хаагаад байгаа аж. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаас тодрууллаа. Тэрбээр “Аймгийн төвөөс рашаан руу явах зам нээлттэй учраас жуулчдад саад гарахгүй. Энэ онд Архангай аймагт 280-аад мянган малыг вакцинжуулсан. Одоо 160 мянган хонийг вакцинжуулахаар ажиллаж байна. Шүлхийтэй байгаа сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон. Гэхдээ хүн хүч дутагдалтай, газар нутаг том, бартаа сайд ихтэй учраас хүн, малын шилжилт хөдөлгөөн гарч өвчний хүрээг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Иймд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна” гэж онцлов.

Дашрамд дурдахад шүлхий өвчин олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг. Богино хугацаанд олон төрлийн мал, амьтанд халдварладаг. Эдийн засгийн хувьд ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна.

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)