Хаврын тариалалтыг нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс 2018 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 3-наас эхлүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал  36.6  мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386  га-д тус тус тариалсан юм.

Энэ жилийн хаврын тариалалтад тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1265 аж ахуйн нэгж, иргэдийн 365.2 мянган га үр тарианы талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 74.3 хувь буюу 271.4 мянган га талбайн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байна.

2018 онд 396.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж, бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 115 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийлээ.      

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулах, тариалан эрхлэгчдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, үр тариа, төмс, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор 2016-2020 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлж, 2 дахь жилдээ хэрэгжиж байна.       

        Тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд, 21 аймаг, нийслэлийн 700 гаруй тариаланч, ногоочид, жимсчид оролцсон Улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, тариалалтын технологийн талаар харилцан санал солилцсон. Энэ үеэр Засгийн газрын “Хүнсний ногоо, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийн нээлтийг хийсэн. Мөн Сэлэнгэ, Төв, Булган, Дархан-уул, Увс, Ховд, Дорноговь аймгийн тариаланчдын зөвлөгөөнд оролцож, 2018 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав.

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой 2019 онд тохиож байгаатай холбогдуулан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлыг өрнүүлж байна. Одоогоор ажлын төлөвлөгөөг батлан гаргаж, тариаланчиддаа сурталчлан таниулан, хэрэгжилтийг хангаж байна.   

        2017 оны ургацаас гурлын үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайнд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. Түүнчлэн 2018 оны тариалалтад зориулан Тарилан эрхлэлтийг дэмжих сангаас олгох 31.8 мянган тонн үрийн буудайн үнийн хөнгөлөлтөд 7 тэрбум төгрөг зарцуулж, мөнгөн бус дэмжлэг анх удаа үзүүллээ.

ҮРИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, ШАТАХУУНЫ ТАЛААР

Тариалалтад нийт 60 мянган тонн буудайн үр шаардах тооцоо гарснаас 50.8 мянган тонн үрийг дотоодоосоо бүрдүүлсэн. Дутагдах үрийн нөөцийг нэмж бүрдүүлэхээр төсвийн болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр 5.9 мянган мянган тонн элит, 2.1 мянган тонн сортын үр, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 2.0 мянган тонн үр нийтдээ 10 мянган тонн үрийн буудайг импортоор  нийлүүлж, үрийн нөөцийг 100 хувь бүрдүүлэв. 

        2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан, тариалалтад зориулан олгох импортын элит үрийн худалдах үнийг 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр  тус тус тогтоосон юм.  Үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусад аймагт 30 хувийн урьдчилгаатай зээлээр олголоо. Ийнхүү 600 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 29.5 мянган тонн үрийн буудайг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор тариалалтын ажил эрчимжсэн.  

Түүнчлэн төмсний 8 сортын 35 мянган тонн үрийн нөөц бүрдүүлж, үрийн шинэчлэл хийж, хүнсний ногооны 14 нэр төрлийн 23 тонн үр нийлүүлэн, өрхийн тариаланчдад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан үнэгүй олгож, дэмжлэг үзүүллээ. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний талбайн хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор 123 тонн эрдэс бороо, хүлэмжийн тариалан эрхлэгчдэд зориулан, 70 000 м2 нийлэг хальсан хучлага, 230 ширхэг гар үрлэгчийг ногоочдод хөнгөлөлттэй үнээр олгосон юм.  

        Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор ТЭДС-гаар дамжуулан 6.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3.4 сая литр шатахууныг орон нутгийн шатахуун түгээх станцуудаар дамжуулан бөөний үнийг 1720-1800 төгрөг, жижиглэнг 1949-2080 төгрөгөөр тус тус тооцож, 700 орчим аж ахуйн нэгж, иргэдэд 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүллээ.

ТЕХНИК ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР

Тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 ажиллаж, тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв.

        БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 24.5 сая ам.долларын хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ОХУ, ХБНГУ, Беларусь Улсад үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахад зориулж, тухайн улсуудын холбогдох банкнаас хөнгөлөлттэй зээл авахаар хэлэлцээр хийж байна.

БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төслийн 3.2 сая еврогийн хөрөнгөөр төмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн зориулалттай 11 нэр төрлийн 544 ширхэг техникийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Улсын төсвийн 334 сая төгрөгийн хөрөнгөөр төмс үйлдвэрлэлийн зориулалттай 15 иж бүрдэл техник нийлүүлж, ногоочдод 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, 5 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

        “Орос-Монголын санаачилга” цуврал арга хэмжээний хүрээнд ХАА-н үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй дэвшилтэт техникийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Үзэсгэлэнд 15 ААН оролцож, хөдөө аж ахуйн зориулалттай 41 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж танилцуулсан.

УСАЛГААТАЙ ТАРИАЛАН, УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТАЛААР

Улсын төсвийн 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад хүнсний ногоо, тэжээлийн таримлын чиглэлээр услалтын систем байгуулахаар сонгон шалгаруулалтыг орон нутагтай хамтран зохион байгуулж байна. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд 1100 га талбайд услах хүчин чадал бүхий үр тарианы усалгааны тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр санхүүжилтийг шийдвэрлэлээ. 

        Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, услалтын систем барих, усалгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх төслийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн 10 сумын усалгаатай тариалан эрхлэлт, услалтын системийн ашиглалтын байдалд судалгаа хийж, дүгнэлт гаргаад байна.     

Түүнчлэн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан үр ариутгалын бодис 13.8 тонн, ургамал ургалтын болон уринш боловсруулалтын үед хэрэглэх бодис 480.4 тонн, нийлмэл бордоо 2020 тонн, гумины бордоо 184 тонныг тус тус нийлүүлж, давхардсан тоогоор 514 иргэн, аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай  зээлээр олгосон.

        Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг мал8 амьтнаас хамгаалах зорилгоор талбайг хашаажуулахаар эхний ээлжинд аймгуудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийт 430.5 км хашаа барих нээлттэй худалдан авах ажиллагаа зарлаад байна.

Тариалангийн талбайг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах, чийг хуримтлуулах, хөрсний бүтцийг тогтвортойгоор сайжруулах зорилгоор хашаалсан талбайд ойн зурвас байгуулахаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгчийг сонгохоор ажиллаж байна.  

ЖИМС ЖИМСГЭНЭ, ХҮЛЭМЖ, ЗООРЬ АГУУЛАХЫН ТАЛААР

"Жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд нийт 166 га талбайд тариалах 211 мянган ширхэг чацаргана, үхрийн нүд, алим, чавганы суулгацыг нийлүүлж, 10 хувийн урьдчилгаатай, 6 жилийн хүүгүй зээлээр олгож байна. Хөтөлбөрийн хүрээнд 5 га-ийн 20 иж бүрдэл дуслын усалгааны төхөөрөмж, 720 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож байгаа юм.

        Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслөөр алим, чавга, үхрийн нүд, далан хальс, интоор, чацаргана зэрэг хүйтэнд тэсвэртэй жимсний 30 гаруй сортын 3300 ширхэг суулгацыг ОХУ-аас импортоор авч туршиж, нутагшуулах ажлыг эхлүүллээ.

Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулан, 2019-2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Урьдчилан тооцож байгаагаар төмс, хүнсний ногооны хадгалах хүчин чадлыг 30 гаруй мянган тонноор нэмэгдүүлэх боломжтой.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт 400 сая, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт тус бүр 100 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний ногооны зоорь байгуулахаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

        Мөн БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд Төв аймагт төмсний цардуулын үйлдвэр байгуулах, зургаан аймагт 3.3 мянган тоннын багтаамжтай механикжсан зоорь байгуулах сонгон шалгаруулалт зарлаад байна.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

- "Артын III аян"-ыг үргэжлүүлэх зорилтын хүрээнд газар тариалангийн түүхэн ой угтсан “Атар-60” хоёр жилийн бүтээлч ажлын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинээр батлагдсан “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулна.

- Газар тариалангийн бүс нутгийг тогтоосонтой холбогдуулан, хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлнэ.

- Таримлын зохистой сэлгээ нэвтрүүлж, нэр төрлийг нэмэгдүүлэн, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах замаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг зохистойгоор хослон эрхлэх боломж бүрдүүлнэ.

- Үр үржүүлэг, сорт сорилтын салбарын үйл ажиллагааг шинэчлэн, таримал ургамлын үрийн чанар, хангамжийг сайжруулна.

- Тариалангийн салбарт ОХУ, БНХАУ, ХНБГУ, Беларусь, Польш улсын техник, тоног төхөөрөмжийг сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, өндөр хүчин чадлын техникийн шинэчлэлийг 80 хувьд, дунд болон бага механикжуулалтын түвшинг 60 хувьд  хүргэнэ.

- Тэг болон цомхотгосон эрдэншүүлгийг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлж, тариалангийн талбайг хашаажуулах улмаар ойн зурвас байгуулна.

- Усалгаатай тариалангийн талбайн хэмжээг 80.0 мянган га-д хүргэж, ашиглалтыг сайжруулан, нэгжээс хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, тогтворжуулах, байгалиас хараат байдлыг бууруулахыг зорьж байна.

- Тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулан, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нутагшуулах болно.

Эх сурвалж: ХХААХҮЯам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)