Өмнөговь аймгийн нийт нутгийн 85 хувь нь гантай байна
- 2018-07-03
- Орон нутаг
- 0
Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт 5819 малчин өрхөд 2,9 сая толгой мал зусаж, нийт нутгийн 15 хувь нь дунд зэрэг, 85 хувь нь гантай байна. Бага зэргийн хур тунадас зарим газраар орсон хэдий ч бэлчээрийн гарц нэмэгдэхгүй байна. Аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь буюу баруун, урд, зүүн урд талын сумдын нутгаар хаваржилт, зуншлага хүнд байгаагийн улмаас малын хорогдол нэмэгдэж, нийт малын 1,4 хувь буюу 37,0 мянга толгой мал хорогдоод байна. Үүнээс өвчнөөр 597 мал хорогдсон. Отор нүүүдлийн бөөгнөрөлтэй холбоотойгоор аймгаас Ханхонгор сумын Мандах багийн Тэсэг гүн, Булган сумын Дал багийн Цагаан толгойн худгуудыг засварлан ашиглалтад оруулаад байна.
Төрийн үйлчилгээний хөдөлгөөнт багийг отрын төвлөрөл их байгаа Ханхонгор сумын Мандах баг, Баяндалай сумын Баян багийн Марзын гол, Булган сумын Хавцгайт баг, Булагтай зэрэг газруудад зохион байгуулж 200 гаруй малчдад төрийн үйлчилгээг хүргэж ажилласан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 15 сумын 29 газарт инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 21 инженерийн хийцтэй худгийн сэргээн засварлахаар ажлууд эхлээд байна.
Үүний дүнд 43,5 мянга га бэлчээрийг шинээр усжуулж, 144 өрхийн 113,2 мянга толгой мал усаар ойрхон усаар хангагдана. Дундговь аймгийн Өлзийт, Хулд, Өндөршил, Дэлгэрхангай сумд, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг сумдад өөрийн аймгийн 9 сумын 113 өрхийн 353 хүн 140.0 мянга гаруй тоо толгой мал сүрэг оторлож байна.
Б.Тогтох
Сэтгэгдэл (0)