Алт олборлохын тулд нутгийн иргэдэд 100 сая төгрөг амласан гэв
- 2018-07-04
- Байгаль орчин
- 0
“Загийн голоо аварья” ТББ-ын тэргүүн Л.Энхсайхан “Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нь Баянхонгор аймгийн Заг сумын “Эх булаг” хэмээх газарт алт олборлохын тулд нутгийн иргэдэд 100 сая төгрөг амлан, газар нутгаа худалдахыг ятгаж байна” хэмээн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэв.
Тэрбээр, “Д.Эрдэнэбилэгийн 99 хувийн хувьцаа эзэмшдэг “Централ Эшиа Майнинг” ХХК Заг сумын Баянбулаг багийн иргэдэд мөнгө өгнө хэмээн 27 дахь удаагаа амласан. Бид 6кг алтны үнээр төрсөн нутгаа худалдахгүй гэдгээ мэдэгдэж байна. Харин Д.Эрдэнэбилэг танд малчин бид 100 хонь бэлэглэе, наад үйл ажиллагаагаа зогсоо. Хэрэв алт олборлохыг завдвал тэмцлийн хэлбэр улам ширүүснэ гэдгийг анхааруулж байна” гэв.
“Ардын заргын товчоо”, “Загийн голоо аваръя”, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ хамтран зохион байгуулж буй уг хурлын үеэр “Централ Эшиа Майнинг” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрээр 411 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, алт олборлохын тулд нутгийн иргэдэд удаа дараа заналхийлж байна. Энэ асуудлаар Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Уул уурхай, хүнд үйлдвэр, БОАЖЯ-нд хэд хэдэн удаа хандсан ч өөрчлөлт гарсангүй. “Эх булаг”-т орших Загийн гол нь Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан сумдын хүн малыг ундаалахаас гадна говийн ганц нуур болох Бөөнцагаан нуурыг тэтгэдэг. Нутгийн иргэд бидэнд уух ус, үр ач нартаа үлдээх үзэсгэлэнт нутаг минь хэрэгтэй болохоос алт огтхон ч хэрэггүй гэж “Ардын заргын товчоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Зоригтбаатар хэллээ.
Б.Тогтох
Сэтгэгдэл (0)