Архангай руу явах маршрут өөрчлөгдлөө
- 2018-07-06
- Орон нутаг
- 0
Архангай аймагт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор тус аймагт улсын баяр наадам тэмдэглэх өдрүүдэд өөрчлөлт оруулаад байгаа билээ. Үүний зэрэгцээ тус аймаг руу зорчих аяллын маршрутад өөрчлөлт оруулж шинэчилсэн байна.
Тус аймгийн Хашаат суманд хэд хоногийн өмнө шүлхий өвчний голомт нэмж бүртгэгдсэнтэй холбоотойгоор сумын төв, Хөшөө цайдамын музей, бааз хорио цээрийн бүсэд орсон учраас аяллын маршрутаас хасагджээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Булган аймгаас орж ирсэн машинаас үүсэлтэйгээр Архангай аймгийн Өгийнуур, Хотонтод шүлхий гарч даамжран Ихтамир суманд гарсан байна. Тавдугаар сарын сүүл гэхэд бүрэн вакцинжуулж, шүлхий өвчнийг дарж, хорио цээрийн дэглэмээ цуцалтал шүлхий өвчин дахин хонинд гарчээ. Түүний улмаас зургадугаар сарын эхээр дахин хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж буй юм байна.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед Архангай аймгийн Өгийнуураас Хашаат, Төвшрүүлэхийн Хөх сүм рүү айл оторлосноос болж дээрх сумдад хонины шүлхий өвчний голомтууд бий болжээ. Мөн Цэнхэр сумын Хүрэлхүү гэж айл Өгийнуур сумын шүлхийний голомтоос 100 эм хонь худалдаж аваачсанаас болж Цэнхэр суманд энэ өвчний голомт нэмэгдсэн байна.
Зургадугаар сарын 26-ны байдлаар, тус аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт сумдад шүлхий өвчний голомтууд бий болжээ. Одоогийн байдлаар тус аймгийн хэмжээнд 260 гаруй хүн, 33 пост ажиллаж байгаа аж. Вакцинжуулалтыг аймгийнхаа гаднаас дотогш нь хумих чиглэлээр хийж байгаа аж.
Б.Тогтох
Сэтгэгдэл (0)