Н.Ургамалсувд: Ирэх онд хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70%-иар тогтоохоор болсон
- 2018-07-07
- Эдийн засаг
- 1
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолын дагуу 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй аж. Энэ талаар Монголбанкны мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.
- Иргэдийн өр, орлогын харьцааны дээд хэмжээг 70 хувьд хязгаарлана гэдгийг тайлбарлана уу?
- 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолын дагуу 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэсэн үг. Жишээлбэл, хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Хэрвээ тус зээлдэгч өмнө нь авсан зээлийн төлбөрт сар бүр 200,000 төгрөгийг төлдөг бол шинээр авах хэрэглээний зээлийн сарын нийт төлбөрийг 150,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй хэмжээнд зээлийн хэмжээг тодорхойлно. Ингэснээр тус зээлдэгч татварын дараах орлогынхоо хамгийн багадаа 30 хувь буюу үлдсэн 150,000 төгрөгийг өөрийн амьжиргаа болон бусад хэрэгцээндээ зарцуулахаар авч үлдэх ёстой.
- Энэ бодлогын арга хэмжээний гол зорилго, ач холбогдол нь юу вэ?
- Энэ нь нэг талаас эдийн засгийн нөгөө талаас хэрэглэгчийг хамгаалах зорилготой. Эдийн засгийн агуулга нь иргэдийг өрийн дарамтанд оруулахаас сэргийлэх, мөн иргэдийн зээл рүү чиглэсэн зээлийн эх үүсвэрийг бизнесийн зээл рүү чиглүүлэх. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, иргэд өрөөр биш ажил эрхэлсэн орлогын өсөлтөөрөө хэрэглээгээ нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх алсын зорилготой. Өрөөр өнөөдрийн хэрэглээгээ санхүүжүүлэх үйл явц даамжирвал ирээдүйн орлогоосоо өрөө төлөх тул ирээдүйн хэрэглээнд нь сөрөг нөлөөтэй байдаг.
Нөгөө талаас Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр иргэдийн сарын дундаж нэрлэсэн цалин 998,400 төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгавал цэвэр орлого дунджаар 811,386 төгрөгтэй тэнцэнэ.
Харин амьжиргааны баталгаажих доод түвшин 198,600 төгрөг байгаа бөгөөд энэ нь 811 мянган төгрөгийн 24.5 хувийг эзэлж байна. Иймд иргэд цалин, тэтгэвэр гэх мэт тогтмол орлогоо барьцаалж зээл авсан тохиолдолд зээлийн сарын төлбөр нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дараах орлогын 75.5 хувиас хэтэрвэл наад захын амьжиргааны зарлагаа танах эсвэл нэмж зээл авах, зээлээ сунгах шаардлагатай болох тул өрхийн өрийн дарамт нэмэгдэх, зээлгүйгээр амьдрах боломжгүй болж өрийн торонд орж, түүнээс гарч чадахгүй байх эрсдэл нэмэгдэнэ. Дээрх тооцоог 4 ам бүлтэй, 2 хүний цалингийн орлоготой өрхийн хувьд хийхэд зээлийн сарын төлбөр нь өрхийн орлогын 49 хувиас хэтэрвэл өдөр тутмын зайлшгүй хэрэглээгээ санхүүжүүлэх боломжгүй болж байна.
Иймд дээр дурдсанчлан өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоосноор зээлдэгч нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах орлогыг өөртөө авч үлдэх шаардлагыг тавьж байгаа нь тэднийг хамгаалж буй хэрэг юм.
- Одоогоор иргэдийн зээлийн хамгийн дээд хэмжээ хэд байгаа вэ?
- Иргэдийн орон сууцны бус хэрэглээний шинжтэй зээлийн хэмжээ банкуудын нийт зээлийн багцын 23.4 хувь буюу 3.9 их наяд төгрөг. Цалин, тэтгэвэр зэрэг иргэдийн тогтмол орлогыг барьцаалсан хэрэглээний зээлийн хувьд зээлийн сарын төлбөр нь иргэдийн нэрлэсэн орлогын тодорхой хувиас давахгүй байхаар банкууд өөрийн дотоод журамдаа тусгадаг хэдий ч үүнийг тогтмол нэмэгдүүлэх чиглэлд өөрчилж байна. Зээлтэй иргэд сард дунджаар татварын дараах орлогынхоо 69 хувийг зээлийн төлбөрт төлж байна.
Мөн банкууд шинэ харилцагч татах, хуучин харилцагчаа хадгалахын тулд иргэдийн өрийн дарамтыг харгалзан үзэхээс илүүтэй зээлийн хэмжээг нэмэхийг л илүүд үзэж байна. Тухайлбал, тэтгэврийн зээлийг зарим тохиолдолд зээлдэгчийн сарын орлогын 100 хувьд тааруулан олгож байна. 2018 оны 5 дугаар сард банкуудаас ирүүлсэн мэдээгээр нийт тэтгэврийн зээлийн 68 хувийг авсан ахмад настангууд сарын тэтгэврийн орлогынхоо 90-100 хувийг банкны зээлийн төлбөрт суутгуулж тэтгэврийнхээ 10 хүрэхгүй хувийг, заримдаа гар дээрээ авахгүй байна.
Цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээлтэй иргэд сард дунджаар татварын дараах орлогынхоо 69 хувийг зээлийн төлбөрт төлж байна. Өндөр зээлтэй иргэдийн хувьд энэ үзүүлэлт дунджаар 76 хувьтай байна. Ийм учраас Монголбанк зохицуулагч байгууллагын хувьд арга хэмжээ авахаас өөр аргагүй.
- Тухайлбал сая хүртэлх төгрөгний цалинтай хүн хэр хэмжээний зээл авах боломжтой вэ?
- Татварын өмнөх цалингийн орлого нь 1 сая төгрөг байвал түүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хасахад тухайн зээлдэгчийн татварын дараах орлого нь ойролцоогоор 812,000 төгрөг болно. Өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоосон тул тухайн зээлдэгчийн зээлийн сарын төлбөр нь 812,000 төгрөгийн 70 хувь буюу 568,400 төгрөгөөс хэтэрч болохгүй.
Хэрвээ уг зээлдэгч нь өмнө нь авсан өөр зээлгүй, цалингийн зээлийн хүү нь сарын 2%, хугацаа нь 24 сар, сард төлөх зээлийн нийт төлбөр нь 568,400 төгрөгөөс хэтрэхгүй, зээлдэгч сар бүр тогтмол төлөлт хийх хуваарьтай гэвэл хамгийн ихдээ 10,750,000 төгрөгийн зээл авах боломжтой. Мэдээж зээлийн хүү, хугацаа, сард төлөх хуваарь нь тогтмол байх эсэх, мөн зээлдэгч нь өөр зээлтэй эсэхээс хамаарч дээрх дүн өөрчлөгдөнө.
- Одоо зээлтэй байгаа хүмүүст хамааралтай юу?
- Одоо зээлтэй байгаа хүнд хамаарахгүй. Анх зээл авахад банктай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө үргэлжлүүлэн төлнө. Гэхдээ хэрвээ 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр зээл авах, одоо байгаа хэрэглээний зээлийнхээ нөхцөлийг өөрчлөх тохиолдолд тогтоосон харьцааг мөрдөнө. Түүнчлэн одоо байгаа зээл дээрээ нэмж хэрэглээний зээл авахаар хүсэлт гаргавал шинээр авах зээлийн сарын төлбөр болон өмнө аваад төлж буй зээлийн сарын төлбөрүүдийн нийлбэр нь тухайн зээлдэгчийн татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй.
- Хэрэгжиж эхлэх хугацааг хойш тавихаар банкууд урьдаад хэрэглээний зээлээ ихээр нэмэгдүүлэх байх гэсэн болгоомжлол байна. Энэ талаар?
- Ийм зүйл гарч болзошгүй. Гэхдээ мөнгөний бодлогын хорооны хурал дээр хэрэглээний зээлийн эрсдлийн жинг нэмэгдүүлэх тухай хувилбар бас яригдсан. Энэ бол хэрэгслүүдийн хувьд байж болох сонголт юм. Банкууд таны хэлсэн үйл хөдлөл хийвэл ирээдүйд өөрийн хөрөнгө талдаа илүү зардал үүрэх эрсдэлтэй. Банкууд хугацаа олгож байгаа нь шок үүсгэхийг хүсээгүй бөгөөд бизнесийн стратегиа аажмаар өөрчлөх цаг хугацааны орон зай өгч байгаа юм.
- Нийт зээлийн 23 хувь нь хэрэглээний зээл гэсэн. Хэдэн хувиас давбал инфляци, мөнгөний бодлого болон макро түвшинд нөлөө үзүүлдэг вэ?
- Одоогийн байдлаар өрхийн өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа нь 34 хувь, үүний тал хувийг хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байна. Эдийн засаг өсч байсан 2011, 2012 онтой харьцуулахад энэ нь 2 дахин өсөөд байна. Өрхийн өр нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь хурдтай өсч буй хэрэглээний зээл болоод байна. Банкны системийн хэмжээнд 2018 оны I улирлын байдлаар нийт зээл 11.4 хувиар, үүнээс бизнесийн зээл 1.9 хувиар, хэрэглээний зээл 47.3 хувиар өссөн.
Хэрэглээний зээлийг дагаад өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өсч 9.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын нийт зээлийн 57.6 хувийг, үүнээс хэрэглээний зээл нь 23 хувийг бүрдүүлж байна. Мөн хэрэглээний шинжтэй импорт 1 дүгээр улирлын байдлаар өнгөрсөн оноос 28 хувиар өссөн.
Харин бизнесийн салбарын зээлийн өсөлт сүүлийн 9 улирлын туршид дунджаар 1.5 хувьтай байж байгаад 5 сарын байдлаар 5 орчим хувь болж өсч эхэлж байна. Бизнесийн зээл дорвитой өсөхгүй, зөвхөн хэрэглээний зээлд банкуудын зээлийн эх үүсвэр зарцуулагдах нь цаашид ажлын байр, иргэдийн орлого дорвитой нэмэгдэхгүй байх, төлбөрийн тэнцэл, өрийн дарамт нэмэгдэх, санхүүгийн салбарт зээлийн чанар муудах эрсдэл хуримтлагдах, эдийн засаг шокт өртсөн тохиолдолд сэргэлт удаан болох гэх зэрэг сөрөг үр дагаврууд үүснэ.
Улс орнуудын түвшинд хийгдсэн судалгаагаар өрхийн өр нэмэгдсэнээр дунд хугацаандаа буюу 3 орчим жилийн дараанаас нийт хэрэглээг бууруулах замаар эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Манай улсын хувьд өрхийн өрийн одоогийн түвшин нь дунд урт хугацааны эдийн засгийн өсөлтийн өсөлтийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх түвшинд хүрсэн гэсэн судалгааны дүгнэлт гарсан.
- Ер нь хувь хүний өр орлогын харьцааг Монголбанкнаас тогтоох хууль тогтоомж байдаг уу?
- Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монголбанк мөнгөний бодлогын хэрэгжилт болон банк, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг тодорхойлж, үнэлэн түүнээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор макро зохистой бодлогыг боловсруулж, банкны зохистой харьцааны хэрэгслийг ашиглан хэрэгжүүлдэг. Монголбанк өмнө нь 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журмыг боловсруулж зээлдэгчийн өр, орлогын харьцаа нь татварын өмнөх орлогын 45 хувиас илүүгүй байхаар хязгаарлаж байсан.
- Хэрэглээний зээлээр жижиг бизнесээ тэтгэдэг олон хүн бий. Энэ хүмүүст хязгаарлалт тогтоочихож байгаа юм биш үү?
- Бизнестээ хөрөнгө оруулах зорилготой бол банкнаас жижиг, дунд бизнесийн зээл авч үйл ажиллагаандаа ашиглах нь зээлдэгчид илүү оновчтой хувилбар болно. Хэрэглээнд зориулагдсан эргэн төлөлтийн нөхцөлтэй зээлийн оронд зээлийн нөхцөл, эргэн төлөх хуваарь нь бизнесийн орлого, зарлагын хуваарьт нийцтэй, бизнесийн зориулалттай зээлийг авах нь тухайн иргэний санхүүгийн нөхцөл байдалд илүү зохимжтой.
Банкуудын шинээр олгох хэрэглээний зээл хязгаарлагдаж эхлэхээр, эргээд бизнесийн зээлийг түлхүү олгож эхэлнэ гэж бид үзэж байгаа.
Түүнчлэн бизнесийн зээлийн нийлүүлэлт нэмэгдэхээр банкуудын бизнесийн зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгдэж, хүү ч буурна гэсэн хүлээлт байна.
- Иргэдийн хэрэглээний зээл өссөнөөрөө улс орны эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлж байсан бэ? Өмнө нь ийм байдал ажиглагдаж байсан уу?
- Монгол улсын эдийн засаг хурдтай өсч байсан 2011-2012 онуудад хэрэглээний зээл жилд дунджаар 83 хувиар өсч, зарим улиралд өсөлт нь 145 хувьд хүрч байсан. Энэ нь нэг талаас уул уурхайн салбарыг чиглэсэн гадны хөрөнгө оруулалтын нөлөөгөөр банкуудын зээлийн эх үүсвэр тэлж, иргэдийн тогтмол орлогыг барьцаалсан хэрэглээний зээлийг хурдтай нэмэгдүүлж байсантай холбоотой. Түүхий эдийн үнэ буурч, манай улсын гадаад эрэлт агшсан дараагийн жилүүдэд иргэдийн орлого хүлээж байсан хэмжээнд хүрч өсөөгүй тул иргэд хэрэглээгээ танаж, ДНБ-ний 60 орчим хувийг бүрдүүлдэг өрхийн хэрэглээний өсөлт саарч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж эхэлсэн.
Дүгнээд хэлэхэд гадаад эрэлтийн нөлөөгөөр манай улсын эдийн засаг сэргэж байх үед хэрэглээний зээл өсч, өрхийн хэрэглээ нэмэгдснээр санхүүгийн салбарт үүссэн халалт нь макро эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлж, улмаар хэт халалт үүсэх нөхцөлийг бүрдүүлж байсан бол гадаад эрэлт эргээд муудах үед иргэд хэрэглээгээ танаж гадаад сөрөг шокын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөг улам даамжруулж, түүнийг дагаад салбаруудын зээлийн чанар муудаж улмаар эдийн засаг, банк санхүүгийн хямралыг гүнзгийрүүлдэг нь Монгол улсын эдийн засагт ажиглагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (1)
(103.57.95.211)
ARGA YADSAN UED ZEEL AV